Үйл явдал
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажлыг хийж байна
Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.
Сонгуульд нэр дэвшигч нь Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг” маягтын дагуу тус газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд мэдүүлгээ хуулийн хугацаанд цахимаар гаргаж бүртгүүлнэ.
Дээрх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах эрхийг https://meduuleg.iaac.mn/ цахим системд бүртгэж хүлээн авах үйл ажиллагааны хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газрын даргын хамтарсан “Маягт батлах тухай” А-08/А-31 тоот захирамж/тушаалыг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр баталлаа. Сонгуулийн ерөнхий хороо нь нэр дэвшигчийн талаарх мэдээллийг гаргуулан авч, Авлигатай тэмцэх газарт хуулийн хугацаанд ирүүлснээр нэр дэвшигчийн цахим системд ХОМ-ээ гаргах эрх үүсэх юм.
Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 32.5, 32.15 дахь хэсэгт заасны дагуу сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, олон нийтэд мэдээлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар “Зөвлөмж” боловсруулан нам, эвсэлд тусгайлан хүргүүлэх, мөн нэр дэвшигчдэд зориулсан гарын авлага, брошурыг хүргүүлэхээр бэлтгэн ханган ажиллаж байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчийн цахим системд мэдүүлсэн ХОМ-ийг тус газрын цахим хуудсанд байршуулж, иргэд олон нийтийг мэдээллээр ханган ажиллах юм.


Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Дэлхий нийтээр..2021/03/31
Улаанбаатар хот руу орох хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоогүй
-
Дэлхий нийтээр..2023/04/25
Явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж дээр ТҮЦ байршуулж ...
-
Дэлхий нийтээр..2020/11/09
ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна /2020.11.0...
-
Дэлхий нийтээр..2025/06/09
Нөөцийн махыг 8 дүүргийн 38 байршилд хямдралтай үнээр борлуулж байна
