Хэн юу хэлэв...
А.Ананд: Ипотекийн зээлийг хойшлуулахад орлого буурсан гэх нотлох баримт шаардахгүй
Мөнгөний бодлогын газрын Макро зохистой бодлогын хэлтсийн захирал А.Анандтай ярилцлаа.
Ипотекийн зээлийн хугацааг 6 сараар хойшлуулах шийдвэр яг ямар зээлдэгчдэд хамааралтай вэ. 5, 8 хувийн хөнгөлөлттэй зээл авсан зээлдэгчдэд үү, эсвэл банкны эх үүсвэртэй ипотекийн зээлд хамрагдсан хүмүүст үйлчлэх үү?
- Энэ хөнгөлөлт маань төрөөс санхүүжүүлж байгаа 5 болон 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хувьд хэрэгжиж байгаа. Банкнаас санхүүжүүлсэн ипотекийн зээлд энэ хөнгөлөлт хэрэгжихгүй. Зургаан сар хүртэлх хугацаагаар хойшлуулахдаа тухайн иргэн маань банкинд ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөх шаардлагагүй. Зөвхөн хүсэлтээ тавихад хангалттай.
Иргэд хүсэлтээ өгөхөд тодорхой хугацаа тавьж байгаа юу?
- Зээлдэгч 5 дугаар сарын 1-нээс өмнө банкиндаа хүсэлтээ өгсөн байх ёстой. Улмаар 6 дугаар сарын 1-нээс өмнө банкин дээрээ очоод, гэрээ байгуулах хэрэгтэй.
Жишээ нь 8 хувийн ипотекийн зээл авсан иргэн банкинд орлогоо нотлох шаардлагатай юу?
- Банкнаас орлого нотлох ямар нэгэн бичиг баримт шаардахгүй.
Нэгэнт гаргасан шийдвэр хэрэгжихгүй байна гэх гомдол их байна. Монголбанкнаас гаргасан шийдвэр арилжааны банкуудад очсон болов уу?
- Монголбанк, МИК, ипотекийн зээлийг хэрэгжүүлж байгаа 11 арилжааны банк хоорондоо тохиролцоод, шийдвэрээ гаргасан. Шийдвэрийг арилжааны банкуудад хүргүүлсэн. Тэгэхээр одоо хэрэгжихэд ямар нэгэн асуудал байхгүй.
Иргэдийн хөндөж байгаа асуудлын хувьд жишээ нь банк 3 сарын хугацаанд үлдсэн зээлийнхээ нийт дүнгээс хүү тооцож авахаар байна гэх асуудлыг хөндсөн байна. Үүн дээр та хариулт өгөөч?
- Зээлээ хойшлуулсан 6 сарын хугацаанд үндсэн зээл болон хүүгийн төлбөр иргэдээс шаардах ёсгүй. Тухайн зээлдэгчийн эргэн төлөлт доголдсоноос хойш зээлийн үлдэгдэл хугацааг 6 сараар хойшлуулж, долоо дахь сараасаа анх төлж байсан хуваариараа төлөөд явна.
Хэрэглээний зээлийн үлдэгдэл хугацааг 12 сараар хойшлуулах шийдвэр гарсан. Хэрэглээний зээл гэж яг юуг хэлж байна вэ гэдэг дээр тайлбар хэлнэ үү?
- Хэрэглээний зээл гэдэг маань тухайн өрх, иргэдийн хувийн хэрэглээндээ зориулж байгаа зээлийн бүтээгдэхүүнийг л хэлж байгаа юм. Тухайлбал, малчны зээл, цалингийн зээл, лизинг, кредит картын зээл гэх мэтчилэн.
Хэрэглээний зээлийн хугацааг сунгахад ямар нэгэн бичиг баримт шаардах уу. Тухайлбал, иргэдийн хувьд хэрэглээний зээлийг хойшлуулах асуудал ажилгүй болчихсон иргэнд хамаарахгүй гэх асуудлыг хөндсөн байгаа?
- Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх тухайд арилжааны банкны зүгээс иргэний орлого ковид-19 цар тахлын улмаас хүндрэлд орсон гэдгийг өөрсдөө тогтооно. Банкны зүгээс байгууллагын тодорхойлолт эсвэл дансны хуулга болон бусад холбогдох материалуудыг үндэслэн өөрсдийн боломжит нөөцдөө тулгуурлан орлого тасалдсаныг тогтоож болно.
Тэгэхээр заавал бичиг баримтыг бүрдүүлж байж, тухайн банк өөрсдөө асуудлаа шийдвэрлэнэ гэж ойлгож болох уу?
