Үйл явдал
НҮБ-ын зөвлөх Винстон Чан ОБЕГ-ын алба хаагчдад дэлхийн эрэн хайх, аврах ажиллагааны шинэ чиг хандлагыг танилцууллаа
НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх Винстон Чан Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, "Дэлхийн гамшгийн хариу арга хэмжээний шинэ чиг хандлага ба НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үүрэг" сэдвээр мэдээлэл хийлээ.
Уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болсон томоохон газар хөдлөлтийн гамшгаас авсан сургамж, олон улсын эрэн хайх, аврах ажиллагааны хөгжлийн чиг хандлага, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үйл ажиллагаа, олон улсын эрэн хайх, аврах багуудад тавигдаж буй шинэ шаардлагын талаар хэлэлцэв.
Мөн цаашид хот суурин газрын эрэн хайх, аврах ажиллагаанд баримтлах чиглэл, шинэ сорилт, хөгжлийн талаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Винстон Чан энэ сарын 28-31-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах хугацаандаа Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзахаас гадна НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн Хот доторх эрэн хайх, аврах гадаад ангиллын аттестатчилалд хамрагдах бэлтгэл ажлын явцтай танилцах юм.
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Хэн юу хэлэв...2023/05/05
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, УИХ-ын гишүүний эрх мэ...
-
Тод зураг2019/09/12
Smartcar системд шинэ үйлчилгээ нэмэгдлээ
-
Чөлөөт бүс2019/09/29
Жуулчдыг далласан Mongol nomadic-т өнжсөн нь
-
Хэн юу хэлэв...2019/06/30
“Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын стандартад нийцсэн 8.2 км авто з...
