Хэн юу хэлэв...
Монгол Улсын Эрчим хүчний салбарт шинэчлэл шаардагдаж байна
ЯАГААД? Эрчим хүчний салбарыг зохицуулалттай, хувийн хэвшлийг дэмжсэн өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх үйл явц 2001 оноос эхэлсэн хэдий ч шинэчлэлийн ажлын эхний хэсэг болох төрийн өмчийн нэг том бүтцийг задалж олон жижиг компани болгон зохион байгуулах, зохицуулалтын тогтолцоо бүрдсэн боловч цааших алхмууд гацаанд орж зогсонги байдлаас гарч чадалгүй өнөөдрийг хүрлээ.
Төрөөс эрчим хүчний салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичигт салбарын алсын харааг “Улс орны эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжил, эрчим хүчний аюулгүй байдал, найдвартай ажиллагааг бүрэн хангаж, хувийн хэвшил, зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлд суурилсан үр ашигтай, хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологи бүхий, цахилгаан эрчим хүч экспортлогч орон болоход оршино.” гэж тодорхойлсон.
Мөн УИХ-аас 2020 оны 5 сард баталсан “Алсын хараа - 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Эрчим хүчний салбарт олон нийлүүлэгчтэй болох замаар улсын монополийг задлах, үнэ тарифийг чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлэх нь урт хугацаанд өөрийн эрчим хүчний хямд эх үүсвэрт тулгуурласан үр ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эрчим хүчний хангамжийн найдвартай, аюулгүй байдлыг хангах үүднээс чухал ач холбогдолтой болно” гэж томьёолсон билээ.
Иймд Төрийн бодлогод тусгагдсан зорилгодоо хүрэхийн тулд төлөвлөж эхлүүлсэн ажлаа бодьтоор хэрэгжүүлэх, гацаанд орсон төслүүдийг явуулах, шинэчлэлийн реформыг зайлшгүй эхлүүлэх шаардлага тулгараад байна гэж үзэж байна. Эрчим хүч нэг талаасаа төрийн зохицуулалтад байх ёстой стратегийн чухал салбар хэдий ч нөгөө талаасаа бизнесийн зарчмаар ажиллаж эрүүлжих зайлшгүй шаардлага байна. Эрчим хүчний салбар ЭРҮҮЛЖИЖ байж урт хугацаанд хэрэглэгчдийг найдвартай, чанартай эрчим хүчээр хангах, цаашид тогтвортой хөгжих боломжтой.
Нөгөөтэйгүүр Дэлхий нийтээрээ эрчим хүчний салбарын хөгжлийн шинэ шатанд гарах шинэчлэл, өөрчлөлтийн үйл явц ид явагдаж буй өнөө үед олон улсын түвшинд бид тэргүүлэхгүй ч тэднээс хоцрохгүй байх, хөгжлийн чиг хандлагаа өөрчилж хөл нийлүүлэн алхах, дасан зохицох чухал үе ирээд байна.
“Өөрчлөлт бол амьдралын хууль юм. Зөвхөн өнгөрсөн болон өнөөдрөө хараад байвал ирээдүйгээ алдах болно”
АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннеди
Иймээс салбарын ЗАЛУУ ҮЕИЙГ ТӨЛӨӨЛӨЛ бид эрчим хүчний САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ирэх 4 жилийн хугацаанд дараах 5 чиглэлд хийх нь зүйтэй гэж үзэж байна.
1. Хүнээ бэлдэж, чадавхжуулах
2. Хууль, эрх зүйн орчныг сайжруулах
3. Компанийн засаглалыг өөрчлөх
4. Технологи нэвтрүүлэлтийг бүх шатанд дэмжих
5. Уян хатан үнэ тарифын тогтолцоог бүрдүүлэх
1. ХҮН БОЛ БҮХНИЙ СУУРЬ:
Нөхцөл байдал: Мэдлэг, чадвартай боловсон хүчингүйгээр бид салбарын найдвартай, тогтвортой үйл ажиллагааны талаар ярих боломжгүй. 2019 оны статистикийг харахад эрчим хүчний салбарт 16,045 ажилтан, албан хаагч, инженер техникийн ажилтнууд ажиллаж байна. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Нэг талдаа олон хүн ажилтай болж байгаа мэт харагдаж байгаа боловч нөгөө талдаа үр ашиггүй байдал, зардал нэмэгдэж эрчим хүчний үнэ нэмэгдэх шалтгаан болж байна. Иймд ажлыг хүний олноор бус мэдлэг, чадвар, технологийн дэвшилд суурилсан бодлогын чиглэлд явах ёстой гэж үзэж байна.
