Дэлхий нийтээр..
Нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан барина
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан, сувгийн барилга байгууламж, борооны ус зайлуулах шугамыг шинэчлэх, өргөтгөх ажлуудыг хийнэ.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж, Дэлхийн банкны зөвлөх баг оролцож байна.
Зөвлөхийн дүгнэлтээр, Улаанбаатар хотын уур амьсгалын нөхцөл, ажлын өртөг болон гүйцэтгэлийн онцлогийг харгалзан шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэхэд дэвшилтэт технологийг ашиглах талаар санал болгожээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын уур амьсгалын нөхцөл, гүйцэтгэх ажлын зардлыг хэмнэх, гүйцэтгэхэд хялбар байх зэрэг нөхцөлөөс шалтгаалан Close fit, CIPP (Cured-In-Place Pipe), Pipe bursting зэрэг технологийг ашиглах санал, зөвлөмж өгсөн байна. Энэхүү CIPP болон Close-Fit нь нөхөн сэргээх технологи бөгөөд хуучин хоолойг ашиглан дотор нь шинэ бүтэц үүсгэдэг бол, Pipe Bursting нь бүрэн солих технологи аж.
Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний хүрээнд хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, Улаанбаатар хотын нийт 22 байршилд 93.8 км бүхий далан, 16 байршилд 100.7 км суваг, 26.37 км урт шугам барихаар төлөвлөсөн бол дөрвөн байршилд хөв цөөрөм байгуулах юм. Улаанбаатар хотод дөрвөн байршилд 51.6 км үерийн хамгаалалтын далан, мөн 58 байршилд 107.6 км үерийн хамгаалалтын суваг байгаа хэдий ч, эдгээр үерийн хамгаалалтын байгууламж нь нийслэлийг их үерийн эрсдэл, аюулаас бүрэн хамгаалах боломжгүй байна. Учир нь зарим томоохон үерийн хамгаалалтын сувгийн голдирол олон арван жилийн хугацаанд хагшаасаар дүүрч, үерийн байгууламж их хэмжээний үерийг өнгөрөөх боломжгүй болсон мөн хатуу урсцыг тогтоон барих хагшаас тунгаах байгууламж хангалтгүй байгаа юм.

Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
