Дэлхий нийтээр..
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг “Монос хүнс” ХК-д хүрэлцэн ирэхэд ТУЗ-ийн гишүүн Л.Хүрэлбаатар, Х.Солонго, гүйцэтгэх захирал А.Отгондарь нар угтан авч, үйл ажиллагаа болон “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хийсэн бүтээн байгуулалт зэргээ танилцууллаа.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, ажлын байр бий болгох зэрэг боломж олгож байгаад компанийн удирдлагууд талархал илэрхийллээ.
Тус компани 2012 оноос хойш эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэл, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
2019 онд IPO хийж, “Монос групп”-ийн анхны хувьцаат компани болсон бөгөөд “MFC 1.0”, “MFC 2.0” гэсэн томоохон төсөл хэрэгжүүлээд байна.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээл авсан.
Ингэснээр дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулж хүнсний агуулахаа өргөтгөхийн зэрэгцээ нийслэлийн зүүн бүсэд шинэ агуулахын бүтээн байгуулалтыг эхлүүлж, хүүхдэд зориулсан жимсний нухашны тоног төхөөрөмжөө шинэчилжээ.
Үүний үр дүнд үйлдвэрлэлийн хүчин чадал гурав дахин нэмэгдэж, үйлдвэрлэлийн биет хэмжээ 96 хувь, борлуулалтын орлого 2022 онтой харьцуулбал 68 хувиар буюу 19 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Мөн онтой харьцуулахад ажилчдын цалин 50 хувь, ажлын байр 20 хувиар нэмэгджээ.
“Экос” брэнд бүтээгдэхүүний хуванцар савлагааны жинг 30 хувь бууруулснаар жилд 172 тн хуванцар хэрэглэхгүй болсон байна.
“Монос хүнс” ХК 72 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, 280 гаруй ажилтан, 16,000 гаруй хувьцаа эзэмшигчтэй, салбартаа тэргүүлэгч компани юм.
Тус компани мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1,000 мод бүхий “MFC төгөл” байгуулж, компанийн эзэмшлийн талбайд 700 гаруй мод тарьж, ургуулж байна.
Хүүхдэд ээлтэй, сэтгэлзүйн дэмжлэгтэй эмчилгээний орчин бүрдүүлэхээр 2022 оноос Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн “Тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан эмчилгээний өрөө”-г бүрэн засварлан тохижуулж, хүлээлгэн өгсөн.
Ингэснээр жил бүр 2,000–13,000 гаруй хүүхэд, тэдний асран хамгаалагч эмчилгээний өмнө болон дараах хугацаанд тав тухтай орчинд байх боломж бүрджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал”-д нэгдэн үйлдвэрлэлээ өргөтгөж, олон мянган ажлын байр бий болгон, татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 3,000 гаруй аж ахуйн нэгж 1.2 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй зээл аваад байна.
Мөн энэ хөдөлгөөн болон “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 300 гаруй тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт, зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлжээ.
“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий болоод байна.

Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
