Үйл явдал
Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Хуралдаанд оролцох ёстой Улсын Их Хурлын 29 гишүүнээс Ч.Анар, М.Бадамсүрэн, Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир, Д.Ганбат, Л.Гантөмөр, Х.Жангабыл, С.Лүндэг, П.Наранбаяр, Г.Очирбат, Г.Хосбаяр, Ө.Шижир, Л.Энхнасан, Д.Энхтүвшин нар хүрэлцэн иржээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр хуралдаан эхэллээ. Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэх дэгтэй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асуух, зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзэв. Иймд санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодод хүргүүлэхээр шийдвэрлэв.
Дараа нь Австралийн Холбооны Улсын Сидней хот, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар тус тус нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм.
Хилийн чанадад ажиллах Дипломат төлөөлөгчийн газрыг шинээр нээн ажиллуулах, түвшин, байршлыг тогтоох саналыг Улсын Их Хуралд зөвшилцөхөөр ирүүлсэн бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргах дэгтэй. Энэ сарын 06-ны өдөр Засгийн газраас уг саналыг ирүүлсэн болохыг Г.Тэмүүлэн дарга хуралдаанд танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хуралдаанд холбогдох танилцуулгыг хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд дээрх хоёр хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах асуудлаар холбогдох судалгааг хийжээ. Засгийн газар энэ оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар уг саналыг хэлэлцэн дэмжсэн бөгөөд холбогдох зардлыг Гадаад харилцааны яамны батлагдсан төсвийн багцад багтаан санхүүжүүлэхээр тусгажээ.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2025 оны байдлаар 9000 орчим монгол иргэн оршин сууж байгаагаас 5300 орчим нь Франкфурт хотын ойролцоох таван мужид амьдарч байгаа аж. Австралийн Холбооны Улсад 2025 оны байдлаар 24650 гаруй монгол иргэн оршин сууж байгаа нь хилийн чанадад оршин сууж байгаа монголчуудын тоогоор гуравдугаарт жагсах үзүүлэлт хэмээн сайд тодотгов. Франкфурт, Сидней хотуудад Ерөнхий консулын газар нээснээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Австралийн Холбооны Улстай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк, санхүү, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой болохыг Б.Батцэцэг сайд танилцуулсан. Мөн Берлин, Канберра дахь Элчин сайдын яамнаас алслагдмал хотуудад амьдарч буй монгол иргэдэд консулын үйлчилгээг шуурхай хүргэх боломжийг бүрдүүлж буйгаараа чухал болохыг тодотгож байв.
Цаашид хилийн чанад дахь монгол иргэд, тэдгээрийн үүсгэн байгуулсан холбоод, хүүхэд, залууст чиглэсэн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуульд санал өгөх эрхээ эдлэх боломжоор хангахад шинээр нээх Дипломат төлөөлөгчийн газрууд чухал үүрэгтэй болохыг дурдсан. Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Австралийн Холбооны Улсын Гадаад хэргийн яамдаас Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрыг нээх асуудлыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Л.Энхнасан, Д.Бум-Очир, Ч.Анар нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, Гадаад харилцааны сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав.
