Дэлхий нийтээр..
Мэргэжлийн хөрөнгө оруулагчдад үнэт цаас зээлдүүлэх боломжийг нээсэн зохицуулалтыг баталлаа
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 20 дугаар хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр болж, журам батлах, хуулийн этгээдээр бүртгэх, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх болон бүртгэлийн өөрчлөлт хийх зэрэг нийт 16 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар “Үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх тухай журам”-ыг баталлаа. УИХ-аас Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар энэхүү үйлчилгээг зохицуулах эрх зүйн үндэс бүрдэж, Монгол Улсад шинэ төрлийн үйлчилгээ нэвтрэх боломж бүрдсэн. Санхүүгийн зохицуулах хороо энэхүү өөрчлөлтийн хүрээнд хөрөнгийн зах зээлийн оролцогч талуудын оролцоотой өргөн хүрээний судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр Олон улсын үнэт цаас зээлдүүлэх холбоо (International Securities Lending Association, ISLA)-ны зарчим болон олон улсын зохицуулалтын жишигт тулгуурлан журмыг боловсруулсан. Шинэ журамд үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээнд тавих шаардлага, зээлдүүлэх боломжтой үнэт цаасны төрөл, гэрээний үндсэн нөхцөл, барьцаа хөрөнгийн удирдлага, оролцогчдын эрх, үүрэг болон мэдээлэл, тайлагналын зохицуулалтыг нарийвчлан тусгасан. Журам хэрэгжиж эхэлснээр мэргэжлийн хөрөнгө оруулагчид өөрийн эзэмшлийн үнэт цаасаа зээлдүүлэх замаар нэмэлт орлого олох, хөрөнгө оруулалтын багцаа илүү үр ашигтайгаар удирдах боломж нээгдэнэ. Мөн энэ нь зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлж, арилжааны идэвхийг өсгөхөөс гадна Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт ойртуулж, өрсөлдөх чадварыг сайжруулах, гадаадын шууд бус хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Цаашилбал хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, оролцогчдын хүрээг тэлэхэд чухал дэмжлэг болох юм.
Мөн хуралдаанаар “Би Би Эс Эй” ХХК-ийн “Гоулд траст” нэртэй хамтын биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сан /Gold ETF/ үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэлээ. Тус биржээр арилжаалагддаг сангийн үндсэн зорилго нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны үндсэн дээр сангийн хөрөнгийг боломжит санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар алтны үнийн хөдөлгөөний өгөөж болон эрсдэлийг нэгж эрх эзэмшигчдэд хүртээхэд чиглэх юм. Сангийн нэгж эрх нь алтанд хөрөнгө оруулахтай ижил бөгөөд сан нь зөвхөн нэгж эрхэд харгалзах алтны биржээр арилжаалагддаг сан болох АНУ-ын Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй /SPDR Gold Shares ETF/ хөрөнгө оруулалт хийхээр хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт тусгасан байдаг.
Түүнчлэн хуралдаанаар компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэхээр, даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 компанийн 30 иргэнд олгохоор, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 1 компанид нэмж олгохоор, барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр 2 компанийг бүртгэхээр, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий 1 иргэнд олгохоор, 2 компанийн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.
Хуралдаанаар мөн "Гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсын хөрөнгийн зах зээлд оролцох оролцоог нэмэгдүүлэх хүрээнд үнэт цаасны данс нээх үйл ажиллагааг хялбаршуулах чиглэлд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлын хэсэг”-гээс гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсад үнэт цаасны данс нээх үйл ажиллагаанд тулгардаг хүндрэл, бэрхшээл болон олон улсын туршлагаас танилцуулаад ойрын хугацаанд дээрх хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг хуралдаанаас үүрэг болгон өглөө.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
