Дэлхий нийтээр..
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд, болон тариаланчдын төлөөлөлтэй уулзаж, салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.
Тариалалтаас урьтаж салбарын төлөөлөлтэй уулзаж байгаагаа Ерөнхий сайд Г.Занданшатаронцлоод, олон улсын зөрчилдөөнт нөхцөл байдалтай энэ цагт стратегийн бүтээгдэхүүн улаанбуудай, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтад Засгийн газар онцгой анхаарч, дэмжихээ илэрхийллээ. Засгийн газраас татварын тогтвортой орчин бүрдүүлж, улаан буудайн дотоодын зах зээлийг хамгаалах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ гэлээ.

Тус холбооныхон хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулал болон бордооны хөнгөлөлтийн санхүүжилтийг хаврын тариалалтаас өмнө шийдвэрлэх, тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалт зэрэг тариалангийн технологит хугацаанд шатахуун, шатах тослох материалын хангамжийг нэмэгдүүлэх, тасалдалгүй нийлүүлэхэд анхаарах, тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай импортоор худалдан авч буй техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх саналаа илэрхийллээ.
“Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөр, Атрын IV аяны хүрээнд хэрэгжүүлж буй төрийн бодлогын үр дүнд газар тариалангийн салбарын хөгжил урагшилж байна. 2025 онд гангийн улмаас ургац алдсан, гэхдээ энэ жил хангалттай уринш хийсэн, ургац сайн авна гэдэгтээ итгэлтэй байна гэж Сэлэнгэ аймгийн Тариаланчдын холбооны тэргүүн, "Түмэнбут" ХХК-ийн захирал Х.Даваахүү хэллээ.

Энэ онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.4 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо,121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийж, 474.8 мянган тонн үр тариа, 180.6 мянган тонн төмс, 273.9 мянган тонн хүнсний ногоо, 287.0 мянган тонн малын тэжээл, 69.1 мянган тонн тосны ургамал хураан авах зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хангахад тариаланчдыг онцгойлон дэмжиж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо. Тухайлбал, сайн чанарын үрээр хангах, тариаланчдаас 100 мянган тн хүнсний улаанбуудай худалдан авч нөөц бүрдүүлэх, тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж ажиллахыг даалгалаа. Мөн газар тариалангийн бүсэд газар зохион байгуулалтын төлөвлөгөө гаргаж, малчидтай хариуцлагын гэрээ байгуулах, тариалангийн талбайд мал оруулахгүй байхад анхаарч ажиллахыг орон нутгийн удирдлагуудад сануулав.

Хөдөө аж ахуйн корпорацын өөрчлөн зохион байгуулалтад Монголын тариаланчдын үндэсний холбоо зэрэг мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын ажил хэрэгч саналыг хүлээн авч, хамтран ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд хэллээ. Засгийн газраас энэ оны хаврын тариалалтад зориулж 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаасыг олгохоор шийдвэрлээд буй юм.

Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2023/10/13
“Нээлттэй Төв аймаг” уулзалт, форум аравдугаар сарын 13, 14, 15-нд б...
-
Дэлхий нийтээр..2020/12/17
Израилийн тэрбумтан авлигын хэргээр шүүхэд дуудагджээ
-
Дэлхий нийтээр..2024/02/06
Хог хаягдлыг тээвэрлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
-
Дэлхий нийтээр..2021/07/01
Элчин сайд нарын нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо
