Хэн юу хэлэв...
О.Чинзориг: Таны хүүхэд тайван тоглох боломжийг технологийн дэвшлээр шийднэ
Нийслэлийн 2000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой ухааг камеруудыг суурилуулахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригоос тодрууллаа.
-Нийслэлд хүний царай таньдаг ухаалаг камер суурилуулах гэж байгаа гэсэн. Энэ талаар бидэнд мэдээлэл өгнө үү?
-Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотод “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлнэ гэсэн заалт байдаг. Уг төслийн дагуу Нийслэл хотод телекамерын ухаалаг системд суурилсан, нэгдсэн удирдлага хяналттай ухаалаг телекамерын төв байгуулна. Улаанбаатар хотод 2010-2020 оны хооронд 3600 гаруй цэг дээр нийслэл болон улсын хөрөнгөөр камер суурилуулсан байдаг. Эдгээрээс 40 гаруй хувь нь олон жил болж ажиллагаагүй болсон, эвдэрч, гэмтэж чанарын шаардлага хангадаггүй камерууд байдаг. Одоо байгаа камерууд нь тус тусдаа системтэй нэг дүүрэг, нэг хороонд 10 камерыг нэгтгэн нэг серверт байршуулаад явдаг. Гэтэл энэ үр дүнгээ өгөхгүй очоод шалгахаар камер байгаа боловч дүрс бичлэг байхгүй, дүрс бичлэг байсан ч тухайн бичлэг нотлох баримтын хэмжээнд харагддаггүй гээд олон зөрчил дутагдлууд байдаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд бид камерын ухаалаг системд суурилуулж нэгдсэн удирдлага хяналттай болох зорилт дэвшүүлж ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 2022 он гэхэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 80 хувийг ухаалаг камераар хянадаг болно. Энэ ажил нь гурван үе шаттай хэрэгжинэ. Энэ жил Нийслэлийн 2000 цэгт камер суурилуулах төлөвлөгөөтэй байна. 2000 камераас 600-г нь замын хөдөлгөөний 30 уулзварт байршуулна. Үлдсэн 1400 камерыг нийтийн эзэмшлийн зам талбайд суурилуулах юм. Одоо ажиллаж байгаа камераар нийтийн эзэмшлийн зам талбайн 10 хувийг хянаж байгаа бол энэ жилдээ багтаад 20 хувийг хяналтдаа авах юм.
Цаашлаад 2021 онд хотын, суурьшлын бүсийн 40 хувийг, 2022 онд 6822 цэгийг камержуулснаар Улаанбаатар хотын 80 хувийг хянахаар тооцоолсон. Ингэснээр гэмт хэргийн гаралт 40-50 хувь буурах боломжтой гэж үзэж байна.
-Энэ ажил хэзээнээс эхлэх төлөвлөгөөтэй байна вэ?
-Энэхүү ажил дээр хамтарч ажиллах байгууллагууд судалгаагаа хийгээд дууссан. Цагдаа, Тагнуул гээд хүчний байгууллагууд мөн Онцгой байдлын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг байгууллагууд хамтран ажиллаж аль цэгт ямар камер байршуулбал тохиромжтой вэ, алслагдсан гэр хороололд ямар төлийн камер байршуулах вэ гээд ерөнхий судалгаагаа гаргаад бэлэн болсон. Одоо үндсэн ухаалаг систем болох камер сонгох, худалдан авах ажлууд эхлэн гүйцэтгэгч компаниудтай гэрээ хийж эхэлж байна.
Ерөнхийдөө сарын дараа гэхэд нийслэлийн гудамж талбайд ухаалаг камерууд суурилагдаад ирнэ. Үндсэндээ ирэх аравдугаар сарын 1 гэхэд төслийн нэгдүгээр үе шат дуусч үр дүнгээ өгнө гэсэн тооцоотой ажиллаж байна.
-Шинээр тавигдах камерууд бүгд хүний царайг таних уу?
