Үйл явдал
Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлнэ
2026 оны Элсэлтийн шалгалт өнөөдөр буюу зургаадугаар сарын 25-нд Түүхийн хичээлээр эхэлнэ. 2026 оны "Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 87 хувь энэ оны төгсөгчид бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна. Мөн бүртгүүлэгчдийн 55 хувийг эмэгтэй , 45 хувийг эрэгтэй шалгуулагч эзэлж байна.
Нийт шалгуулагчдын 53.2 хувь нь нийслэл хотод, 46.8 хувь нь орон нутагт бүртгүүлсэн байна.Шалгуулагчид Математик, Англи хэл, Нийгэм судлал гэсэн хичээлүүдийг хамгийн их сонгон шалгуулахаар бүртгүүлсэн байна.
2026 оны Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна.
Бүртгэлийн хуудас /Таны бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Бүртгэлийн хуудас” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/
Суудлын хуваарь / Шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Суудлын хуваарь” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/
Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
Шалгуулагчид шалгалтын хуваарьт заасан цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу.

Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Дэлхий нийтээр..2025/04/28
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.С...
-
Дэлхий нийтээр..2020/10/13
Хөвсгөл аймгийн 531 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа
-
Үйл явдал2020/05/19
Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 643.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа
-
Үйл явдал2025/09/23
Энэ 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