- Банкууд үүнийг дотоод журмаараа зохицуулж өгнө. Монголбанкны зүгээс ийм, тийм бичиг баримт бүрдүүл гэсэн зүйл байхгүй. Гэхдээ Монголбанк энэ шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа. Энэ долоо хоногоос эхлээд, нөхцөл өөрчилсөн бүх хэрэглээний зээлийн мэдээллийг аваад, нэгтгэхээр төлөвлөж байна.
Хэрэглээний зээл авсан иргэд орлогоо нотлоод, 12 сараар зээлийн үлдэгдэл хугацааг сунгаж болно гэсэн үг үү?
- Тийм. Тухайн зээлдэгч эргэн төлөлт нь хүндэрсэн тохиолдолд 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор банкиндаа хүсэлтээ гаргана. Банкууд иргэдийн хүсэлтийг цахимаар болон бичгээр авч байгаа. Улмаар банкууд харилцагчтайгаа холбогдоод, холбогдох шийдвэрийг гаргаад, гэрээг шинэчлээд явна.
Ахмадуудын тэтгэврийн зээлд ч бас хамааралтай юу?
- Эргэн төлөлт нь хүндрэлд орсон тэтгэврийн зээл байхгүй. Тийм учраас тэтгэврийн зээлд үйлчлэхгүй гэж ойлгох хэрэгтэй.
Тэгэхээр хэрэглээний зээл болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэрэгжүүлэхэд ямар нэгэн саадгүй болсон гэж ойлгож болох уу?
- Хэрэглээний зээлийн хувьд дөрөвдүгээр сарын 13-нд Мөнгөний бодлогын шийдвэр гараад, 14-ний өдөр бүх банкуудад шийдвэрийг хүргүүлсэн. Ипотекийн зээлийн хувьд ч мөн адил бүх шийдвэрүүд очсон байгаа тул саадгүй хэрэгжээд явна.
Хэрэглээний зээлийн хувьд нийт зээлдэгчдийн тэдэн хувь нь хамрагдах боломжтой гэх судалгаа гарсан уу?
- Хэрэглээний зээлийн хувьд зээл авах дээд хугацаа нь 30 сар, зээлдэгчийн сарын төлбөр сарын орлогын харьцаа нь 60 хувиас хэтрэхгүй гэсэн хязгаарлалтууд 2019 оноос хойш авсан зээлүүдэд үйлчилж байдаг. 2019 оноос өмнө авсан буюу эдгээр хязгаарлалтаас давчихсан байгаа зээлүүдийн хувьд хугацаагаа сунгах боломжгүй байсан бол одоо хугацаагаа сунгаад зээлийн сарын төлөлтөө багасгах боломжтой болсон гэсэн үг. Энэ нь нийт зээлийн үлдэгдлийн ойролцоогоор 40 хувийг бүрдүүлж байгаа. Бусад зээлдэгчдийн хувьд зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулаад хугацаагаа сунгаад явах боломжтой байсан.
Иргэдийн зүгээс банкин дээр их хүнд суртал гаргаж байна, хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй гэх гомдлыг их хэлж байна шүү дээ?
- Одоо бүх шийдвэрийг банкуудад хүргэсэн учраас ийм асуудал гарахгүй.
Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Монголбанк
Хэн юу хэлэв...
Өглөөний нарыг унтаж алдаж, оройн харанхуйд тог цахилгаан худалдаж авсаар байх уу?
Зуны улиралд Улаанбаатарт нар өглөө 04:59 цагт мандаж, орой 20:40 цагт жаргаж байна. Өөрөөр хэлбэл байгалийн гэрэл өглөө эрт аль хэдийнэ хотыг гэрэлтүүлж эхэлдэг. Гэвч энэ үед олонх хүн унтаж байдаг. Харин орой 20:00 цагаас хойш айл өрх, үйлчилгээний байгууллага, хотын орчин даяараа гэрэл чийдэнгээ асааж эхэлдэг.
Эндээс маш энгийн атлаа бодлогын түвшинд ярих ёстой асуулт гарч ирнэ.
Бид өглөө 05:00-07:00 цагийн хооронд үнэгүй тусаж буй нарны гэрлийг бодитоор ашиглаж чадаж байна уу? Эсвэл оройн 20:00-22:00 цагийн харанхуйг улс даяараа цахилгаанаар нөхөж, байгалийн үнэгүй эрчим хүчийг унтаж өнгөрөөж байна уу?