-Холбогдох байгууллагууд шаардлагатай үед болон сэжигтэй тохиолдолд хүнийг царайгаар эсхүл хөдөлгөөн, үйлдэл, өндөр, нам, явдал гэх мэт шинж чанараар нь таних, хайх боломжтой технологийг нэвтрүүлэх юм. Ингэснээр таны хүүхэд эрсдэлгүй тайван тоглох боломжтой болно.
Түүнчлэн энэхүү систем нь автомашиныг дугаараар нь таних, авто зогсоол сул зайн мэдээлэл өгөх, зөрчил гаргасан автомашин болон хүний байрлал маршрутыг дагаж мөрдөх, осол аваар гарахад тохио өгч яаралтай мэдэгдэх гээд олон давуу талтай. Бид дэлхийн томоохон хотууд ашиглаж байгаа, туршиж шалгарсан хамгийн сүүлийн үеийн камеруудыг суурилуулна. Ухаалаг камерын мэдээллийн систем нь улаан өнгийн машин хаагуур өнгөрсөн байна гээд хайхад бүх дүрсээ авчраад хайлтаа хийгээд, хоёр гурав хувилж хадгалж хамгаалдаг систем байгаа.
Одоо манайх 20-30 сая төгрөгийн тендер зарлаад таван камер тавиад, хорооны буланд нэг дэлгэц угсраад камержуулчихлаа гээд яриад байгаа. Энэ байдал хоцрогдож байгаа учир дараагийн шатанд шилжих шаардлагатай болж байна.
-Энэхүү ажил хэдэн төгрөгийн төсвөөр хэрэгжиж байгаа вэ?
-Бид энэ жилдээ нийслэлийн төсвөөр 4 тэрбумын орчим төгрөгөөр 2000 ухаалаг камерыг суурилуулна. Жилд нийслэлийн камер дээр 2-3 тэрбум төгрөг улсын төсвөөс гардаг. Энэ төслийг 2023 он хүртэл гурван жилийн хугацаанд хийхэд ойролцоогоор 100-120 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ жил ямар ч байсан ерөнхий сууриа тавин нэгдүгээр үе шатаа хэрэгжүүлнэ.
Камерын үнэ өртгийн хувьд орчноосоо хамаараад камерууд янз бүр байна. Тухайлбал замын хөдөлгөөн дээр машин танихын тулд өртөг өндөртэй камерууд байх шаардлагатай. Бид одоохондоо худалдан аваагүй байгаа учраас нэг камер хэдэн төгрөг байгааг мэдэхгүй байна. Ерөнхийдөө төсөвтөө тааруулан шаардлага хангасан камеруудыг угсралт суурилуулалтад ашиглана.
Түүнчлэн энэхүү ажлаараа бид камерын стандартын асуудлыг хөндөж байгаа. Ухаалаг системтэй холбогдохын тулд аль ч үйлдвэр нь мэдэгдэхгүй янз бүрийн камерыг суурилуулахгүй нэг төрлийн чанарын өндөр шаардлага хангасан камер хэрэглэнэ. Камер нь хотын аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний амь настай холбоотой учир камеруудын стандартыг дээшлүүлж өгч байна.
-Камерын хяналтыг яаж хийх вэ?
-Камерын ухаалаг систем дээр суурилсан нэгдсэн удирдлагын төв шинээр байгуулна. Энэ төвд камер эвдрэх, гэмт хэрэг гарах бүхий асуудлуудыг хянаж ажиллана. Бид камер суурилуулчаад эзэнгүй хаяачихдаг тэр нь эдвэрсэн эсэхийг мэддэггүй. Тиймээс энэхүү системийг нь хэрэгжүүлснээр нэг ёсондоо камеруудыг эзэнтэй болгож байна гэсэн үг.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
-
Тод зураг2019/08/19
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
-
Үйл явдал2020/09/25
UB Пропертиз: 0 хувийн хүүтэй зээлээр санхүүгийн дарамтгүй шинэ орон сууцтай бол...
-
Дэлхий нийтээр..2025/12/05
Хүн мөргөж осол гаргаад, хэргийн газраас зугтжээ
-
Дэлхий нийтээр..2022/06/17
Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний бие даасан байдлыг бий болгохгүйгээр хөгжил дэвшил, ...
