Дэлхий нийтээр..
“Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын жишигт хүргэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням нар “Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог Олон Улсын жишигт хүргэх нь” хэлэлцүүлгийг 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, БСШУСБХ-ны дарга Ж.Мөнхбат, Н.Алтанхуяг нарын гишүүд, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх С.Ламбаа болон холбогдох албаны хүмүүс болон АНУ, Европын холбоо, ХБНГУ, ИБУИНВУ, БНЭУ, Япон Улсын Элчин сайдууд оролцлоо. Мөн ЕБС, их дээд сургууль, МСҮТ-ийн төлөөллүүд оролцон тулгамдаж буй асуудлаар байр сууриа илэрхийлж, шийдвэрлэх арга замын талаар санал солилцов.
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам удирдан явуулж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Монгол Улсын ЕБС дахь тулгамдсан зарим асуудал”, БСШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Монгол Улсын ЕБ-ын сургалтын хөтөлбөрийн тогтолцоонд өөрчлөлт оруулах оролдлогууд, өнөөгийн нөхцөл байдал”, БСШУЯ-ны харьяа “Шинэ эрин” лаборатори сургуулийн захирал Б.Амартүвшин “Олон Улсын хөтөлбөрийг Монгол Улсад нутагшуулсан туршлага, ололт амжилт”, МУБИС-ийн сургалт эрхэлсэн Дэд захирал Х.Тамир “Монгол Улсад багш бэлтгэх тогтолцооны өнөөгийн байдал”, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филип Малон “Кембриджийн хөтөлбөр, түүний зорилго, Олон Улс дахь хэрэгжилт” зэрэг сэдвээр илтгэл тавив. Хэлэлцүүлэгт оролцогчид илтгэлийн талаар мэтгэлцээн өрнүүлж, үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын жишигт хүргэх асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.

“Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” цуврал хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нар анх санаачлан 2020 оны есдүгээр сарын 04-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулсан. Удаах хэлэлцүүлгийг есдүгээр сарын 24-ний өдөр “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь Англи хэлний сургалт” сэдвээр зохион байгуулсан. Тэгвэл гурав дахь удаагийн хэлэлцүүлгийг УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог Олон Улсын жишигт хүргэх нь” сэдвийн хүрээнд ийнхүү зохион байгуулав.

Уг хэлэлцүүлгийг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын түвшинд хүргэх асуудлыг авч үзэхдээ монгол үндэсний уламжлал, нүүдлийн соёл иргэншил, монгол хүүхдүүдийн мал маллагаа, соёл ахуйтайгаа уялдсан, гэр бүлийн хүрээнд олж авдаг мэдлэг, хүмүүжил, өөрийн орны байгаль цаг уурын хийгээд нутаг дэвсгэрийн байршлын, түүнчлэн монгол хүний оюуны онцлог зэргийг сайтар бодолцсон, эдгээртэй нягт уялдсан байх шаардлагатай гэж үзэж байна. Олон улсын хөтөлбөр хэрэглэнэ гэдэг нь үндэсний хөтөлбөргүй байна гэсэн үг биш. Аль алиныг нь хэрэглэх тухай юм.
Олон улсын хөтөлбөр хэрэглэснээр бусад улс орноос хоцрогдоогүй гэдгээ мэдэх давуу талтай. Үнэлгээгээр манай суурь боловсрол эзэмшигчид олон улсын стандартад хүрч байгаа эсэхийг харуулах юм гэдгийг онцоллоо. Мөн боловсролын дөрвөн тулгуур зарчмыг шинээр тайлбарлаж, хамгаалах нь чухал болохыг эшлээд УИХ-аас эрдэмтдийн санал, санаачилгыг дэмжин Ерөнхий боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх, дэлхийн түвшинд хүргэх эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэдгийг тодотголоо.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2021/01/05
Баяр, амралтын өдрүүдээр аюулт үзэгдэл, ослын дуудлага 27,2 хувиар буурчээ
-
Дэлхий нийтээр..2025/11/25
Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг да...
-
Үйл явдал2025/01/24
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Дэлхий нийтээр..2021/11/12
Улсын Драмын Эрдмийн Театрыг “Хангарди” одонгоор шагналаа
