Хэн юу хэлэв...
Монгол Улсын усан хил тайван байна
Бидний хөлөглөж яваа Хилийн 0132 дугаар ангийн фургон автомашин хилдээ 17 дахь жилдээ давхиж яваа нь энэ гэнэ. Фургоны онгорхой цонхоор таанын үнэр хамар сэтлэм ханхийнэ. Ай миний нутгийн хивс адил өргөн дэвсэг юутай сайхан. Цэлгэр талын охин би таана, мангирын энэ л үнэрийг санажээ. Гэхдээ эх орны зүүн хязгаарт зуншлага ийн сайхан байхад баруун зүгийн нутаг минь гантай дуулдаж сэтгэл чилээх. За даа хүн гэгч өөрийн сэтгэлээ зураглавал юутай ийтэйгээ уралдан чихцэлдэн багтаж ядах ажээ. Ингээд өөрийн сэтгэлийн зураглалыг орхин томилолтын сонинд шилжье.

ЗОРИЛГОН ДОТОРХ ЗОРИЛГО БУЮУ “СЭТГҮҮЛЧИД ТОРГОН ХИЛД”
Миний бие ээлжит томилолтоо өвөртлөн алдарт Мэнэнгийн талаар давхиж яваа нь энэ л дээ. Энэ удаагийн томилолт хос зорилгыг агуулав. Хил хамгаалах байгууллагаас жил бүр “Сэтгүүлчид торгон хилд” аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаад өдөр тутмын “Зууны мэдээ”, “Өнөөдөр”, “Өглөөний сонин”, ТВ8 телевиз, “Визард” студийн мэргэжил нэгт нөхөдтэй дөрөө харшуулан усан хил хамгаалалт, гэрээт хилчдийн алба үйл ажиллагааг сурталчилах зорилго агуулсан билээ. Нөгөө нэг зорилго гэвээс “Сүлдэт баганын дэргэдээс” нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэх.
Энэ удаад бид хамтран уран бүтээл хийх замаар хилчдийн алба үйл ажиллагааг олон нийтэд ойлгуулах, таниулахыг зорьсон. Тиймээс ч “Хилчин” болон “Визард” студи хамтран “Сүлдэт баганын дэргэдээс” нэвтрүүлгийн наймдугаар сарын дугаарыг бэлтгэв. Хилчдийн үйл ажиллагааг тэднийг нүдээр зураглах, бид тэдэнд хилчдийнхээ мөн чанарыг ойлгуулах буюу хоёр утсыг нэг үзүүрт зангидахыг зорив.
Угаас олон нийттэй харилцах албаны чиг үүрэг хил, хилчдийнхээ алба үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, түгээх, зөвөөр таниулах явдал шүү дээ. Усан хилчид, гэрээт хилчдийн алба үйл ажиллагааны талаар бид харилцан мэдээлэл түгээж, дотносон сайхан танилцсан. Гадны сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ сурвалжлагыг та бүхэн "ХХЕГ-ын олон нийттэй харилцах алба" цахим хуудсаар дамжуулан хүлээн аваарай.
БҮСГҮЙЧҮҮД НЬ ЭЗГҮЙ ХИЛИЙН САЛБАРТ
Хилийн 0252, 0132 дугаар ангийг дамнан хилийн 0306 дугаар ангийн 0219 дүгээр салбарт оройхон хүрч очив. Бүсгүйчүүд Улаанбаатар хот руу нэгдсэн цугларалт, сургалтад хамрагдахаар явсан гэдгийг салбарын захирагч, ахмад Э.Энхтүвшин дуулгалаа. Тиймээс ч "...бүсгүйчүүдийн эзгүй өдрүүд чанга байна шүү" гээд инээв. Бүсгүйчүүд бидний эзгүйд гал тогооны ажил эрчүүдэд хамгийн хүнд үүрэг хариуцлага болдог гэдэг шүү дээ. Тус хилийн салбарынхан энэ хариуцлагатай үүргийг гэрээт хилчин Ө.Зоригт хариуцуулжээ. Ахлах тогооч Ө.Зориг хоёр туслахтай аж. Залуус биднийг сайхан гульяшаар дайлав.
Гэрээт хилчин Ө.Зориг цэргийн албанд татагдахаас өмнө ресторанд ажиллаж байсан учраас чадвар болоод мэдрэмж нөхдөөсөө илүүрхэх тул ийнхүү А тогоочоор өргөмжлөгджээ. Барилгын бүлэг, гэрээтүүд гээд өдрийн туршид хоол цай гэсээр тэд ачаалалтай харагдана билээ. Бид эрчүүдийнхээ бэлтгэсэн гарын хоолоор дайлуулаад маргаашийн ажлаа төлөвлөн хуваарилаад амарлаа. Шинэ өдөр. Өглөө эртийн наранд Буйр нуур мөнгөн долгиогоо гялбуулан сэтгэл баясгах нь сайхан. Усан зогсоолын дэргэд салбарын инженер, хөнгөн хөлөг, тусгай зориулалтын техник хэрэгслийн хангалт эрхэлсэн орлогч, ахлагч О.Оргилболд гэрээтүүдтэйгээ нуурын эрэгт зураг авалтын бэлтгэл хангаж байхтай таарав.
Нуурын давлагаанд мурийсан инженерийн байгууламжийг засаж, сэлбэж байгаа нь энэ аж. Нуурын мандал хүчтэй давлагаалж, хөвөгч усан зогсоолыг дотогш түржээ. Мөн бэхэлгээний олс нь зангуунаасаа тасарсан байна гэв. Тус хаалтанд тогтсон замгийг тэд түүж тэгшлээд хөнгөн хүлгүүдийн бэлэн байдлыг хангаж эхлэв. Гэрээтүүд усны нойтон өмсгөлөөр хангагдсаныг анзаарлаа. Өнгөрсөн жил залуус нуурын хүйтэн усанд хэн түрүүлж орохоо хуруудан шодож байсан нь санаанд буув. Харин энэ жил зориулалтын өмсгөлтэй болсноор олон давуу тал байгааг гэрээтүүд ярив. Хил хамгаалах байгууллагаас усан хил хамгаалалтын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого чиглэл ажил хэрэг болж байгааг миний бие нүдээр харлаа.
Өнгөрсөн оны наймдугаар сард миний бие тус хилийн салбарт томилолтоор ажилласан билээ. Өнгөрсөн зун баригдаж эхэлж байсан усан хилийн техник хадгалах байр ашиглалтад оржээ. Хилийн 0219 дүгээр салбарын инженер, хөнгөн хөлөг, тусгай зориулалтын техник хэрэгслийн хангалт эрхэлсэн орлогч, ахлагч О.Оргилболд усан хил хамгаалалтад ашиглагдаж байгаа бүхий л техник хэрэгслийг хариуцан ажилладаг. Хөнгөн хөлөг, усны мотоцикль, цасны чарга болон бусад тусгай хэрэгслүүдийг байнгын бэлэн байдлыг ханган ажиллаж байгааг тэрбээр үзүүлж сонирхуулав. Үнэтэй техник хэрэгслийг ийнхүү зориулалтын орчин нөхцөлд тодорхой горимын дагуу байрлуулснаар ашиглалт эдэлгээнд олон давуу талтайг ярив.
ЗУРГААН АЙЛЫН ОРОН СУУЦЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Хилийн аль ч ангид хүрсэн зуны дэлгэр цагт бүтээн байгуулалт өрнүүлэн угтах нь сайхан. Бүсгүйчүүд сааль сүүгээ базааж, харин эрчүүд нь хашаа хороо, хадлан тэжээл, өвлийн бэлтгэлээ хангах гээд ажил их. Айл гэрээр жишвэл ажилсаг энэ өрх өвөлд өнтэй орох нь тодорхой зураглал тодрох аж. Энэ дүр зургийг Хилийн 0306 дугаар ангиас олж харав. 2020 он гарсаар хилийн 0260 дугаар салбарыг төвлөрсөн эрчим хүчинд холбожээ. Мөн хугацаат цэргийн алба хаагчдын алба хаах таатай орчин нөхцлийг бүрдүүлэн бэлтгэл заставт засвар хийсэн байна.
Аймаг орон нутгийн дэмжлэгтэйгээр ангийн төвд цэцэрлэг, бага сургууль байгуулагдахаар болсонтой холбоотойгоор бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Хилийн 0306 дугаар анги хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хилийн салбаруудын барилга байгууламжийг үе шаттайгаар шинэчилж байгаа аж. Үүний нэг нь хилийн 0219 дүгээр салбарт зургаан айлын орон сууцыг барьж байгаа явдал юм. Ажлын явц 30 хувьтай явагдаж байгаа бөгөөд зургаан айлын орон сууцыг хилчдийн баярын өдөр ашиглалтад оруулахаар зорин ажиллаж байлаа. Хилийн 0306 дугаар ангийн Барилга орон сууцны албаны дарга, ахлах дэслэгч Ш.Баасанпүрэвсүрэнгээр ахлуулан 15 хүний бүрэлдэхүүнтэй ажилсаг шоргоолжнуудын ажил урагштай явна билээ. Ажилчдын орон сууц 1978 онд ашиглалтад орсон бөгөөд элэгдэж хуучран актлагдах шаардлагатай болжээ.
ГУРВАН ХҮҮГИЙН АМИЙГ АВАРСАН ААВЫН ТАЛАРХАЛ
Уншигч та бүхэн мэднэ. Өнгөрсөн долдугаар сарын 11-ний өдөр шүү дээ. Баяр наадмын өдөр хүн бүр гэр бүлээрээ сайхан цаг хугацааг өнгөрүүлэхийг хүснэ. Энэ ч ёсоор Ж.Пунцагийн гэр бүл Буйр нуурт амрахаар зорьжээ. Гэтэл хүүхдүүд нь завьтайгаа тоглож байгаад нуурын гүн рүү яах ийхийн зуургүй хөвсөн байна. Тэр өдөр нуур давалгаа ихтэй ч байж. Хилчид цаг хугацаа алдахгүй хурдан шуурхай эрлийн ажиллагааг зохион байгуулан гурван хүүг аварчээ. Энэ үйл явдлын дараа иргэн Ж.Пунцаг элэг бүтэн амьдралыг бэлэглэсэн хилчдэд талархсан сэтгэлээ юугаар илэрхийлэх билээ гэж дотроо удтал боджээ. Тиймээс хилийн салбарын хилчдэд талархсан сэтгэлээ өөрийн биеэр илэрхийлэхээр ирсэн байхтай бид таарав.
Иргэн Ж.Пунцаг, “Баатарлаг зоригт хилчид болох Хилийн 0306 дугаар ангийн 0219 дүгээр салбарын захирагч, ахмад Э.Энхтүвшин, хөнгөн хөлгийн жолооч, механик, ахлах ахлагч Ү.Чулуунсүх, гэрээт хилчин, байлдагч Э.Санги-Очир нарт талархал илэрхийлэхээр ирлээ. Би өөрөө цэргийн хүн учраас үрсийн минь амийг аварсан эрхэм хүмүүст юу дурсгах вэ гэж их бодсон. Сэлэм хадгалуулья гэж хамгийн түрүүнд сэтгэлд буусан л даа. Тиймээс ч Турк улсаас захиалуулан сэлэм авчруулсан. Миний аав, ах хүний амь аварч явсан гээд хожим дурсаж явбал сайхан юм даа” гэлээ. “Хөрстийг тамгалах үрсийг минь амь үл хайрлан аварсан ачтан танд дурсгав” гэж сэлэм дээр сийлсэн байлаа. Тэрбээр мөн ангийн хамт олонд халуун талархлыг өөрийн гарын бэлгийн хамт гардуулсан юм.
Буйр нуур БНХАУ-тай 30.7 км усаар хиллэдэг. Хилийн 0306 дугаар ангийн 0219, 0312 дугаар салбарууд Буйр нуурын усан хил хамгаалалтыг зохион байгуулахад голлох үүргийг хүлээсээр байна. Жилээс жилд тус чиглэлийг зорих аялагч амрагчдын тоо нэмэгдсээр байгаа нь хилчдийн ачааллыг нэмэгдүүлсээр байгаа юм. Аялагч амрагчдыг даган тодорхой хүндрэлүүд үүсэж буйн нэгэн жишээ нь дээрх болсон явдал юм. Тус салбарын хилчид улсын хил хамгаалалтыг зохион байгуулахаас гадна орон нутгийн иргэд, аялагчдын аюулгүй байдлыг давхар сахиулан зуны саруудад ачаалалтай үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь хэдийгээр хилчдийн шууд хүлээх үүрэг биш ч гэлээ ийм хариуцлагыг хилчид үүрсээр байгаа юм. Тиймээс ч хилчдээс ур чадвар, тэсвэр хатуужил шаардаж байгааг мэдэрлээ.

