Үйл явдал
УИХ-ын дарга Г.Занданшатар олон улсын “Виртуал парламент” сэдэвт онлайн хэлэлцүүлэгт оролцлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Д.Бадамдаш нар өчигдөр (2020.04.08) “Global Partners Governаnсе” олон улсын байгууллагаас зохион байгуулсан “Виртуал парламент” сэдэвт онлайн хэлэлцүүлэгт оролцлоо.

Уг онлайн хэлэлцүүлэг Их Британийн цагаар 09 цаг 30 минут, Монголын цагаар 16 цаг 30 минутад эхэлсэн бөгөөд нийт 25 оролцогч дэлхийн өнцөг булан бүрээс оролцож, Ковид-19 цар тахлын халдварын тархалтын үед парламентууд хэрхэн ажиллаж байгаа талаар ярилцаж, санал зөвлөмжөө солилцсон байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар онлайн хэлэлцүүлэгт оролцогчдод, “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа түүхэндээ анх удаа цахим технологийг ашиглаж, өнгөрөгч даваа гарагт гишүүдийн 70 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Дэлхий нийтээр коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрээд байгаа үед мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийн хүрээнд УИХ-ын Тамгын газар цахим хуралдааны бэлтгэлийг бүрэн хангаж, чуулганы хуралдаан нийт таван танхимд, гишүүдээ 1.5-2 метрийн зайтай суулган хуралдаж байна.

Мөн цаг үеийн үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулах төслийг хэлэлцэж байна. Улс оронд онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг цахим хурлын программ ашиглан зохион байгуулж, асуудлыг хэлэлцүүлж болох зохицуулалтыг хуульчлахаар ажиллаж байна. Ингэхдээ өөрийн дотоод цахим хурлын программыг ашиглаж байхаар хөгжүүлэлт хийж эхэлсэн” хэмээн танилцуулав.

