Дэлхий нийтээр..
Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
“Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар тогтоол, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах арга хэмжээний тухай” Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо.
"Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын хилийн тухай хуульд улсын хил халдашгүй дархан байх, хилийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болохыг тодорхой зааж хуульчилсан. Гэтэл өмнөх Засгийн газар сүүлийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчиж, улсын хилийн зурваст байрлах хилийн 10 боомтын орчимд, улсын хилээс 0.9–2.5 км-ийн зайд байрлалтай, нийт 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан байна" гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар улсын хилийн зурвас газартай бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан ашигт малтмалын хайгуул, ашиглалтын нийт 54 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 16, ашиглалтын 38 тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд 20 тусгай зөвшөөрөл нь Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш олгогдсон байна. Иймд Засгийн газрын зүгээс хилийн зурваст олгогдсон газар ашиглалт, ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгаж, хилээ, газраа цэгцлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
“Боомтыг хөгжүүлнэ”, “эдийн засгийг дэмжинэ” гэх нэрээр халхавчлан улсын хилийн зурваст газар олгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон явдал нь хууль зөрчсөнөөс гадна Монголын ард түмний язгуур ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулсан, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр бөгөөд улсын хил хамгаалалтын дэглэмийг сулруулах бодит эрсдэлийг бий болгосон гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар энэхүү хууль бус үйл ажиллагааг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг Ерөнхий сайд хатуу анхаарууллаа.
Мөн хилийн зурвас бол хатуу дэглэмтэй, төрийн хяналттай, аюулгүй байдлын бүс хэвээр байх ёстой. Хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэр гаргасан, зөвшөөрөл олгосон, дэмжсэн албан тушаалтнуудад хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэлээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2024/11/15
Үл таних хүмүүстэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад зодуулж, нас...
-
Дэлхий нийтээр..2025/11/25
Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь о...
-
Дэлхий нийтээр..2021/02/19
Шинжилгээ авч байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулав
-
Үйл явдал2022/03/04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