УСАН ХИЛЧДИЙН ӨДӨР
Яг үнэндээ тэднийгээ ийм сайхан тэмдэглэлт өдөртэй гэж мэдэхгүй явжээ. Анх 2009 онд хурандаа Д.Чойбаатар хилийн 0306 дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа тус өдрийг бий болгосон гэнэ. Жил бүрийн наймдугаар сарын 15-ны өдөр тэд баяраа даруухнаар тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил баярынхаа өдөр өргөн хөтөлбөр гаргасан боловч нэвтрүүлгийн зураг авалт давхцаж таарав. Нөгөөтэйгүүр бүсгүйчүүд Улаанбаатар хот руу сургалт цугларалтад хамрагдахаар явсан эзгүй тул эрчүүдэд давхар ачаалал оногджээ. Дор хаяж баярын ширээ засах гэтэл нарийн зууш хийж, ширээгээ чимэглэж чадахгүй байгаагаа бидэнд ярив. Тэдний яриаг сонсоод манай бүлгийн сэтгүүлч бүсгүй ууттай чихрээ барин сандрав.
Усан хилчдийн өдрөөр залуус өдөржин завгүй зураг авалттай өнжив. Тиймээс ч төлөвлөгдсөн баярын арга хэмжээ хойшлогдож зарим нь цуцлагдаж орхив. Энэ явдалд бид хэрэндээ санаа зовнисоор. Тэгтэл салбарын захирагч ер нь аливаа тэмдэглэлт баяраар ихэнхдээ баярлаж амждаггүй гэдгээ ярилаа. Баярын өдрөө өргөн дэлгэр тэмдэглэж амжаагүй ч Хилийн 0219 дүгээр салбарын хилчид он гарсаар 11 хүний алтан амийг аварсан бахдам сайхан мэдээтэй баяраа эгэл даруухан тэмдэглэсэн. Өдөржин зураг авалттай пижигнэсэн бид орой үдэшлэгийн арга хэмжээ хамтран зохиов.
Залуус ч үдэшлэгийн арга хэмжээнд ач холбогдол өгч хослол өмсөн, үнэртэй усаа цацан гангарсан байлаа. Үүнийг харсан манай багийн сэтгүүлч бүсгүйчүүд сандран уруулаа будан, плажаа өмсөн гангарцгаан хөл болцгоов. Харилцан бие биенийгээ хүндэтгэж байгаа нь тэр шүү дээ. Монгол Улсын анхны баатар Шагдарын Гонгорын нэрэмжит салбарын жагсаалын талбайд хөгжөөнт тоглоом тоглож, бүжинхэн нэгэн үдшийг хамтдаа сайхан өнгөрүүлэв.
Ийнхүү хөх мөнгөн тэнгэр, газрын саан эмжээр Буйр нуурын усан хилийг хамгаалж байгаа хилчдийнхээ алба үйл ажиллагааны талаар нэвтрүүлэг, сурвалжлага бэлтгэсэн бид тавьсан зорилгодоо амжилттай хүрээд буцлаа. Монгол Улсын усан хил тайван байна. Мэргэшсэн хилчдээр мануулж байгаа учраас нутгийн ард түмэн ч хилчдэд бат итгэл хүлээлгэжээ.
Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
-
Дэлхий нийтээр..2023/09/13
УИХ, Засгийн газрын гишүүд хуурай замын цэргийн командлалд ажиллалаа
-
Дэлхий нийтээр..2020/02/04
БНСУ-д зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд!
-
Үйл явдал2023/12/22
Улсын бүртгэлийн үйлчилгээг Бямба гарагт авч болно
-
Тод зураг2020/05/08
Гадаадад байгаа монголчуудад зориулан "Шуурхай 119" аппликэйшнийг хэрэ...
