Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж үг хэлж, Төрийн туганд хүндэтгэл үзүүллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“Хөх манхан тэнгэр, хөрст эх нутгаа эзэгнэнхэн заяасан миний эх орны ард иргэд ээ!
Он цагийн эрх, түүхэн хувь тохиолоор дэлхий даяхнаар тархан түгсэн элэг нэгт монгол угсаатнууд аа!
Монголчууд бид төрт ёсныхоо цэнгэлийн манлай – Үндэсний их баяр наадмаа эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдэл, хүсэл мөрөөдөл, чин зориг, гүн бахархлынхаа бат илэрхийлэл болгож, үеэс үед өртөөлөн залгамжилж, эрхэмлэн сахисан өнө мөнхийн голомт нутагтаа ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна.

Бидний ихэс дээдэс эртнээс нааш наран, саран, ариун галаа тахиж, Есөн хөлт Их Цагаан тугаа цэнгүүлж, эрийн гурван наадмаа хийдгээ эцэг мөнх тэнгэр, этүгэн эх газар, эрдэнэт их хүмүүний гурамсан их баяр цэнгэл гэж үзсээр ирсэн билээ.
Эрийн гурван наадам бол монгол угсаатны мянганаас мянганд улбаалсан нүүдэлчин соёлын цөм, түүх шастир, сүсэг бишрэл, ёс заншил, үндэсний сэтгэхүйн цогц, Монгол төрийн оршин тогтнохуйн оюун санааны дархлааны онцгой чухал хэсэг нь билээ.
Монгол наадам нь эх дэлхийгээ хайрлах хүмүүн байгалийн төгс зохирол, шүтэн барилдлага болохын хувьд хүн төрөлхтний иргэншил, соёлын оюун санааны үнэт өв хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн болохыг онцлон тэмдэглэхэд нэн таатай байна.
Монгол үндэстэн Төв Азийн өндөрлөгт налайх уудам тал нутагтаа зуун зуунаар аж төрж, дэлхийн соёл иргэншил, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөвийг хоёр зууны турш тодорхойлсон гайхамшигт түүхтэй ард түмэн. Бидний өвөг дээдсийн оюун ухааны бяд, баларшгүй соёл, давтагдашгүй өв дэлхий даяар оршсоор байна.

Эдүгээ бид ирээдүйд цэгнэгдэх түүхээ бүтээж буйгаа бас санацгаая.
Дэлхий даяар бэрх цагийг туулж, түүнээс шалтгаалсан хүндрэл бэрхшээлийг даван гарах хүндхэн сорилттой нүүр тулцгаалаа. Тусгаар тогтносон, эрх чөлөөт, ардчилсан Монгол Улсын төр засаг ард олныхоо амь нас, ахуй амьдрал, эдийн засгийн тусгаар тогтнолыг хамгаалж, бэхжүүлэх тууштай бодлого хэрэгжүүлэн баталгаажуулахад цаг алдах ёсгүйг дэлхий нийтийн өнөөгийн төлөв байдал нотолж байна.
Монгол төрийн алтан босгыг давсан мөчөөс хувийн болоод харийн эрх ашиг, зуурдын санаархал өчүүхэн төдий ч байх ёсгүй. Үүнийг умартаж, хөсөрдүүлвээс төрийн хууль цааз, түмний итгэл найдвар, өнгөрсөн ба ирээдүй үе биднийг хэрхэвч өршөөхгүй.
Хурмаст тэнгэр хур бороогоо хайрлаж, газар дэлхий өнгө гэрлээ асааж, монгол хүн бүр уламжлалт соёл, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж, шинэ цагийн хөгжил дэвшил, шинжлэх ухаан технологийн эрин үеийн ололттой хөл нийлүүлэн алхах сайхан цаг үе айлчлан ирээд байна. Энэхүү шинэ эриний босгон дээр монгол хүний эрдэм чадал, Монгол орны суу алдар дэлхий даяар дуурсах олон сайхан учир тохиол бүрдлээ.
Монгол төрийн их баяр цэнгэл наадамдаа эрэмгий хүчит бөхчүүдийн маань бяр мэх нь даацтай байж, эгэлгүй хийморьт хүлгийн хурд шандас нь эрчтэй байж, эрхий мэргэн харваачдын цэц мэргэ нь ончтой байх болтугай.
Мөнх тэнгэрийнхээ хүчин дор Монгол төр мөнхөд оршиж, монгол түмний маань хийморь заяаг ивээг.
Сайхан наадаарай” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлснийхээ дараа Төрийн Есөн хөлт Их Цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
