Дэлхий нийтээр..
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан “Өргөө” зочид буудалд ажиллаа. Тус зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах шүүхийн шийдвэр 10 гаруй жилийн өмнө гарсан ч өнөөдрийг хүртэл өмчилж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж тус шаардлагыг биелүүлээгүй байгаа юм. Тиймээс НЗДТГ-аас шаардлага хүргүүллээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Төрийн өмчийг зохих үнэлгээгүйгээр авсан энэ хэрэг 2012 онд Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ асуудлаар “Өргөө” зочид буудлын эзэмшигчидтэй уулзалт товлож удаа дараа бичиг өгч байсан. Сүүлд энэ оны есдүгээр сард уулзалт товлоход хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй. Тиймээс өнөөдөр нийслэл өмчөө авахаар мэдэгдэл хүргүүлж байна” гэлээ.
Тодруулбал, Улсын дээд шүүхийн 2012 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн №775 дугаар тогтоолоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 188 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2007 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 555 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүний дараа НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны наймдугаар сарын 16-ны өдрийн “Өргөө зочид буудал” НӨҮГ-ын үйл ажиллагааг сэргээх тухай” 90 дүгээр тогтоолоор үйл ажиллагааг нь сэргээж, “Өргөө зочид буудал” НӨҮГ-ын үйл ажиллагааг шинээр зохион байгуулах, өмч хүлээлцэх комиссыг томилсон.
Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн “Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай” 83 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн “Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай” А/42 дугаар захирамжаар “Өргөө зочид буудал”-ыг нийслэлийн өмчид бүртгэх агуулга бүхий шийдвэр гарсан. Тус шийдвэрийг эс зөвшөөрч “Дун өргөө” ХХК-ийн 75 хувийн хувьцааг эзэмшигч “Хар дун” ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улсын Дээд Шүүх уг маргааныг хянан үзээд, 2023 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор дээрх захиргааны актуудыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Захиргааны актуудыг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд Шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт дурдсаныг үндэслэн Нийслэлийн Засаг даргаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт “Дун өргөө” ХХК-ийг татан буулгах ажиллагаа явуулах тухай хүсэлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн №02-01/7444 тоот албан бичгээр хүргүүлсэн.
Мөн Нийслэлийн Засаг даргаас 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 01/701 дугаар албан бичгээр нийслэлийн ШШГЕГ-т гүйцэтгэх хуудас болон нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг хүргүүлсний дагуу нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас компанийг татан буулгах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.
НИТХ-ын 2025 оны 25/03 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/266 дугаар захирамжаар “Дун өргөө” ХХК-ийн хувьцааг нийслэлийн өмчид шилжүүлэн авах асуудлаар хэлэлцээр хийх ажлыг зохион байгуулах саналыг боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