Эрчим хүчний хэмнэлтийн тухай ярихдаа бид ихэвчлэн цахилгаан станц, импорт, оргил ачаалал, дамжуулах сүлжээ зэрэг том ойлголтыг ярьдаг. Гэвч бодит амьдрал дээр хамгийн өргөн хэрэглээ айл өрх бүрт, байгууллага бүрт, өрөө тасалгаа бүрт зэрэг үүсдэг жижиг жижиг асаалтаас бүрддэг.
Гал тогооны гэрэл, зочны өрөөний гэрэл, хүүхдийн өрөө, ариун цэврийн өрөө, орц, лифт, дэлгүүрийн хаяг, үйлчилгээний газрын гадна дотор гэрэлтүүлэг, гудамж талбайн гэрэл гээд анзаарагдахгүй хэрэглээ нийлээд маш том ачаалал болдог.
Хэрэв нар 20:00 цагийн орчимд жаргаж, хүмүүс шөнө дунд хүртэл сэрүүн байвал айл өрхүүд ойролцоогоор дөрвөн цагийн турш гэрэл асааж хэрэглэнэ. Харин цагийн зохицуулалт хийж, оройн нарны гэрлийг 22:00 цагийн орчим хүртэл ашиглах боломжтой болбол энэ хугацаа хоёр цаг болж багасна. Энэ нь зөвхөн нэг айлын нэг чийдэнгийн тухай асуудал биш. Хот даяар, айл өрх бүрт, байгууллага үйлчилгээ бүрт зэрэг үүсдэг хэрэглээний тухай асуудал юм.
Өөрөөр хэлбэл өглөөний нар унтаж өнгөрөх гэрэл болж, оройн харанхуй цахилгаанаар худалдаж авдаг цаг болж байна. Энэ бол эрчим хүчний бодлогын хувьд зайлшгүй тооцож үзэх ёстой өнцөг.
Гэхдээ энэ асуудал зөвхөн цахилгааны хэмнэлтээр хязгаарлагдахгүй. Оройн нар гэдэг бол гэр бүлийн цаг юм.
Харанхуй эрт болохоор айлын амьдрал өрөө өрөөндөө салдаг. Хүүхэд нэг өрөөнд, эцэг эх өөр өрөөнд, нэг нь утсаа оролдож, нөгөө нь зурагт үзэж, гэр бүлийн хамтын цаг багасдаг. Харин 22:00 цаг хүртэл гэгээтэй байвал гэр бүл хамт алхах, хүүхэдтэйгээ тоглох, ахмад настнаа салхилуулах, хөршүүд уулзах, иргэд гадаа идэвхтэй байх боломж нэмэгдэнэ.
Оройн гэрэл бол зөвхөн нарны тусгал биш. Энэ бол гэр бүлийн харилцаа, хүүхдийн хөдөлгөөн, иргэдийн аюулгүй байдал, хотын амьдралын чанар, сэтгэл санааны тав тухтай шууд холбоотой нийгмийн үнэт цаг юм.
Мөн энэ зохицуулалт бизнесийн байгууллагуудад ч бодит үр ашигтай. Дэлгүүр, кафе, ресторан, үйлчилгээний газруудын хамгийн идэвхтэй цаг ихэвчлэн орой байдаг. Хүмүүс ажлаа тараад худалдан авалт хийх, хооллох, гэр бүлээрээ гадуур гарах, алхах, үйлчилгээ авах нь нэмэгддэг.
Гэтэл харанхуй эрт болохоор үйлчилгээний байгууллагууд гадна хаяг, заал, үүд, шат, агуулах, хамгаалалтын гэрэлтүүлэг, гаднах талбайн гэрлээ зэрэг асаана. Энэ нь тухайн байгууллагын тог ашиглалт, гэрэлтүүлгийн зардлыг нэмэгдүүлдэг. Харин оройн гэгээ урт байвал гэрэлтүүлгийн хэрэглээ тодорхой хэмжээгээр багасч, үйлчлүүлэгчийн урсгал хадгалагдах хугацаа уртасна.
Өөрөөр хэлбэл оройн нар бол айл өрхийн хэмнэлт төдийгүй жижиг дунд бизнес, үйлчилгээний байгууллагын ашигт ажиллагааг дэмжих байгалийн үнэгүй нөөц юм. Хүмүүс харанхуй болохоор гэр рүүгээ яарах нь нэмэгддэг бол гэгээтэй орой үйлчилгээ авах, дэлгүүр хэсэх, хүүхэдтэйгээ гадуур алхах, гэр бүлээрээ цаг өнгөрүүлэх боломж илүү уртасдаг.
