Үйл явдал
COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа
Энэ оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай болон COP17 Зам, тээвэр, логистикийн дэд хороо, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн холбогдох удирдлагуудын оролцлоо.
2026 оны 08 дугаар сард зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд уг уулзалтыг зохион байгуулж, замын хөдөлгөөний зохицуулалт, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцох, байгууллагуудын уялдаа холбоог хангах зорилгоор хуралдав.
Тус хурлаар Олон Улсын энэхүү томоохон арга хэмжээний үеэр нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, тээврийн хэрэгслийн урсгалыг оновчтой зохион байгуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний удирдлага, хяналтыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурлын үеэр Монгол Улсад хүрэлцэн ирэх гадаадын зочид, төлөөлөгчдийн аюулгүй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх нь чухал болохыг тэмдэглээд, замын хөдөлгөөний зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулах, ая тухтай орчин бүрдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын үзэсгэлэнт байгаль, онцлогийг мэдрүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатайг дурдав.
Мөн замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх ажлын уялдаа холбоог хангах, үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр санал нэгдэн, дахин хуралдахаар тохиролцов.
Үйл явдал
“Эль Хардинеро” хочит картелийн толгойлогчийг шуудуунд нуугдаж байхад нь илрүүлжээ
Мексикийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулдаг хар тамхины томоохон бүлэглэл болох "Jalisco New Generation Cartel"-ийн нэгэн толгойлогчийг эрх баригчид баривчилсан талаар албаны эх сурвалжууд мэдээллээ.
“Эль Хардинеро” хочоороо танигдсан уг этгээдийг эрх баригчид нуугдаж байсан шуудуунаас илрүүлсэн байна. Түүнийг баривчлах ажиллагааг тус улсын аюулгүй байдлын хүчнийхэн явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Албаныхны мэдээлснээр, баривчлагдсан этгээд нь тус картелын бүс нутгийн үйл ажиллагааг зохион байгуулж, хар тамхи тээвэрлэх, хамгаалах сүлжээг хариуцдаг байсан байж болзошгүй байна.
"Jalisco New Generation Cartel" нь Мексикийн хамгийн хүчирхэг, аюултай бүлэглэлүүдийн нэгт тооцогддог бөгөөд олон улсын хэмжээнд хар тамхины наймаа, хүчирхийллийн гэмт хэрэгт холбогддог ажээ.
Үйл явдал
Баруун бүс эрчим хүчээр
Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт "Сэргээгдэх эрчим хүч" үзэсгэлэн, хэлэлцүүлэг өчигдөр /2026.04.27/ болж, салбарынхан болон төр засгийн удирдлагууд цугларлаа. УИХ-ын дарга С.Бямбацогт тус арга хэмжээнд оролцохдоо баруун аймгууд өнөөдрийг хүртэл Орос, Хятадаас эрчим хүчний хараат байгааг дурдаад, энэ байдлыг халж, өөрсдөө тог цахилгаанаа хангадаг болох нь улс орны тусгаар тогтнолын амин чухал асуудал гэдгийг онцлов.
Хамгийн сонирхолтой нь, айл өрхүүд одоо зөвхөн тог хэрэглэдэг биш, харин "үйлдвэрлэгч" болох боломж бүрэн нээгджээ. Шинэ журмаар айл өрхүүд 20 кВт хүртэлх хүчин чадалтай нар, салхины үүсгүүр тавиад, илүү гарсан эрчим хүчээ ямар нэгэн хүнд сурталгүйгээр төв сүлжээндээ буцааж зараад мөнгө олох боломжтой болсон байна. Энэ нь өрхийн төсөвт нэмэр болохоос гадна улсын эрчим хүчний ачааллыг хуваалцах том шийдэл юм.
Мөн бүс нутгийн хэмжээнд томоохон бүтээн байгуулалтууд эрчээ авч байгааг дуулгалаа. Тухайлбал, Ховдын Мянгад суманд нарны том станц, аварга батарей хуримтлуурын систем барих ажил эхэлсэн бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баруун бүсийг найдвартай эрчим хүчээр хангах гол түшиц газар болох нь ээ. Уг арга хэмжээг санаачилсан УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн хэлснээр, энэхүү үзэсгэлэн цувралаар 12 дахь аймагтаа ийнхүү амжилттай болж, 20 орчим аж ахуйн нэгж өөрсдийн технологио танилцуулж байна.
Үйл явдал
ӨНӨӨДӨР: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг дэлхий нийтээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг ажлын байран дахь осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачилсан уг өдөр нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх, ажил олгогч, ажилтнуудын хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэдэг.
2026 онд уг өдрийг “Хиймэл оюун ба дижитал технологиор хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах нь” сэдвийн дор тэмдэглэж байна. Энэхүү сэдвийн хүрээнд ажлын байранд хиймэл оюун, автоматжуулалт, дижитал шийдлүүдийг нэвтрүүлэх замаар эрсдэлийг урьдчилан илрүүлэх, осол гэмтлийг бууруулах боломжийг онцолж байгаа юм.
Гэвч технологийн дэвшил нь шинэ төрлийн эрсдэлийг дагуулж болзошгүй тул хүний аюулгүй байдал, эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих шаардлагатайг олон улсын байгууллагууд анхааруулж байна.
Дэлхийн хэмжээнд жил бүр сая сая хүн ажлын байртай холбоотой осол, өвчлөлд өртдөг бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх нь улс орнуудын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд чухал нөлөөтэйд тооцогддог.
-
Дэлхий нийтээр..2024/04/01
Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулна
-
Дэлхий нийтээр..2024/02/04
ФОТО: Имартын хамт олон эмнэлгийн орчинд цас, мөстэй явган хүний замыг цэвэрлэжэ...
-
Дэлхий нийтээр..2023/07/07
Спорт загасчлалын үйл ажиллагааны хяналтыг нэмэгдүүлж байна
-
Дэлхий нийтээр..2023/04/06
Иргэний бүртгэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байг...