Монгол иргэдийн төвлөрөл ихтэй хотуудад консулын үйлчилгээг хүргэх нь зүйтэй гэдэг байр суурийг П.Наранбаяр гишүүн илэрхийлээд Монгол Улсын Ерөнхий консулын газрыг Франкфурт хотноо нээхэд 606 мянган ам.долларын, Сидней хотноо нээхэд 597 мянган ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэж тооцсон байгааг тэмдэглэн, төсөвт хэрхэн тусгах төлөвлөгөөтэй байгааг лавлав. Санал тусгагдсан хотуудад Монгол Улсын Ерөнхий консулын газрыг тус бүр 4 орон тоотойгоор байгуулахаар холбогдох зардлыг төсөвт тусгасан байгаа гэх хариултыг сайд өгсөн.
Л.Энхнасан гишүүн дээрх улсуудад сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн талаар тодруулан асуухад “Холбооны Бүгд Найрамдах Герман Улс 8962 иргэн оршин сууж байгаагийн 5247 нь Франкфурт хот орчимд амьдарч байна. Ихэнх нь хөдөлмөр эрхэлдэг, холимог гэр бүлтэй. Харин Австралийн Холбооны Улсын Сидней хот орчимд 14784 монгол иргэн оршин сууж байна. Дийлэнх нь суралцдаг, мөн хөдөлмөр эрхэлдэг гэх мэдээлэл бий” хэмээсэн. Сидней хотыг онцлон сонгосон шалтгааны талаар лавлахад “Канберра дахь Элчин сайдын яамнаас жилд авдаг консулын үйлчилгээ болон монгол иргэдийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа нөхцөл байдлыг үндэслэж Сидней хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар байгуулах саналыг оруулж ирж байгаа. Түүнчлэн тус хотын ойролцоох мужуудад Монгол Улсын олон иргэн оршин сууж байгаа юм” гэж ажлын хэсгээс хариулав.
Д.Бум-Очир гишүүн хилийн чанад дахь монгол иргэдийн Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуульд оролцох эрхийг хангах асуудлыг хөндөж, боловсруулж буй төсөлдөө уг асуудлыг хэрхэн тусгаж буй талаараа товч мэдээлэл өгсөн. Тэрбээр цаашид ямар хотуудад Дипломат төлөөлөгчийн газрыг нээх шаардлага байгаа талаар асуулаа.
Б.Батцэцэг сайд хариулахдаа Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, Испанийн Хаант Улс, Ирланд Улсад консулын газар нээх шаардлага байгааг хэлж, Өмнөд Африкийн аль нэг улсад Элчин сайдын яам нээх саналыг олон жилийн туршид ярьж байгааг дурдсан юм. Монгол Улсын гадаад харилцаа өргөжин тэлж байгааг Д.Бум-Очир гишүүн тэмдэглээд, эл шалтгааны улмаас хилийн чанадад ажиллах Дипломат төлөөлөгчийн газрыг шинээр нээх асуудлыг дэмжихээ илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар цаашид хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх агуулгаар гадаад харилцааг хөгжүүлэх, Дипломат төлөөлөгчийн газрыг шинээр нээхдээ энэ төрлийн ач холбогдлыг чухалчлах шаардлагын талаар байр сууриа илэрхийлж, холбогдох тодруулгыг хийсэн юм.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 58.5 хувь нь Австралийн Холбооны Улсын Сидней хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газрыг нээн ажиллуулахыг дэмжив. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх буюу Улсын Их Хурлын 10 гишүүн дэмжсэн. Иймд энэ асуудлаарх Байнгын хорооны хуралдааны тэмдэглэл болон санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.
Үйл явдал
“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав
“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт /2026.10.18/ Ховд аймагт болов. Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орсноор Евразийн зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлох үүд нээгдэнэ.
Экспортыг дэмжих логистикийн төвийг Ховд аймагт байгуулна. Эрдэнэбүрэнгийн УЦС баруун бүсийн эрчим хүчний тусгаар тогтнолыг хангах том төсөл гэдгийг хүн бүр ойлгож, дэмжих нь чухал гэлээ. Мөн "Ховд эко цемент" үйлдвэрийн бүтээн байгуулалтаар бахархаж буйгаа Ерөнхий сайд хэлээд Засгийн газар хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэн бүрээ дэмжинэ гэв.

Засгийн газар 2026 оны улсын төсвийн тодотголыг өргөн мэдүүлж, төрийн зардлаас 1.4 их наяд төгрөг танаж батлуулсныг танилцуулав. Хэмнэсэн зардлыг иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх, өрхийн бодит орлогыг хамгаалахад зориулна гэдгийг онцлов. Тухайлбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 01-нээс ахмадууд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр 26 хувиар нэмэгдэж 600 мянган төгрөг, асран хамгаалагчдын тэтгэмжийг мөн 12 хувиар нэмсэн. Эмч, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг жигд 50 хувиар нэмнэ. Багш, боловсролын салбарын ажилтны цалинг бүтэн жилээр нь олгоход дутагдаж байсан 674.5 тэрбум төгрөгийг батлуулсан. Мах, гурил, хүнсний ногооны нөөц бүрдүүлнэ. Цахилгааны үнэ нэмэхгүй. Шатахууны импортын татварыг тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлнэ гэлээ.

Мөн 2027 оны төсвийн төслийн онцлох есөн шийдвэрийг танилцуулав. Монгол Улс анх удаа Оюу толгойгоос хүртэх ногдол ашиг гурван их наяд төгрөгийн өгөөжийг ард түмэндээ хүргэнэ. 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, өвлүүлэх, бэлэглэх, арилжих нөхцөл бүрдүүлнэ. Татварын реформ хэрэгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжийг 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлнө. Тэтгэврийн реформоо үргэлжүүлж дундаж тэтгэврийг 1.3 сая төгрөгт хүргэнэ. Ахмадуудыг эмийн үнийн дарамтаас чөлөөлнө, иргэдийн эмэнд төлөх 79 тэрбум төгрөгийг халаасанд нь үлдээнэ. 16 мянган өрхийг орон сууцтай болгоно. Төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувь нэмнэ. Эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулж “Ногоон сургууль”-ийн тоог нэмнэ зэрэг иргэн, бизнес эрхлэгчдээ дэмжих төсвийн төслөө дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Мөн Засгийн газрын хэрэгжүүлж буй Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо танилцуулсан. Төсвийн орлогод эзлэх татварын орлогын хэмжээг үе шаттайгаар бууруулж иргэд, аж ахуй нэгжийг дэмжинэ. Засгийн газар төрийн өмчит компаниудыг татан буулгаж байна. ТӨК-иудын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Баялгийн сангаас иргэн бүр тэгш өгөөж хүртэх боломжийг нээнэ. Баялгаа олборлох бус боловсруулж, нэмүү өртөг бий болгох хүрээнд Ган, Зэс боловсруулах цогцолбор, Нүүрс-пиролизын үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийн төслийг эхлүүлсэн. Эдгээр төслийн үр дүнд 2030 он гэхэд 41 мянган шинэ ажлын байр бий болно. Үйлдвэрүүдэд ажиллах хүний нөөцийн суралцах зардлыг Боловсролын зээлийн сангаас шийдвэрлэнэ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулж, түлш, шатахууны хэрэглээнийхээ 50 хувийг хангана. 2030 он гэхэд 3199 МВт хүчин чадалтай болж эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлнэ. Хүнсний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнэ тогтворжуулах бодлого баримтална. 50 мянган яндан буулгаж, 100 мянган айлыг орон сууцанд хамруулна. Авлигатай ил тод тэмцэнэ. 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Одоо 27 хувьтай байгаа ядуурлын түвшинг 15 хувь хүртэл бууруулна гэлээ.

Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмж, тэтгэврийн шударга тогтолцооны суурийг тавьж, эмийн үнийн дарамтыг багасгаж буйд Ховд аймгийн иргэд талархал илэрхийлэв.
Улсын хэмжээнд 1600 гаруй цаг уурч байдаг. Нарийн мэргэжлийн энэ хүмүүсийн цалин хөлс, нийгмийн асуудал орхигдсон байсныг Засгийн газар шийдвэрлэж, анхаарч буйд тэд баяртай байгаагаа хэллээ.
Мөн Халзанбүрэгтэй төслийн хүрээнд орон нутгийнхны санал хүсэлтийг бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсэв.




Үйл явдал
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллалаа.
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нийслэлийн авто зам, байгууламжийн засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээ, ашиглалтыг хариуцан ажилладаг. Энэ онд нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж буй 18 төсөл, арга хэмжээний хүрээнд нийт 42 байршилд засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хотын чухал эд эс. Авто замын засвар, шинэчлэлийн ажлууд түгжрэл, амьдралын чанартай шууд холбоотой. Иймд явган хүний зам, авто замын эвдрэлийг чанартай засаж, насжилт хэтэрсэн замуудыг шинээр барьж, ажлыг эрэмбэлэх нь чухал. Машин, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, асфальтбетон үйлдвэрлэлийн зардал, уг үйлдвэрлэлд зориулж дайрга олборлох асуудлыг судлах, нийт асуудлыг нэгтгэн танилцуулахыг нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярт хариуцуулъя” гэв.
Ажиллах хүчний нөхцөл, авто баазын парк шинэчлэл болон асфальтбетоны үйлдвэрлэлийн зардлыг багасгаж, бүтээмжийг сайжруулснаар ажлын бүтээмж 3-4 дахин нэмэгдэх боломжтойг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас танилцууллаа.



Үйл явдал
Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.
Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.
Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.





-
Үйл явдал2019/12/02
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Дэлхий нийтээр..2023/05/16
Тээврийн хэрэгслийн улсын дугаар худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарл...
-
Тод зураг2019/07/18
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үйл явдал2021/04/05
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