Санал: Салбарын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг (Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого 2015-2030, Алсын Хараа-2050)-үүдэд тусгагдсан зорилго, зорилтуудыг (ирэх жилүүдэд баригдах эх үүсвэрүүд, шугам сүлжээ, хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ) хэрэгжүүлэхэд шаардлагатай нарийн мэргэжлийн инженер, хүний нөөцийн тогтвортой хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх. Тэдгээр мэргэжилтнүүдийг хэзээ, хаана, хэдэн тоогоор бэлтгэх тооцоо судалгаанд үндэслэн дотоод, гадаадын их, дээд сургуульд тухайн хүмүүсээ захиалгаар бэлдүүлэх, нэгэнт бэлтгэгдсэн хүний нөөцөө байнга сургаж, чадавхжуулах тогтолцоог бий болгох.
2. ШИНЭЧЛЭЛ, ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО:
Нөхцөл байдал: Эрчим хүчний салбарын хууль, эрх зүйн орчинд сүүлийн жилүүдэд бодлогын шинж чанартай нилээдгүй шинэчлэлт хийгдсэн хэдий ч тухайн үед үүссэн нөхцөл байдлыг “гал унтраах” байдлаар эсвэл салбарын байгууллага хоорондын эрх, мэдэл шилжүүлэх төдий түвшинд хэрэгжүүлж байна. Зүйн нь бол бодлогын баримт бичигт тусгагдсан салбарын ирээдүйг бүтээхэд чиглэсэн, залуурдсан, боломжийг нээж өгсөн хууль, дүрэм, журамтай болох хэрэгтэй юм.
Санал: Салбарын үндсэн баримт бичиг, суурь хуулиуд, холбогдох дүрэм, журмуудыг гаргахдаа аливаа хүндрэлтэй асуудлыг гарсны дараа араас нь нэхэж шинэчилдэг бус ирээдүйд бий болох нөхцөл байдлыг төлөвлөн тооцоолж түрүүлж шинэчилж, эрсдэлээс сэргийлэх, бодит нөхцөл байдалд нийцсэн, хэрэгжихүйц байх шаардлагатай. Ялангуяа эрчим хүчний салбарт нэвтэрч буй шинэ технологи, ажил үйлчилгээ, төслүүдэд нарийн тооцоолол, эрсдэлийн үнэлгээ, дүн шинжилгээ хийж байх. Эрчим хүчний тухай хуульд салбарын компаниудын үйл ажиллагаа, үр ашгийг урамшуулсан тогтолцоог нэвтрүүлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжсэн, төрийн өмчийн компаниудын хариуцлагыг нэмэгдүүлсэн шинэчлэлийн чанартай зохицуулалт, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд Цахилгаан эрчим хүчний хуурмаг чадлыг тооцох, төлбөр тооцооны тогтолцоог бий болгох зэрэг өөрчлөлтүүдийг тус тус оруулах шаардлагатай гэж үзэж байна.
3. ХАРИУЦЛАГАТАЙ САЙН ЗАСАГЛАЛ:
Нөхцөл байдал: Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны зардал 2010-2019 оны хооронд 10 жилийн хугацаанд 2.8 дахин өссөн. Тэгэхээр орлого нэмэгдэхийн хэрээр зардал тэр хэмжээгээр дагаад уралдаад нэмэгддэг гэсэн үг. Эрчим хүчний 1.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлогын 80 гаруй хувийг бүрдүүлж байгаа Төрийн өмчийн эрчим хүчний компаниудын зардал нь нэмэгдэж байдаг ч үр ашиг нь тэгсэнгүй. Адилхан тариф, орлоготой хувийн хэвшлийн компанийн үйл ажиллагааны үр ашиг дээшлээд, ашигтай ажиллаж болоод байдаг ч төрийнх нь явж өгдөггүй. Иймд менежментийн шинэ тогтолцоонд шилжих, сайн менежерээр энэ ажлаа хийлгэх цаг болсон.
4. УЯН ХАТАН ҮНЭ ТАРИФЫН БОДЛОГО:
Нөхцөл: Олон жилийн турш хяналтад байсан эрчим хүчний үнэ тарифыг сүүлийн жилүүдэд бага хэмжээгээр нэмэгдүүлсэн хэдий ч байдал хүссэн хэмжээнд хүрэхгүй байна. Өнгөрсөн онд бид 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг дунджаар 175.95 төгрөгөөр үйлдвэрлээд 168.14 төгрөгөөр хэрэглэгчдэд борлуулж байна. Ийм нөхцөлд салбарт хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийн оролцоог дэмжсэн бүтээн байгуулалт хийхэд хүндрэлтэй юм. Гэвч үнэ тарифыг хэрэглэгчдийн хэрэглээ, орлогын түвшинд тохирсон уян хатан байдлаар зохицуулах шаардлагатай. Ингэснээр Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн асуудал жинхэнэ утгаар хэрэглэгчийн түвшинд хэрэгжих, орлого багатай иргэдэд дарамт үүсэхгүй байх нөхцөл бүрдэх юм. Мөн Эрчим хүч үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд, тээвэрлэлтийн зардал, тэдгээрийн худалдан авалтыг хийдэг гадаад валютын ханш нэмэгдсээр байгаа нь алдагдал хүлээх хүчин зүйл болсоор байна.
