Дэлхий нийтээр..
БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав
Монгол, Хятадын Гадаад харилцааны дэд сайдын түвшний Стратегийн яриа хэлэлцээний VII удаагийн уулзалтыг хятадын талаас ахлан хийсэн БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдунг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Хятадын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун айлчилж байгаад баяртай байгааг илэрхийлж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянд дорно дахины уламжлалт баяр болох “Хаврын баяр”-ын мэндчилгээг уламжлахыг хүсэв.
Тэрээр Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж, хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын түвшинд тохиролцсон, харилцан итгэлцэлд суурилсан ажлууд бодитоор урагшилж, ард иргэдэд үр өгөөжөө өгөх төслүүдийг хамтдаа хэрэгжүүлж буй нь хөрш зэргэлдээх улс орнууд харилцан ашигтай хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байгааг онцлон тэмдэглэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Хятад хоёр улс бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх зарчмаар бүхий л салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстойг онцолж, “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай дэмжихээ илэрхийлэв.
Түүнчлэн хоёр улсын дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, иргэд хоорондын нөхөрлөлийг гүнзгийрүүлэх, бүс нутаг, олон улсын тавцанд харилцан бие биеэ дэмжиж ажиллахад хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, ээлжит хуралдаан амжилттай болсонд баяр хүргэв.

БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны мэндчилгээг уламжлав.
Мөнхийн хөрш Монгол Улсад айлчилж, хоёр улсын Гадаад харилцааны дэд сайдын түвшний VII удаагийн стратегийн яриа хэлэлцээг амжилттай хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, уулзалт ажил хэрэгч, үр дүнтэй болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.

Хятад улс хөрш зэргэлдээ улс орнуудтай “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх гадаад бодлого явуулж байгаа бөгөөд Монгол Улс Хятадын хөрш орнуудтай харилцах харилцаанд чухал байр суурь эзэлж буйг илэрхийлэв. Түүнчлэн БНХАУ-ын Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 15 дугаар таван жилийн төлөвлөгөөний зорилтуудыг Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн зорилтуудтай уялдуулж, энэ хүрээнд хоёр улсын ард иргэдэд үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хамтран урагшлуулахын төлөө байгааг илэрхийлэв.

Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2024/01/18
Цасан шуурганы улмаас 4 хүн амь насаа алдаж, 110 мянга орчим айл өрх цахилгаангү...
-
Дэлхий нийтээр..2021/12/09
Монгол, Хятадын ЗГХК-ын ажлын хэсгийн хуралдаан боллоо
-
Хэн юу хэлэв...2020/07/21
ХНХ-ын сайд А.Ариунзаяа НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээж авч уулзлаа
-
Дэлхий нийтээр..2022/09/14
“Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” аян амжилттай хэрэгжиж, шилдэг хороодыг...
