Дэлхий нийтээр..
“Түрээсийн орон сууц хөтөлбөр”-тэй холбоотой хоёр журам баталлаа
Эл асуудалтай холбоотойгоор Тэргүүлэгч Ш.Үнэнбат, Г.Төмөрбаатар нарын зүгээс мэдээллийн сангийн нууцлалын тал дээр анхаарч ажиллахыг хэлсэн. Тусгай эрхээр нэвтэрч мэдээлэл байршуулах үүрэгтэй албан тушаалтнууд худал мэдээлэл байршуулах болон бусад хэлбэрээр хариуцлага алдах юм бол хариуцлагын тогтолцоог хэрхэн тусгаж байгаа талаар лавласан. Нөгөөтэйгүүр хяналтын системээ сайжруулахгүй бол бизнесийн байгууллагууд өөр байдлаар ашиглах асуудал гарах эрсдэлийг тооцох хэрэгтэй гэсэн. Түүнчлэн сонгон шалгаруулах ажлыг цахим хэлбэрээр явуулах боломжтой эсэхийг лавласан.
Тус журамд сонгон шалгаруулах комисс байгуулахаар тусгасан юм. Тэгвэл уг асуудалд "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК-ийн захирал Б.Сүхбаатар “Цахим хэлбэрээр сонгон шалгаруулах тал дээр заавал комисс байгуулах шаардлагатай. Цахим хэлбэрээр шалгаруулах юм бол хакердуулах зэрэг эрсдэл гарах магадлалтай гэж үзсэн учраас комисс байгуулахаар тусгасан” гэлээ. Харин тусгай эрхээр нэвтэрч, иргэдийн мэдээллийг байршуулах үүрэг бүхий төрийн албан хаагч худал мэдээлэл байршуулах зэргээр хариуцлага алдсан тохиолдол хуулийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан гэлээ. Тэгвэл нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллаарай. Илүү цахимжсан, ухаалаг, ажил хөнгөвчилсөн, шуурхай, ил тод ажиллах чухал байгаа учраас ач холбогдолтой журам. Нөгөөтэйгүүр иргэдийн хамгийн их хүлээлттэй байгаа түрээсийн орон сууцны асуудалтай холбогдож байгаа учраас хариуцлагатай ажиллах хэрэгтэй” гэлээ. Ийнхүү уг журмыг хэлэлцэж баталлаа.

Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам баталлаа
Тэргүүлэгчдийн хурлаар мөн Түрээсийн орон сууцанд хамруулах журам батлах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэхүү журамд тусгаснаар түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулах аж. Ингэхдээ түрээсийн орон сууцны нэг ам.метрийн үнийг сарын 6000 төгрөгөөр тооцож, гурав хүртэлх жилээр түрээслүүлэхээр тусгасан байна. Тэгвэл түрээслээд өмчлөх иргэдийн хувьд нийт тав хүртэлх жилийн хугацаанд түрээслээд өмчлөх боломжтойгоор тусгаж өгчээ.
Иргэдийн зүгээс түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн цахим мэдээллийн санд хүсэлтийн хамт ирүүлэх бөгөөд үүндээ иргэний үнэмлэхийн хуулбар, гэр бүлийн гишүүний хамт ТҮЦ машины тодорхойлолт, орлого тодорхойлох баримт бичиг зэргийг хавсаргах юм. Орлого тодорхойлох баримтад нийгмийн даатгалын болон тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн орлого нотлох баримт зэргийг оруулж байгаа юм. Мөн өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, залуу гэр бол гэрлэлтийн лавлагаа, ахмад настан бол тэтгэврийн дэвтрийн хуулбар, гачигдалтай иргэн бол гамшгаас хамгаалах төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, акт, тухайн дүүргийн тодорхойлолт зэргийг мөн бүрдүүлэх ёстой юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд халамжийн дэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт бүрдүүлэх бол өрх толгойлсон эцэг, эхийн тухайд өрх толгойлсон болохыг нотлох баримт бүрдүүлэхээр тусгажээ. Тэгвэл 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш насны хүүхэдтэй гэр бүлийн тухайд хүүхдүүдийн гэрчилгээ холбогдох баримт бичгийг бүрдүүлэхээр журамд тусгажээ.
Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн иргэдийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа нийслэлийн засаг даргын захирамжаар сонгон шалгаруулах комисс байгуулах бөгөөд тус комисс нь сугалаа болон эрэмбэлэх хэлбэрээр шаардлага хангасан иргэдийг сонгон шалгаруулахаар тусгасан байна. Ингээд сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг үндэслэн орон сууц түрээслэх эрх нь баталгаажсан иргэдэд НОСК-аас түрээсийн батламж олгох юм. Батламж авах эрхтэй болсон иргэн эхний сарын түрээсийн төлбөр, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон гурван сарын түрээсийн зардалтай тэнцэх хэмжээний барьцаа төлбөр төлөх юм. Ингэснээр төлбөр төлсөн иргэн, НОСК хоёр түрээсийн гэрээ байгуулснаар эрх нь баталгаажих юм.
