Дэлхий нийтээр..
НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн Онцгой байдлын алба хаагчидтай уулзаж, ярилцлаа
НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр Нийслэлийн онцгой байдлын газарт ажиллаж, алба хаагчидтай уулзлаа. Энэ жил Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлээс зөвлөлөөс галын эсрэг менежментийг шинэчилж Нэгдсэн шуурхай удирдлагын төв нээж, гал, усны аврах дуудлагын үед очих хугацааг багасгах, газын хэрэглээтэй холбоотой осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах, газар хөдлөлтөд бэлтгэлтэй байх зэрэг үндсэн бодлого баримталж ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчидтай нээлттэй ярилцаж, ажлын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон энэ жилийн хийж хэрэгжүүлэх ажилтай холбоотойгоор саналыг сонслоо.

Нийслэлийн хэмжээнд гал унтраах нийт 16 анги байгаа үйл ажиллагаа явуулж байна. Нутаг дэвсгэр, хүн амын нягтралаас хамаарч ажлын ачаалал харилцан адилгүй байна. Тухайлбал, Нийслэлийн аврах гал унтраах 10-р ангид өдөрт багадаа 2-3 дуудлага ирдэг байна. Улирлын онцлогоос хамаарч дуудлагын тоо харилцан адилгүй байна. Аврах ангийн аврагчид, гал сөнөөгчдийн хувьд мэргэжлийн ур чадвар, бие бялдрын үзүүлэлтээр гаднын улс орнуудтай эн зэрэгцэхүйц хэмжээнд гэдгийг онцоллоо. Харин сүүлийн үед ихээр баригдаж буй өндөр барилга, шилэн фасадтай барилгуудад гал гарсан үед туршлага, аргачлал дутмаг учир гадагшаа энэ төрлийн сургалтад хамрагдахад хүндрэл үүсдэг байна. Гадаадын туршлагатай улс орноос өндрийн галын үед ажиллах сургалтыг үнэ төлбөргүй орох боломжтой гэдэг санал тавьдаг ч ирж, очиж зардлыг өөрөө хариуцах тохиолдолд санхүүгийн боломжгүй тул явж чаддаггүй, байгууллагаас явуулах төсөв мөнгөгүй тул ийнхүү цаг үеэсээ хоцрох явдал гарч байна гэдгийг алба хаагчид онцлов. Түүнчлэн галын дуудлагад явахад зарим жолооч нар зам тавьж өгдөггүй, орон сууцны хорооллууд орц, гарцгүй, чиптэй тусгаарлах хаалттай тул гал гарсан газраас хол зогсож, усны хоолой, багаж хэрэгслээ зөөхөөс эхлээд хүндрэл их үүсдэг байна.
Харин дээр уулзалтын үеэр нийгмийн тал дээр үндсэн тулгамдаж буй асуудлын талаар алба хаагчид илэрхийллээ. Тухайн уулзалтад оролцсон 40 орчим алба хаагчдын 90 хувь өөрийн гэр, орон сууцгүй. Түрээсийн байр, хашаа байшин, аав ээжийндээ амьдардаг байна. Орон сууцны зээлд хамрагдах гэхээр цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд амьдардаг учир урьдчилгаа хуримтлуулж чаддаггүй, эсвэл урьдчилгаа хүрдэггүй байна. Тиймээс хэдийгээр онцгой байдлын албанд сонирхолтой ч гэр бүл, үр хүүхдээ тэжээхийн тулд цалин, урамшуулал өндөр газарт ажиллахыг илүүд үздэг талаараа ярилаа.
Аврагч, гал сөнөөгчид гал усны өөдөөс сөрж хүний алтан амь, өчнөөн төгрөгийн эд хөрөнгийг хохирлоос хамгаалан хүнд нөхцөлд ажилладаг хэр нь ялангуяа нийслэлийн хэмжээнд ажиллаж буй алба хаагчид цалин, урамшуулал бага зэрэг шалтгаанаас үүдэж ганц, хоёр жил ажиллаад ажлаасаа гарах, орон нутаг руу шилжих асуудал түгээмэл гэдгийг НОБГ-ын дарга, хурандаа Г.Галбадрах хэллээ.

Иймд НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр гал, усны аюултай хамгийн түрүүнд нүүр тулж ажилладаг, амь нас нь эрсдэх аюултай нөхцөлд ажилладаг аврах, гал сөнөөгчдийн ажлын нөхцөлийг сайжруулах, алба хаагчдын нийгмийн асуудалд анхаарч, ипотекийн зээлд хамруулах нөхцөл боломжийг судалж, бусад асуудлыг хуулийн хүрээнд холбогдох төсвийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарч ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрахад алба хаагчдынхаа нийгмийн асуудал, хүний нөөцийн бодлогод онцгой анхаарч ажиллахыг үүрэгдлээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