“Виртуал парламент” сэдэвт онлайн хэлэлцүүлгийн талаар Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Д.Бадамдашаас тодрууллаа.
- "Global Partners Governаnсе" олон улсын байгууллагаас зохион байгуулсан онлайн хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцлоо. Ковид-19 цар тахлын тархалтын үед бусад улсын парламентууд хэрхэн ажиллаж байна вэ?
-“Global Partners Governаnсе” олон улсын байгууллагаас зохион байгуулсан “Виртуал парламент” онлайн хэлэлцүүлэгт АНУ, Австрали, Филиппин, Англи, Йемен, Пакистан, Киргиз, Африк, Монгол зэрэг улсын төлөөлөл оролцсон. Монгол Улс дахь Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кейнинг АНУ-аас оролцлоо. Үндсэн хууль болон парламентын дэг, шаардлагатай нөөц, боловсон хүчний хүрэлцээ, олон нийттэй харилцах, мэдээлэл түгээх стратеги, парламентын технологийн чадавх, бэлэн байдал гэсэн үндсэн асуудлын хүрээнд ярилцлаа.
Бусад улсын парламент манайхтай адилаар онлайн хурлын горимд шилжих, эсхүл гишүүд хуралдаандаа бүгд биечлэн оролцохгүйгээр бүлгийн даргаараа уламжлан саналаа илэрхийлэх зэргээр зохицуулж байна. Тухайлбал, Бундестагийн гишүүдийн дөрөвний нэг нь хуралдаанд оролцоход хангалттай гэж үзэж байх жишээтэй.
- Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг парламентаар хэлэлцэж байна. Энэ нэмэлт, өөрчлөлтийг хийхэд анхаарах шаардлагатай асуудлуудын талаар ярилцав уу?
-“Global Partners Governаnсе” байгууллагын олон улсын зөвлөхүүд Үндсэн хууль болон дэгийн хуулиудад өөрчлөлт оруулахдаа хэд хэдэн анхаарах шаардлагатай асуудлыг хөндсөн. Хамгийн нэгдүгээрт Үндсэн хуулийн суурь зарчмаасаа гажихаас сэргийлэх юм. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газарт эрх мэдэл төвлөрөх хандлагатай байна. Жишээлбэл, Англид Коронавирус -2020 хуулийг баталж, Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлсэн.
Урьдчилж тооцоолох боломжгүй олон эрсдэл үүсэх магадлалтай учраас харилцан хяналт-тэнцлийн зарчмыг хангах үүднээс парламентаас Засгийн газарт тавих хяналтаа сулруулж болохгүй. Эрх мэдлийг Засгийн газарт төвлөрүүлэх явцад хүний эрхийг зөрчих асуудал гаргахаас урьдчилан сэргийлэх ёстой. Мөн бүх үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгаж, үр ашигтай шийдвэрийг гаргаж, нийгмийн бүхий л давхаргын тэгш байдлыг хангахад анхаарахыг олон улсын зөвлөхүүд сануулж байна. Түүнчлэн парламент дотроо олонх, цөөнхийн төлөөллийн тэгш байдлыг хангах, парламентын гишүүд нэгнийгээ онлайнаар дайрч, дарамтлах, үүнээс үүдэн хуурамч мэдээлэл түгэх зэрэг эрсдэл үүсэхээс сэргийлэхэд гишүүд өөрсдөө болон Тамгын газрууд хариуцлагатай ажиллах хэрэгтэй болж байна.
Мөн цахим хурал зохион байгуулах нөөц, дэд бүтцийн асуудлыг хөндөж ярилцлаа. Интернэтийн хурд, компьютер, техник хангамжийн хүрэлцээ, санхүүгийн зардал, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн ажилтны хүрэлцээ зэрэг асуудал улс орон бүрт харилцан адилгүй. Гэхдээ шийдэх ёстой асуудлын нэг болж байна. Цахим парламентын үйл ажиллагаа урт хугацааны шийдэл үү, богино хугацаанд буюу үүссэн нөхцөл байдалд л хэрэгжих үү гэдгээс шалтгаалаад зохицуулалтууд хийх шаардлагатай.
Иргэд, олон нийтийг үнэн бодит мэдээллээр шуурхай хангах асуудал ч чухлаар хөндөгдөнө. Олон нийттэй харилцах үйл ажиллагааг идэвхтэй явуулж, олон сувгаар мэдээллийг түгээх хэрэгцээ гарч байна. Мэдээж энгийн үеийн мэдээлэл түгээх байдлыг гүйцэхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, зорилтот бүлэгт мэдээлэл хүргэх стратеги чухал. Телевиз, радио, сонин, сайтаас гадна сошиал медиаг ашиглах хэрэгтэй. Ингэхдээ мэдээллийг сабтайтл бичиг, дохионы хэлмэрчтэй хүргэх зэрэг олон асуудал байна.
- Парламентууд хоорондоо туршлага солилцох боломж ямар байна вэ?
-Парламент ардчилал, хүний эрхийг хангах чухал институт. Иймд парламентууд хоорондын уялдаа, хамтын ажиллагаа, шуурхай мэдээлэл солилцох нь эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд маш чухал. ОУПХ энэ тал дээр идэвхтэй ажиллаж байна. Өчигдөр болсон виртуал хэлэлцүүлэг ч туршлага, мэдээлэл солилцож байгаа хэлбэр юм. Энэ хэлэлцүүлэгт парламентын гишүүн байсан, парламентын шинэчлэлийн чиглэлээр ажиллаж байсан, Үндсэн хууль, парламентын чиглэлийн судлаачид зэрэг төрийн болон улс төрийн албан тушаалыг олон жил хашсан, туршлагатай зөвлөхүүд оролцсон.
-“Global Partners Governаnсе” олон улсын байгууллагын талаар мэдээлэл өгөөч?
- Энэ байгууллага Английн Лондон хотод төвтэй, дэлхийн 30 гаруй оронд улс төрийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Төв болон бүс нутгийн төр засгийн байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай олон улсын зөвлөхүүдтэй. Улс төрийн бүтэц, үйл явц хүний үйл ажиллагаанаас шууд хамааралтай учраас хувь хүнд чиглэсэн үйл ажиллагааг түлхүү явуулдаг.
- Ярилцсанд баярлалаа.
Үйл явдал
“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав
“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт /2026.10.18/ Ховд аймагт болов. Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орсноор Евразийн зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлох үүд нээгдэнэ.
Экспортыг дэмжих логистикийн төвийг Ховд аймагт байгуулна. Эрдэнэбүрэнгийн УЦС баруун бүсийн эрчим хүчний тусгаар тогтнолыг хангах том төсөл гэдгийг хүн бүр ойлгож, дэмжих нь чухал гэлээ. Мөн "Ховд эко цемент" үйлдвэрийн бүтээн байгуулалтаар бахархаж буйгаа Ерөнхий сайд хэлээд Засгийн газар хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэн бүрээ дэмжинэ гэв.

Засгийн газар 2026 оны улсын төсвийн тодотголыг өргөн мэдүүлж, төрийн зардлаас 1.4 их наяд төгрөг танаж батлуулсныг танилцуулав. Хэмнэсэн зардлыг иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх, өрхийн бодит орлогыг хамгаалахад зориулна гэдгийг онцлов. Тухайлбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 01-нээс ахмадууд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр 26 хувиар нэмэгдэж 600 мянган төгрөг, асран хамгаалагчдын тэтгэмжийг мөн 12 хувиар нэмсэн. Эмч, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг жигд 50 хувиар нэмнэ. Багш, боловсролын салбарын ажилтны цалинг бүтэн жилээр нь олгоход дутагдаж байсан 674.5 тэрбум төгрөгийг батлуулсан. Мах, гурил, хүнсний ногооны нөөц бүрдүүлнэ. Цахилгааны үнэ нэмэхгүй. Шатахууны импортын татварыг тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлнэ гэлээ.

