Үйл явдал
АНУ, Ираны төлөөлөгчид НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлын үеэр хурц маргалдав
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Ойрхи Дорнодын нөхцөл байдлын асуудлаарх хурлын үеэр АНУ болон Ираны төлөөлөгчид хоорондоо хурц маргаан өрнөсөн талаар барууны хэвлэлүүд мэдээлжээ.
Хурлын үеэр Ираны НҮБ дахь төлөөлөгч Амир-Саид Иравани АНУ-ыг бүс нутгийн мөргөлдөөнийг өдөөж, нөхцөл байдлыг хурцатгаж байна гэж буруутгасан байна. Тэрээр АНУ-ын төлөөлөгчид хандан “өөрийгөө барьж, болгоомжтой бай” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн гэж мэдээлжээ.
Үүний дараа АНУ-ын төлөөлөгч Майк Уолтз Ираны дэглэмийг хатуу шүүмжилж, бүс нутгийн тогтворгүй байдлын гол эх үүсвэр гэж мэдэгдсэн байна. Тэрээр Ираныг:
- бүс нутгийн мөргөлдөөнийг өдөөсөн
- зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжсэн
- хүний эрх зөрчсөн
- иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн
гэж буруутгасан талаар мэдээлж байна.
Аюулгүйн зөвлөлийн хурлын үеэр ийм шууд, хурц үг хэллэг ашиглах нь дипломат хэвийн харилцаанаас давсан явдал гэж ажиглагчид үзэж байна. Энэ нь АНУ, Ираны харилцаа улам дордож буйг харуулж буй дохио гэж үнэлж байна.
Ялангуяа Ойрхи Дорнодын хэд хэдэн чиглэлд нөхцөл байдал хурцдаж байгаа энэ үед маргаан өрнөсөн нь анхаарал татаж байна. Тухайлбал:
- Израиль
- Ливан
- Йемен
- Иран
гэсэн бүсүүдэд хурцадмал байдал нэмэгдэж, мөргөлдөөн өргөжих эрсдэл нэмэгдээд байгаа юм.
Шинжээчдийн үзэж буйгаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн түвшинд ийм хурц маргаан өрнөх нь дипломат шатнаас цэрэг-улс төрийн хурцадмал байдал руу ойртож буй дохио байх магадлалтай гэж үзэж байна.
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Үйл явдал2019/06/28
Салхитын орд, 7 шүүгч, 125 сая ам.долларын талаар УИХ-ын дарга мэдээлэл хийгээгү...
-
Үйл явдал2022/11/08
УИХ: Байнгын хороодын хуралдаан болно
-
Дэлхий нийтээр..2021/03/02
Тусгай нислэгийн тийзийн үнэ 15 хувиар хямдарна
-
Дэлхий нийтээр..2021/06/29
С.Баярцогт нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшлов
