Дэлхий нийтээр..
Бизнес дэх хээл хахуулийн нөлөөллийн талаарх судалгаа
Кембрижийн Бизнесийн сургуулийн профессор Рагу Рау болон бусад судлаачдын хамтран явуулсан судалгаагаар хээл хахуульд зарцуулсан 1 доллар нь хээл хахууль өгсөн компанийн үнэ цэнийг 6-9 доллароор өсгөх хамаарал байгааг тогтоосон бөгөөд уг судалгаа нь хээл хахуулийн талаарх нийтлэг итгэл үнэмшилд эргэлзээ төрүүлээд байна.
Хээл хахууль бол дэлхийн улс орнууд болон компаниудын анхаарлын төвд байдаг нэгэн чухал асуудал. Сүүлийн жилүүдэд Сименс, ВАе систем, Локхид Мартин, Халлибуртон зэрэг үндэстэн дамнасан томоохон компаниуд төрийн албан хаагчдад хээл хахууль өгсөн талаарх мэдээллүүд гарсан. Улмаар тухайн компаниуд ихээхэн хэмжээний торгууль төлөх тохиролцоонд хүрч холбогдох хэргийг шийдвэрлэж байна.
Гэвч компаниуд хээл хахуулиас олох үр ашгийг юу тодорхойлдог вэ?
Энэ судалгаагаар хээл хахуулийн хэмжээ болон компанийн авах үр ашгийн хоорондын хамаарлыг тогтоох зорилгоор сүүлийн 40 гаруй жилд ил болсон 200 орчим хэргийг судалж үзэхэд хээл хахуульд өгсөн 1 доллар нь тухайн компанийн зах зээлийн үнэлгээг 6-9 доллароор нэмэгдүүлсэн дүнтэй байна. Энэхүү дүгнэлт нь зарим нийтлэг итгэл үнэмшлийг үгүйсгэж, мөн хээл хахуулийн хэмжээ нь хээл хахууль өгөгч компанид ирэх ашгийн хэмжээнээс хамааралтай, эсхүл хээл хахуулийн эсрэг хууль сахиулах ажиллагаа нь компаниудын олох ашгийн хэмжээг бууруулдаг гэсэг таамаглалуудыг дэмжихгүй байна.
Хээл хахууль нь хууль бус, далд үйлдэгддэгтэй холбоотойгоор өмнө нь хийгдэж байсан ихэнх судалгаанууд асуулга болон макро түвшинд авлигын төсөөллийн судалгаануудыг ашигласан байдаг. Хэдий тийм ч, эдгээр судалгаанд оролцсон компаниуд асуулгад үнэн зөв хариулахгүй байх, эсхүл авлигын төсөөлөлд хэвлэл мэдээллийн нөлөө орох боломжтой өндөр билээ.
Энэ удаагийн шинэ судалгаагаар хээл хахуулийн талаарх нийтлэг таамаглалуудыг шалгахын тулд хээл хахуулийн талаарх баримтжуулсан мэдээллийг ашиглан хээл хахуулийн үр ашгийг микро түвшинд судлахын тулд өмнөхөөс өөр арга зүйг ашигласан байна. “Менежментийн шинжлэх ухаан” сэтгүүлд удахгүй нийтлэгдэх уг судалгаагаар 40 гаруй жилийн (1975-2015) хугацаанд 60 улс оронд албан тушаалтнуудыг хахуульдсан 24 хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй 195 томоохон компанийн хээл хахуулийн мэдээллийг судалж үзсэн байна. Судалгаанд ашигласан мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, компанийн мэдэгдэл, төрийн байгууллагууд дахь баримт зэргээс гарган авсан байна.
Судалгаагаар хээл хахуульд холбогдсон томоохон гэрээний талаарх мэдэгдэл гарсан үеийн зах зээл дэх компанийн үнэ цэнийг харьцуулсан байна. Үүний үр дүнд хээл хахуульд зарцуулсан нэмэлт 1 доллар нь тухайн компанийн үнэ цэнийг 6-9 доллароор нэмэгдүүлж байгааг тогтоосон бөгөөд энэ нь хээл хахуулийн хэмжээ болон хүртэх үр ашгийн хэмжээний хооронд хамаарал байгааг илэрхийлж байна.
Жишээлбэл, 1999 онд Өмнөд Африкт сөнөөгч онгоц нийлүүлэх 2.5 тэрбум долларын гэрээний асуудлаар Британийн батлан хамгаалахын гэрээлэгч “BAe Systems” компанийн оролцсон хээл хахуулийн мэдээллийг судалж үзэхэд “BAe Systems”-ийн хувьцаа эзэмшигчид өөрийн өгсөн 1 долларын хээл хахууль тутмаас 8.3 долларын ашиг хүртсэн байна (Зах зээл дэх компанийн үнэ цэнийн өсөлтийг өгсөн хахуульд нь харьцуулсан). Энэ хэрэг олон улс орон дамнасан мөрдөн шалгах ажиллагаа явагдсаны эцэст 2010 онд хуурамч мэдүүлэг, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой асуудлаар “BAe Systems” компани нь АНУ-ын Хууль зүйн яам, Их Британийн Онц хүнд гэмт хэргийг мөрдөх газарт 400 сая долларыг төлөх тохиролцоог хийснээр эцэслэсэн байдаг.
Судалгааны дүнгээр зарим таамаглалыг шалгасан байна. Тухайлбал, хээл хахуулиас олж буй үр ашиг нь тухай улсын институцийн чанартай холбоотой эсэх талаарх таамаглалуудыг шалгахад харилцан адилгүй үр дүнтэй байв. Харин улс төрчдийн орлогын их үүсвэр нь олон нийтэд ил мэдээлэгддэг улс оронд хээл хахуулиас олох үр ашиг нь харьцангуй бага байв. Үүний эсрэг авлига өндөртэй, эсхүл ерөнхийдөө хууль сахиулах үйл ажиллагаа нь үр дүн багатай улс оронд хээл хахуулиас олох үр ашиг нэмэгдэж байв. Харин тодорхой төрлийн хээл хахуулийн эсрэг хууль сахиулах ажиллагаа явуулдаг, эсхүл дэглэмийг шинж (ардчилсан, эсхүл автократ) нь хээл хахуулиас олох үр ашигт нөлөөгүй байна.
Мөн үр ашиггүй хүнд суртлын улмаас зогсонг байдалд орсон төрийн үйлчилгээг хээл хахууль нь хурдасгаж, үр ашиггүй зардлыг бууруулж чаддаг гэсэн таамаглал ч дэмжигдсэн байна.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2024/11/20
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа
-
Дэлхий нийтээр..2024/02/06
Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 15-нд эхэлнэ
-
Чөлөөт бүс2019/05/31
Леонардо де Каприо Тарантиногийн кинонд тоглоно
-
Дэлхий нийтээр..2024/10/10
ЗГ: Хөгжимчдөд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ
