Дэлхий нийтээр..
“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана
Монгол Улс Япон улстай хот байгуулалт, дэд бүтэц, тогтвортой хотын хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлж буй.
Энэ хүрээнд НЗДТГ-ын Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар Япон Улсын Газрын, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам /ГДБТАЖЯ/-ны Бодлогын товчооны Олон улсын бодлогын хэлтсийн Дэд захирал Кожима Хирото болон “Ниппон Коэй” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Өнгөрсөн оны есдүгээр сард Япон улсын ГДБТАЖЯ-ны дэд сайд Улаанбаатар хотод айлчилж, хотын удирдлагуудтай уулзан хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр санал солилцож байсан. Харин өнөөдрийн уулзалтаар Япон улсаас хэрэгжүүлж буй “Ухаалаг хот” туршилтын судалгааны үр дүн, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломж, технологийн шийдлүүдийн талаар санал солилцов.
Тодруулбал, Япон улсын ГДБТАЖЯ нь гадаад улс орнуудад Япон компанийн арга туршлага, технологийг хөшүүрэг болгон ашиглах замаар “Ухаалаг хот”-ыг хөгжүүлэх техник, эдийн засгийн судалгаа, ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бодитоор хэрэгжүүлэх боломжит байдлын талаар туршилт судалгааны ажлуудыг хэрэгжүүлж ирсэн. Өнгөрсөн онд ухаалаг хотыг бодитоор хөгжүүлэх төслийг төлөвлөхөөр Улаанбаатар хотод дроны мэдрэгч технологийг ашиглан хотын 3D загвар бүтээж, нислэгийн хамгийн оновчтой чиглэлийг магадалж, замын хөдөлгөөний урсацтай харьцуулах туршилтыг хийсэн юм.

НЗДТГ-ын Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар “Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд ухаалаг технологи, мэдээллийн системд суурилсан шийдлүүд чухал үүрэгтэй. Иймээс “Ухаалаг хот” төслийг нийслэлийн тодорхой дүүрэг, бүсэд туршилтын байдлаар хэрэгжүүлэх, хотын мэдээллийн нэгдсэн дата платформ хөгжүүлэх, тээврийн ухаалаг систем (ITS) нэвтрүүлэх, ногоон дэд бүтэц болон эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг хэрэгжүүлэхэд Япон улсын туршлага, технологийг судлан, хамтран ажиллах хүсэлтэй байна” гэсэн юм.

Япон Улсын ГДБТАЖЯ-ны Бодлогын товчооны Олон улсын бодлогын хэлтсийн Дэд захирал Кожима Хирото “Бид “Ухаалаг хот” төслийн хүрээнд дроноор цусыг яаралтай тээвэрлэх болон маршрут чиглэлийг нээх зорилгоор Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хоорондох маршрутыг 3D скан хийх нислэгийг туршиж, 3D цэгэн үүлэн загварыг боловсруулсан. Ийнхүү илүү өндрийн нарийвчлалтай мэдээлэлд үндэслэн хамгийн зохистой байх маршрутыг судалж, туршсан. Ингэснээр цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө хэмнэж буйг нотолсон юм. Уг технологийн шийдлийг зөвхөн тээвэрлэлтэд ашиглаад зогсохгүй хот төлөвлөлтөд ашиглах боломжтой. Цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно” гэдгээ илэрхийллээ.


Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2024/04/24
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа
-
Хэн юу хэлэв...2020/05/08
100 саяын горилогчид
-
Дэлхий нийтээр..2026/01/27
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
-
Үйл явдал2021/04/26
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
