Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 28, 29-нд ихэнх нутаг цаг агаар тогтуун, дулаан байна.
2026 оны тавдугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өчигдрөөс дулаарч 21-23 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өчигдрөөс дулаарч 21-23 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өчигдрөөс дулаарч 19-21 хэм дулаан байна.
2026 оны тавдугаар сарын 29-нөөс
2026 оны зургаадугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 30, 31-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 6-р сарын 01-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Салхи 29-нд Алтайн уулархаг уулархаг нутгаар, 30, 31-нд нутгийн зарим газраар, 6-р сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 19-24 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 31, 6-р сарын 01-нд нутгийн хойд хагаст эрс сэрүүснэ.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Үйл явдал2026/04/28
Шар шороон шуурганы эсрэг Азийн орнууд хүчээ нэгтгэж эхэллээ
-
Дэлхий нийтээр..2021/10/29
Өнөөдөр Улаанбаатар хотын түүхт 382 жилийн ой
-
Үйл явдал2021/03/18
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
-
Дэлхий нийтээр..2020/06/26
СОНГУУЛЬ 2020: 5-р тойрог /Говь-Алтай аймаг/