Санал: Цахилгаан, дулааны хэрэглэгчдийн тариф хоорондын хөндлөн татаасыг зогсоох, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дэмжсэн уян хатан тарифын бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, үүнд хэрэглэгчийн хэрэглээнээс хамаарсан тарифын ангиллыг нэмэгдүүлэх, дулааны эрчим хүчийг тооцдог хэмждэг байх, орлого багатай хэрэглэгчдэд үзүүлэх татаасыг ил тод болгож шууд олгох арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх;
Цахилгаан, дулааны эрчим хүчийг бодит өртөг, зардалд суурилсан үнээр борлуулах зорилгоор цахилгаан, дулааны үйлдвэрлэлийн зардалд гол нөлөө үзүүлдэг бусад бүтээгдэхүүний үнэ болон эдийн засгийн зарим хүчин зүйлүүдийн нөлөөллийг харгалзаж үзсэн тарифын индексжүүлэлтийг жил/улирал тутамд тогтвортой хийдэг болох
Эзэмшил нь хэдий төрд байгаа ч эдгээр компаниудыг хувийн хэвшилтэй адил сайн ажиллаж ашиг олж ажиллах үүрэгтэй. Өнөөгийн тогтолцоо нь компаниудын хувьд ашигтай, ашиггүй ажиллах нь чухал биш гэж үздэг нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Санал: Дэлхийн олон оронд хэрэглэдэг менежментийн гэрээний аргыг эхний ээлжид (2020-2025 он) төрийн өмчийн компаниудад нэвтрүүлж, чадвартай, туршлагатай багаар удирдлагын менежментийг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, цаашлаад компаниудын техник, эдийн засгийн үзүүлэлт сайжирч “ХӨЛ ДЭЭРЭЭ БОСОЖ” зах зээл дээр үнэлгээ нэмэгдсэний дараа менежментийн, хууль эрх зүйн, эзэмшлийн хувьд хувьчлалын асуудлуудыг үе шаттайгаар явуулах (2025-2030).
5. ШИЛЖИЛТИЙН ЦӨМ НЬ ТЕХНОЛОГИ:
Нөхцөл байдал: Эрчим хүчний салбарт шинэ техник, технологийн нэвтрүүлэлт тодорхой хэмжээнд хийгдэж байгаа ч нэгдсэн бодлого тодорхойгүй, түүний хэрэгжилт хангалтгүй байна. Мөн санхүүжилтийн боломжгүй байдал зэргээс үүдэлтэй хэрэгжилтийн хурд удаан байсаар байна. Манай эрчим хүчний салбарын ирээдүй технологийн дэвшлийг хэрхэн нэвтрүүлж, нутагшуулж чадсанаас шууд хамаарна. Дэлхий нийтээрээ хүлэмжийн хийн ялгарлыг хамгийн их ялгаруулж буй эрчим хүчний салбарт шилжилт (Energy transition)-г хийх үйл явц ид өрнөж байна. Үүний гол цөм нь цэвэр эрчим хүчний технологиуд (Сэргээгдэх эрчим хүч, хуримтлуурын технологи, цахилгаан тээврийн хэрэгсэл, ус төрөгч гм) мэдээллийн болон цахим технологиудын шийдэл (ухаалаг технологиуд, блокчайн гм) байгаа юм.
Санал: Салбарын эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах болон хэрэглэгчийн бүхий л түвшинд инновац, технологийг нэвтрүүлэх нэгдсэн бодлогыг гаргаж үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай. Хамгийн эхний алхам бол эрчим хүчний үйлдвэрлэлийн процессыг бүх шатанд хэмжих ухаалаг тоолуурын системийг бий болгох, хэмжүүр хяналтын ухаалаг тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй. Компани болгон өөрийн технологийн шийдэл, загвартай байх бус салбарын хэмжээнд нэг ижил стандарт, норм, протоколын дагуу ажилладаг байхыг анхаарах нь чухал юм.
“МОНГОЛ ЭРЧИМ ХҮЧ КЛУБ” ТББ
WWW.MONGOLENERGYCLUB.COM
2020-07-03
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
-
Дэлхий нийтээр..2022/06/08
Сансрын бичил хиймэл дагуул хөөргөх "Кансат-2022" тэмцээний ялагчид то...
-
Дэлхий нийтээр..2023/09/22
Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ
-
Дэлхий нийтээр..2024/03/20
Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтэрнэ
-
Дэлхий нийтээр..2020/09/24
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Канад Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
