Дэлхий нийтээр..
“Хоёрдугаар тойрог зам” төслийн трассыг инженерийн шийдэл, байгаль орчин, эдийн засгийн үр ашгаар нь сонгожээ
Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, жилээс жилд нэмэгдэж буй төвийн бүсийн түгжрэлийг бууруулах зорилготой “Шинэ тойрог зам” төсөл хэрэгжиж эхэлсэн.
Тус төсөл нь нийт 50 гаруй километр үргэлжлэх бөгөөд хотын захын бүсүүдийг холбосон тээврийн шинэ коридор болж, ирэх 10-20 жилийн хөдөлгөөний эрчмийг даах чадвартай инженерийн иж бүрэн шийдэл байх юм.
Төслийн хүрээнд Нэгдүгээр болон Хоёрдугаар тойрог замыг цогцоор нь төлөвлөсөн.
Үүнээс “Шинэ их тойруу” хэмээн тодотгож буй “Хоёрдугаар тойрог” зам нь 21.6 км урттай байхаар зураг төсөл нь гарчээ. Хоёрдугаар тойрог зам төсөл нь хотын баруун болон зүүн захын бүсүүдийг Туулын хурдны зам, Нэгдүгээр тойрог зам зэрэг гол тээврийн коридоруудтай шууд холбосноор төвийн замын ачааллыг 50 хувь багасгана.
“Хоёрдугаар тойрог зам” төслийн урьдчилсан ТЭЗҮ болон зураг төслийг БНХАУ-ын Гуандун мужийн "Зам, тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп" ХХК боловсруулсан. Инженерийн шийдлээс гадна байгаль орчин, эдийн засгийн үр ашгийг нэн тэргүүнд чухалчилж замын трассыг сонгосон байна. Тухайлбал, байгалийн нөөц газар, чийглэг бүс, усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс зэрэг “улаан шугам”-ыг тойрч, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгахаар төлөвлөсөн байна. Мөн хог хаягдал бүхий цэг, ашиглагдаагүй хуучин коридоруудыг трасст оруулснаар газар чөлөөлөлтийн зардлыг бууруулж, төсвийн хэмнэлт гаргахын зэрэгцээ хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлдөг хэсгүүдийг дэд бүтцээр дамжуулан сэргээх боломжийг тусгажээ.
Тээврийн нарийвчилсан судалгаанд үндэслэн газарзүйн онцлогт тохирсон гүүр, нүхэн гарц, налуу муруйн шийдлүүдийг сонгосон нь өндөр далан болон гүн ухмал хэсгүүдийг багасгаж, барилгын ажлын хүндрэлийг шийдвэрлэсэн онцлогтой. Төслийн маршрутын баруун чиглэл нь 22-ын товчооноос эхлэн Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны төгсгөл, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дайран өнгөрч Баянхошууны уулзварт хүрч Нэгдүгээр тойрог замтай нийлнэ. Харин зүүн чиглэлийн маршрут нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо буюу Сэтгэцийн эрүүл мэндийн төв орчмоос Улиастай, Гачууртын чиглэлд үргэлжилж, эцэстээ Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөжээ.
“Шинэ их тойруу” төсөл нь Улаанбаатар хотыг олон төвт хот болон хөгжихөд чухал түлхэц болж, захын хорооллын иргэдийн амьдрах орчин, тээврийн хүртээмжийг сайжруулах гол хөшүүрэг болох юм. Урьдчилсан тооцооллоор төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэлийг 23 орчим хувиар бууруулна.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
