Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, өндөрлөг даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
2026 оны 09-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангайн ихэнх сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумд, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Дундговь, Төв аймгийн баруун өмнөд сумдын нутгаар 0.0-7.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэм, Алтайн өвөр говиор 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 12-14 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 9-11 хэм дулаан байна.
2026 оны 09-р сарын 26-наас
2026 оны 09-р сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас:25-26-нд шилжих шөнө Архангай, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дундговийн зарим сумдаар, 26-нд Булган, Төв, Сэлэнгэ, Дундговийн зарим сумд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, 26-27-нд шилжих шөнө Дорнодын зүүн сумдаар 0.0-5.0 мм бороо, уулаараа нойтон цас, 27-ны өдөр Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумдаар, 28-нд Сэлэнгийн ихэнх сумд, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар, 29-нд Төв аймгийн зүүн хойд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-8.0 мм бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 27-нд нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжилж, агаарын температур 27-нд нутгийн баруун хойд хэсгээр, 28-наас ихэнх нутгаар эрс хүйтэрч, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 7 хэм хүйтнээс 12 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


