Үйл явдал
Ө.Энхтүвшин: Хүүхэд, эмэгтэйчүүд, эмзэг бүлэгт онцгойлон анхаарал хандуулна
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин энэ сарын 05-ны өдөр эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа болон бусад төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон.

Улсын Онцгой комиссоос улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цагаас эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалах, тэдний хоол тэжээлийн асуудалд онцгой анхаарал хандуулан, орхигдуулахгүй байх тал дээр ач холбогдол өгч ажилласан.
Тухайлбал, 2020 оны хоёрдугаар сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, эрүүл мэндийн сайд Д.Сарангэл нарт дээрх зорилтот бүлэгт онцгой анхааран, тусгайлсан арга хэмжээ авч ажиллахыг хүсэн албан бичиг явуулсан. Энэ хүрээнд гурван сайдын хамтарсан "Гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний удирдамж" батлагдан гарсан юм.
Энэхүү удирдамжид 14 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Тухайлбал түр хамгаалах байрнаас гэр бүлд эргэн нэгдсэн хүүхдийн нөхцөл байдалд хяналт тавих, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой гэр бүлийн хүүхдийн судалгаанд үндэслэн нэмэлт хоол хүнс, тэжээлийн тусламж үзүүлэх, хяналт тавих зэрэг 14 арга хэмжээ багтжээ. Гагцхүү дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх, тусламж дэмжлэг эзэндээ очих ёстойг уулзалтын үеэр Монгол Улсын Шадар сайд онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр "Улсын онцгой комиссоос бүх шатны боловсролын байгууллага болон зарим аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан хүүхдийн хараа хяналтын болон ажлын байр, орлогын асуудал хөндөгдсөн. Засгийн газраас энэ асуудалд шат дараатай арга хэмжээг авч байна. Хэдий тийм ч цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр энэ оны 02-04 дүгээр сард гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 7468 гомдол мэдээллийг хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үеийнхээс 57.2 хувиар өссөн байна. Тиймээс хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх төрийн хүнд ачаанаас өнөөдрийг хүртэл хуваалцан нуруундаа үүрч ирсэн төрийн бус байгууллага та бүхэнтэй уулзаж санал солилцохоор Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын хувиар зориуд цаг гаргаж байна" гэлээ.
Эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл Шадар сайдад өөрсдийн санал хүсэлтээ уламжилсан. Шадар сайд Ө.Энхтүвшин тавьсан санал хүсэлтийг Засгийн газрын хуралдаанд оруулж холбогдох сайд нарт шийдвэр гаргуулах, хүүхэд эмэгтэйчүүд, эмзэг бүлэгт онцгойлон анхаарал хандуулахаа илэрхийллээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