Мөн 2027 оны төсвийн төслийн онцлох есөн шийдвэрийг танилцуулав. Монгол Улс анх удаа Оюу толгойгоос хүртэх ногдол ашиг гурван их наяд төгрөгийн өгөөжийг ард түмэндээ хүргэнэ. 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, өвлүүлэх, бэлэглэх, арилжих нөхцөл бүрдүүлнэ. Татварын реформ хэрэгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжийг 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлнө. Тэтгэврийн реформоо үргэлжүүлж дундаж тэтгэврийг 1.3 сая төгрөгт хүргэнэ. Ахмадуудыг эмийн үнийн дарамтаас чөлөөлнө, иргэдийн эмэнд төлөх 79 тэрбум төгрөгийг халаасанд нь үлдээнэ. 16 мянган өрхийг орон сууцтай болгоно. Төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувь нэмнэ. Эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулж “Ногоон сургууль”-ийн тоог нэмнэ зэрэг иргэн, бизнес эрхлэгчдээ дэмжих төсвийн төслөө дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Мөн Засгийн газрын хэрэгжүүлж буй Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо танилцуулсан. Төсвийн орлогод эзлэх татварын орлогын хэмжээг үе шаттайгаар бууруулж иргэд, аж ахуй нэгжийг дэмжинэ. Засгийн газар төрийн өмчит компаниудыг татан буулгаж байна. ТӨК-иудын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Баялгийн сангаас иргэн бүр тэгш өгөөж хүртэх боломжийг нээнэ. Баялгаа олборлох бус боловсруулж, нэмүү өртөг бий болгох хүрээнд Ган, Зэс боловсруулах цогцолбор, Нүүрс-пиролизын үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийн төслийг эхлүүлсэн. Эдгээр төслийн үр дүнд 2030 он гэхэд 41 мянган шинэ ажлын байр бий болно. Үйлдвэрүүдэд ажиллах хүний нөөцийн суралцах зардлыг Боловсролын зээлийн сангаас шийдвэрлэнэ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулж, түлш, шатахууны хэрэглээнийхээ 50 хувийг хангана. 2030 он гэхэд 3199 МВт хүчин чадалтай болж эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлнэ. Хүнсний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнэ тогтворжуулах бодлого баримтална. 50 мянган яндан буулгаж, 100 мянган айлыг орон сууцанд хамруулна. Авлигатай ил тод тэмцэнэ. 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Одоо 27 хувьтай байгаа ядуурлын түвшинг 15 хувь хүртэл бууруулна гэлээ.

Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмж, тэтгэврийн шударга тогтолцооны суурийг тавьж, эмийн үнийн дарамтыг багасгаж буйд Ховд аймгийн иргэд талархал илэрхийлэв.
Улсын хэмжээнд 1600 гаруй цаг уурч байдаг. Нарийн мэргэжлийн энэ хүмүүсийн цалин хөлс, нийгмийн асуудал орхигдсон байсныг Засгийн газар шийдвэрлэж, анхаарч буйд тэд баяртай байгаагаа хэллээ.
Мөн Халзанбүрэгтэй төслийн хүрээнд орон нутгийнхны санал хүсэлтийг бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсэв.




Үйл явдал
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллалаа.
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нийслэлийн авто зам, байгууламжийн засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээ, ашиглалтыг хариуцан ажилладаг. Энэ онд нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж буй 18 төсөл, арга хэмжээний хүрээнд нийт 42 байршилд засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хотын чухал эд эс. Авто замын засвар, шинэчлэлийн ажлууд түгжрэл, амьдралын чанартай шууд холбоотой. Иймд явган хүний зам, авто замын эвдрэлийг чанартай засаж, насжилт хэтэрсэн замуудыг шинээр барьж, ажлыг эрэмбэлэх нь чухал. Машин, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, асфальтбетон үйлдвэрлэлийн зардал, уг үйлдвэрлэлд зориулж дайрга олборлох асуудлыг судлах, нийт асуудлыг нэгтгэн танилцуулахыг нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярт хариуцуулъя” гэв.
Ажиллах хүчний нөхцөл, авто баазын парк шинэчлэл болон асфальтбетоны үйлдвэрлэлийн зардлыг багасгаж, бүтээмжийг сайжруулснаар ажлын бүтээмж 3-4 дахин нэмэгдэх боломжтойг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас танилцууллаа.



Үйл явдал
Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.
Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.
Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.





-
Дэлхий нийтээр..2025/08/28
2026 оны төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ
-
Дэлхий нийтээр..2023/04/10
Эзэмшиж буй газраа өмчлөх иргэдийн хүсэлтийг цахимаар шийдвэрлэнэ
-
Дэлхий нийтээр..2025/11/06
Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг шалгаж байна
-
Дэлхий нийтээр..2021/03/12
Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд аймгийн Онцгой комиссоос...
