Дэлхий нийтээр..
Мөнгө угаахтай тэмцэх зах зээл 2025 онд 1.99 тэрбум доллараар үнэлэгдэнэ
Дэлхийн мөнгө угаахтай тэмцэх зах зээлийн хэмжээ 2025 он гэхэд 1.99 тэрбум долларт хүрч, 2019-2025 оны урьдчилсан тооцоотой харьцуулахад жилийн өсөлтийн түвшин 13.6% болох таамаглалыг Миллион инсайтс байгууллагын гаргасан тайланд дурджээ. Хууль сахиулах үйл ажиллагаатай хавсаруулсан нөхцөлд мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаа ба тиймээс авлигачид, гэмт хэрэгтнүүд хууль бус хөрөнгийнхөө эх үүсвэрийг нуун дарагдуулахад ихээхэн анхаарал хандуулж байна.
Терроризм, авлига, зохион байгуулалттай гэмт хэрэг нэмэгдэж, дэлхийн аюулгүй байдал, энх тайван, хөгжилд сөргөөр нөлөөлж байгаагийн улмаас засгийн газрын зүгээс цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх болсон. Тиймээс засгийн газраас тогтоосон хэм хэмжээг хангахын тулд аж ахуйн нэгжүүд мөнгө угаах, залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх шийдлийг гаргах шаардлага тулгарсан. Тухайлбал, авлигачид болон цахим гэмт хэрэгтнүүдийн үйл ажиллагааг хянах журмыг боловсруулж, хууль бус орлого олсон хөрөнгийг нуух эсвэл хөрвүүлэхийг багасгахад туслахаар төлөвлөж байна.
Мөнгө угаахтай тэмцэх арга хэмжээнүүд нь мөнгө угаах аливаа гүйлгээ болон нэрээ нууцалсан гүйлгээ хийх эрсдэлийг бууруулахад засгийн газарт тусалдаг. Энэхүү арга хэмжээ нь хүний наймаа, хүн хил дамжуулан худалдаалах хэрэг, хар тамхины наймаа, хар тамхи хил давуулах гэмт хэрэг гэх мэт мөнгөнд суурилсан үйл ажиллагааг бууруулдаг. Түүнчлэн мөнгө угаахтай тэмцэх арга хэмжээ нь хил дамнасан гүйлгээ, цахим валютаар хийгдэх авлигад тулгарах аюулыг ч мөн бууруулдаг.
Онлайн банкны платформ, P2P арилжаа, онлайн төлбөрийн вэбсайт зэрэг дэвшилтэт технологи гарч ирсэнтэй холбогдуулан сүүлийн хэдхэн жилд дэлхий даяар цахим гүйлгээний тоо өссөн байна. Эдгээр хөгжил дэвшлийн улмаас хоёр талын хооронд мөнгө шилжүүлэхэд хялбар болсон боловч энэ байдал нь хууль бусаар мөнгө шилжүүлэх янз бүрийн арга замыг тодорхойлох, илрүүлэхэд илүү төвөгтэй байдал үүсгэсэн. Түүнчлэн гэмт хэрэгтнүүд прокси сервер эсвэл нэрээ нууцлах програм ашиглан IP хаяггүйгээр мөнгө шилжүүлж эсвэл татан авч байна. Тиймээс мөнгө угаах гэмт хэргийг мөрдөх, илрүүлэх нь маш хэцүү болж байгаа юм.
Санхүүгийн байгууллага болон бизнес эрхлэгчдийг дээрх аюулаас хамгаалахын тулд томоохон улс орнууд мөнгө угаахтай тэмцэх шаардлагыг санхүүгийн байгууллагууд хэрэгжүүлэхийг шаардсан.
Үүнээс гадна олон засгийн газар санхүүгийн гэмт хэргийг мэдээлэх, илрүүлэхэд финтек (FinTech) арга замыг ашиглахад анхаарах болсон. Санхүүгийн гэмт хэрэг, хууль бус худалдааны үйл ажиллагааны давтамж нэмэгдэж байгаатай холбогдуулан хуучин арга замаар аюулгүй байдлыг хангах боломжгүй гэж үзсэн тул аж ахуйн нэгжүүд дэвшилтэт технологийг нэвтрүүлж байна.
Түүнчлэн дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр мэдээллийн аюулгүй байдал болон санхүүгийн үйл ажиллагааны ил тод байдал улам бүр нэмэгдсэн. Тиймээс ухаалаг гар утас, биометрик, зан үйлийн анализ зэрэг технологи нь мөнгө угаахтай тэмцэх зах зээлийг ойрын хэдэн жилд нэмэгдүүлэх хандлагатай байна.
Эх сурвалж: prnewswire.co.uk
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2024/06/14
Иргэд үл хөдлөх хөрөнгөө нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлж эхэллээ
-
Үйл явдал2025/03/17
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
-
Үйл явдал2023/12/13
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2026/03/09
КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээн...