Түрээсийн орон сууцыг олгохдоо тодорхой хуваарилалтын дагуу олгох бөгөөд залуу гэр бүлд 20 хувь, төрийн албан хаагчдад 25 хувь, хувийн байгууллагын ажилтнуудад 20 хувь, 18 хүртэлх 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд 5 хувь, өор толгойлсон эцэг эхэд 5 хувь, өндөр настан тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад 5 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлд 50 хувь, гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 5 хувийг олгохоор квот тогтоогоод байгаа аж.
Нийслэлийн иргэдэд хамгийн их хүлээлт үүсгэсэн журам учраас Тэргүүлэгчдийн зүгээс эл асуудалтай холбоотойгоор олон асуулт асууж, санал гаргасан. Тухайлбал, Тэргүүлэгч Ш.Үнэнбатын зүгээс цахим бүртгэл хэзээнээс эхлэх, иргэдийн сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр явуулах боломжтой эсэх, түрээсийн төлбөрийг ам.метрийн 6000 төгрөгөөс бууруулах боломж бий юу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэрхэн эрэмбэлэх вэ гэх зэрэг асуултуудыг тавьсан. Үүнд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар тодорхой хариултуудыг өгсөн. Тухайлбал, түрээсийн ам.метрийн үнийг 6000 төгрөгөөс бууруулах асуудлыг “Барилга хот байгуулалтын сайдад сарын түрээсийн төлбөрийг бууруулах санал хүргүүлсэн” гэсэн юм. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асуудлыг эрэмбэлэхийн тулд олон удаагийн хэлэлцүүлэг хийсэн бөгөөд эдгээр хэлэлцүүлгүүдээс гарсан саналыг үндэслэн эрэмбэлж, ангилж оруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн гэсэн юм. Учир нь өмнө хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдэд харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдийг түлхүү хамруулдаг учраас бусад хэлбэрийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах үүднээс журамд нарийвчлан тусгасан гэлээ.
Тэгвэл Тэргүүлэгч Ж.Батбаясгалан 972 айлын орон сууцны байраа хүлээж авах ажил ямар шатандаа байгааг лавласан. Улсын комисс тус байрыг хүлээж аваагүй байгаа асуудал байгаа учраас энэ талаар мэдээлэл өгөхийг хүссэн. Үүнд Б.Сүхбаатарын зүгээс “Уг орон сууцыг хүлээж авах тухай тогтоол гарсан. Дулааны асуудал дээр шийдвэрлэх зүйл байгаа, үүнийг Барилга хот байгуулалтын яам хариуцаад шийдвэрлэхээр болсон, долдугаар сардаа багтаан хүлээн авна” гэсэн хариултыг өгсөн.
Харин журмын нэршлийг оновчтой болгох үүднээс өөрчлөх саналыг Тэргүүлэгч Ш.Үнэнбат гаргасан. Ингэхдээ Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам гэж өөрчлөх санал гаргасныг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид санал нэгтэй дэмжсэн юм. Ийнхүү Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг батлан гаргалаа.
972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар 972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тогтоолын төслийг баталлаа. Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлийн өмчид шилжүүлж, 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд, 30 хувийг түрээслээд өмчлөх иргэдэд, 40 хувийг газар чөлөөлөлтөд зориулан зохион байгуулах саналыг Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулсан.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Тэргүүлэгч Ж.Батбаясгалан Буянт-Ухаа 972 айлын орон сууцаа хүлээн авах ажлыг яаравчлахыг хэлсэн. Тэгвэл Тэргүүлэгч Д.Бадарсангийн зүгээс “972 айлын орон сууцны 15 хувийг ахмадуудад өгнө гэхээр 43 ахмад л орох нь. Гэтэл маш олон ахмад хүсэлтээ өгчихсөн байгаа. Тэр олон ахмадуудынхаа асуудлыг яах вэ. Газар чөлөөлөлтөд 40 хувийг зориулах нь хэр зэрэг ач холбогдолтой вэ” гэсэн асуудлыг тавьсан. Үүнд Б.Сүхбаатарын зүгээс “Газар чөлөөлөлтөд зориулан 40 хувийг нь олгохоор тусгасан. Ингэснээр дараагийн байр, орон сууц барих, илүү олон байрыг барьж ашиглалтад оруулах боломж бүрдэнэ хэмээн тооцсон” гэлээ. Өнгөрсөн хугацаанд Ахмадын орон сууц хөтөлбөр хэрэгжсэн учраас энэ удаад найман чиглэлээр хуваарилж өгөх нь зөв гэсэн юм. Ийнхүү Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлийн өмчид шилжүүлж, 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд, 30 хувийг түрээслээд өмчлөх иргэдэд, 40 хувийг газар чөлөөлөлтөд зориулан зохион байгуулах тухай тогтоолын төслийг батлан гаргалаа.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Дэлхий нийтээр..
Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.
Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.
АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.
Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.
Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Дэлхий нийтээр..
Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв
Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.
Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.
Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.
Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.
Дэлхий нийтээр..
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