Ингээд харахад цагийн зохицуулалт гэдэг нь зүгээр нэг цагийн зүү урагшлуулах тухай асуудал биш юм. Энэ бол өглөө ашиглагдахгүй өнгөрч буй нарны гэрлийг оройн хамгийн идэвхтэй, хамгийн хэрэгтэй цагт шилжүүлэн ашиглах тухай асуудал юм.
Үүний үр дүн нь олон талтай байж болно. Айл өрхийн гэрэлтүүлгийн хэрэглээ буурна. Хотын оройн цахилгааны ачаалал багасна. Бизнесийн байгууллагуудын гэрэлд зарцуулах зардал тодорхой хэмжээгээр хэмнэгдэнэ. Үйлчилгээний байгууллагуудын ажиллах, ашиг олох боломжтой идэвхтэй цаг уртасна. Гэр бүл хамт байх, хүүхэд гадаа тоглох, иргэд алхах, хот амьдрах цаг нэмэгдэнэ.
Мэдээж цагийн хөдөлгөөн хийх эсэх асуудалд шууд шийдвэр гаргахын өмнө бодит тооцоо хэрэгтэй. 05:00-07:00 цагийн хооронд ашиглагдахгүй өнгөрч буй байгалийн гэрэл, 20:00-22:00 цагийн хооронд үүсэж буй цахилгаан хэрэглээ, айл өрхийн гэрэлтүүлэг, бизнесийн байгууллагуудын зардал, хотын гэрэлтүүлэг, оргил ачаалалд үзүүлэх нөлөөг нарийвчлан судлах шаардлагатай.
Гэхдээ нэг зүйл тодорхой. Эрчим хүчний хэмнэлт ярьдаг улс байгалийн үнэгүй гэрлийг хэрхэн зөв ашиглаж байгаагаа заавал эргэн харах ёстой.
Нар өглөө эрт мандаж, хүмүүс унтаж байх хооронд гэрэл дэмий урсаж, харин оройн идэвхтэй цагт айл өрх, бизнесийн байгууллага, хот даяараа цахилгаан гэрэл рүү шилжиж байгаа бол энэ нь бодлогын түвшинд ярих асуудал мөн.
Бид өглөөний нарыг унтаж алдаад, оройн харанхуйг цахилгаанаар худалдаж авсаар байх уу? Эсвэл байгалийн гэрлийг хүний амьдралын хамгийн хэрэгтэй цагтай нь уялдуулж ашиглах уу?
Энэ бол зөвхөн цагийн зүүний тухай маргаан биш. Энэ бол эрчим хүч, гэр бүл, бизнес, хотын амьдралын чанарын тухай асуудал юм.
Хэн юу хэлэв...
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 22-нд зохион байгуулна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшүүлэн томилогдож ажиллаж байсан С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ажилласан юм.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тэрбээр, сонгон шалгаруулалтын зарыг Parliament.mn болон олон нийтийн цахим хуудсаар нийтэлсний дагуу 19 төрийн бус байгууллагаас нэр дэвшигчийн материалыг ирүүлсэн талаар мэдээлэв.
Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчдийн материалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас шаардлагатай лавлагаа, мэдээллийг авчээ.
Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж, “Ажлын хэсгийн ажиллах түр журам”-ыг батлан мөрдсөн бөгөөд нэр дэвшигчдийн мэргэжил, нэр дэвшүүлсэн төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг харгалзан үзсэн байна.
Сонгон шалгаруулалтын дүнд нийт 19 нэр дэвшигчээс 10 нэр дэвшигчийг Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон холбогдох хууль, журмын шаардлагыг хангаагүй үндэслэлээр хасаж, үлдсэн 9 нэр дэвшигчийг шаардлага хангасан гэж дүгнэжээ.
Хуралдаанаар мөн нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Э.Адъяасүрэн, Ж.Билэгсайхан, Д.Наранцэцэг, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, Б.Энэрэлт, Л.Энхжин, Г.Энхбаяр, М.Төрманлай, Д.Гүн-Үйлс, Ч.Батцэнгэл нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.
Мөн нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхарыг сонгох тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцэслэн баталсан байна.
Хэн юу хэлэв...
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Тод зураг2020/01/06
Баярын өдрүүдэд хоол хүнсний гаралтай хордлого, халдвар гараагүй байна
-
Тод зураг2019/10/03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Үйл явдал2025/01/27
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Үйл явдал2021/03/08
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яагаад Т.Чимгээтэй биечлэн уулзав
