Үйл явдал
“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ын үндсэн тоног төхөөрөмжийн захиалгууд хийгджээ
Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн ажил үе шаттайгаар үргэлжилж байна. Тус станц нь нийслэлийн цахилгаан, дулааны хангамжийг сайжруулж, эрчим хүчний ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой юм.
Төслийн талбайд геологийн судалгааны өрөмдлөгийн ажил дууссан бөгөөд станцын үндсэн тоног төхөөрөмж болох зуух, турбин, генератор, трансформаторын захиалгыг хийжээ. Эдгээр тоног төхөөрөмж нь Монгол орны эрс тэс уур амьсгалд бүрэн нийцсэн байна. Мөн төслийн газар чөлөөлөлт, дэд бүтцийн шийдэл, техникийн нөхцөл болон зураг төслийн ажлууд үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд зураг төслийг “Митайм Интернэйшнл” компанийн туслан гүйцэтгэгч болох Повер Чайна Хэбэй Электрик Повер Инженер компани боловсруулж байна. Үүнээс гадна төслийн талбайн түр хашаа барих ажил эхэлжээ.
“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалттай 26.4 га талбайд барина. ДЦС-2 нь 1961 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 65 жилийн хугацаанд хуримтлагдсан үнсийг энэ оны дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн зөөвөрлөж байна. Төслийн нөлөөлөлд өртсөн 26 нэгж талбараас 25-ыг нь чөлөөлөөд байгаа юм.
Тус станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүсийг найдвартай, бие даасан эрчим хүч, дулааны эх үүсвэрээр хангах юм. Төслийн хүрээнд Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол зэрэг хүн амын нягтаршил өндөр, эрчимтэй тэлж буй бүсүүдийн эрчим хүч, дулааны хэрэглээг тогтвортой хангах боломж бүрдэх юм.
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
