Үйл явдал
Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналт хөтөлбөрийн үндэсний зохицуулагчдын XXII уулзалт боллоо
Мал эмнэлгийн ерөнхий газар, Дэлхий мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газартай хамтран “Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналт хөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын 22 дугаар уулзалт”, “Зүүн Азийн харилцагч хүмүүсийн 3 дугаар уулзалт”-ыг Улаанбаатар хотноо 2019 оны 6-р сарын 25, 26, 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн Монгол улсад зохион байгуулсан уулзалтаар шүлхий өвчин болон бусад хил дамжин халдварладаг мал, амьтны гоц халдварт өвчний дэлхий дахины болон бүс нутгийн төвшний нөхцөл байдал, тэмцэж буй арга хэмжээ, туршлага, тус өвчний эдийн засагт үзүүлж буй хор хохирол, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал солилцлоо.

“Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналтын хөтөлбөр”-ийг 2021-2025 онд хэрэгжүүлэх гол арга хэмжээнүүдийг хэлэлцэж Зүүн өмнө Ази, Ази тивд бүсийн хэмжээнд шүлхий болон бусад хил дамжин халдварладаг малын гоц халдварт өвчинтэй тэмцэх асуудлаар зөвлөмж гаргалаа. Зөвлөмжид тусгах нийтлэг асуудал нь шүлхий өвчинтэй тэмцэх нь нэг улсын асуудал биш, бүсийн хэмжээнд харилцан мэдээлэл солилцох, өвчинтэй тэмцэх арга хэмжээг дэлхийн болон бүсийн стратегитай уялдуулан хөгжүүлэх, хэрэгжүүлэх, эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээг авч байх талаар оруулахаар болов.

Энэхүү уулзалтад 16 орны болон бусад олон улсын байгууллагын 60 гаруй экспертүүд төлөөлөгчид, малын эмч нар оролцлоо.
Монгол улс Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүнээр 1989 оны 5 дугаар сард элссэн. 2013 онд Ази тив дэх шүлхийн хяналтын хөтөлбөрийн уулзалтууд, 2015 онд Ази, Номхон далайн бүсийн 29 дүгээр бүсийн чуулган, 2018 онд тус байгууллагын экспертүүдтэй хамтран “Нянгийн эсрэг хэрэглэж буй эмийн хэрэглээ” сэдэвт сургалт, 2019 онд “Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналт” хөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын 22 дугаар уулзалт, Зүүн Азийн харилцагч хүмүүсийн 3 дугаар уулзалтыг манай улсад ийнхүү амжилттай зохион байгуулсан юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Хэн юу хэлэв...2023/09/15
С.Мяндасмаа: Төмөр замын тээврийн тухай хууль шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэ...
-
Хэн юу хэлэв...2022/10/12
Г.Цогтсайхан: Нийтийн аж ахуйн салбарын 114 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажилл...
-
Үйл явдал2023/08/18
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Дэлхий нийтээр..2020/08/04
“Хавхгүй нийслэл 2020” аяныг эхлүүллээ
