Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа.

Хориг тавьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Тогтоолд хориг тавих тухай

Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр баталж, тухайн өдрийн 14 цагт ёсчлон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ТГ-01/1202 дугаар албан бичгээр ирүүлсэнтэй танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолд дараах үндэслэлээр бүхэлд нь хориг тавьж байна.

Нэг. Монгол Улсын Их Хурлын шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байвал зохино.  

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, …”, мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно.” хэмээн тус тус заасан байна.

Дээрх заалт ёсоор Улсын Их Хурлын гишүүдийн анх тавьсан санал буюу “Ерөнхий сайдыг огцруулах санал”-ыг дэмжих эсэхээр Улсын Их Хурал санал хурааж шийдвэрлэх ёстойг Үндсэн хууль болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд салаа утгагүйгээр тусгажээ.

Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхдээ Улсын Их Хурлын гишүүдийн албан ёсоор тавьсан саналаар биш Төрийн байгуулалтын байнгын хорооны “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй” гэсэн саналаар санал хураан хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, … үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, түүнчлэн Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” хэмээх заалтыг тус тус зөрчих нөхцөлийг бий болгосон байна.

Хоёр. Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дах хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн . . . хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно.” хэмээн тус тус заасан.

Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно.” хэмээн хуульчилсан байна.

Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн пүрэв гарагийн 09.00 цагаас эхлэн Улсын Их Хурлын гишүүд ирцэд бүртгүүлж эхэлсэн байх боловч 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдааны ирц бүрдээгүй байна. Улмаар 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу баасан гарагийн нэгдсэн хуралдааны ирцийг шинээр бүрдүүлэлгүйгээр пүрэв гарагийн ирцийг үргэлжлүүлэн тооцож Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж шийдвэр гаргажээ.

Энэ нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно.” гэх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах хүчин төгөлдөр ирц бүрдээгүй байхад чуулганы нэгдсэн хуралдааныг сунган хуралдаж шийдвэр гаргасан нь Чуулганы дэгийн тухай хуулийг илт зөрчсөн байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, мөн Хорин долоодугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн … хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ…” гэж заасныг зөрчсөн хэмээн үзэж байна.

Монголын ард түмний үнэт зүйл, хүсэл зоригийн илэрхийлэл болсон Үндсэн хууль дээдлэх зарчим зөрчигдөх нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэл, улс орны хөгжил дэвшил, гадаад, дотоод нэр хүнд, төрийн байгууллын дархлаа, улс үндэстний нэгдмэл байдалд ноцтой хохирол учруулах аюултайг Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд онцгойлон сануулж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар тогтоолд тавьсан энэхүү хоригийг зохих хууль тогтоомжид заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав

Огноо:

,

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.

Энэ талаар  НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.

Тус байгууллагын  мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.

Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв

Огноо:

,

Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.

Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.

Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.

Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.

Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ

Огноо:

,

Газын зурваст ажиллаж байсан Al Jazeera телевизийн сэтгүүлч Вишах Израилын цохилтын үеэр амь үрэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Мэдээллээр, сэтгүүлч Вишах Газын зурваст болж буй үйл явдлыг сурвалжилж байх үед цохилтод өртсөн бөгөөд хамт ажиллаж байсан хэвлэл мэдээллийн ажилтнууд түүнийг эмгэнэн хүндэтгэл үзүүлжээ.

Газын сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд:

  • Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахыг
  • Сурвалжлагчдыг онилохгүй байхыг
  • Олон улсын байгууллагууд анхаарал хандуулахыг уриалсан байна.

Al Jazeera телевизийн зүгээс сэтгүүлчийн амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийлж, мөргөлдөөний бүсэд ажиллаж буй сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудал улам ноцтой болж байгааг онцолжээ.

Сүүлийн саруудад Газын зурваст хэд хэдэн сэтгүүлч амь үрэгдсэн талаар олон улсын байгууллагууд анхааруулж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн ажилтнууд мөргөлдөөний бүсэд хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буйг тэмдэглэж байна.

Ойрхи Дорнодын нөхцөл байдал хурц хэвээр байгаа бөгөөд Газын зурваст агаарын цохилт, хуурай замын ажиллагаа үргэлжилсээр байна.

 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал9 цаг 19 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Хэн юу хэлэв...11 цаг 23 минут

БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагаа...

Дэлхий нийтээр..13 цаг 9 минут

НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруула...

Үйл явдал13 цаг 45 минут

АНУ цэргээ татсаны дараа Сири улс цэргийн баазуудыг хяналтдаа авлаа

Үйл явдал14 цаг 15 минут

Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг ...

Үйл явдал14 цаг 31 минут

AI-ийн өгсөн мэдээлэл бодит байдалтай зөрөх тохиолдол их байна

Хэн юу хэлэв...2026/04/16

Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв

Үйл явдал2026/04/16

Томоохон байгууллагууд руу чиглэсэн кибер халдлагын оролдлого нэмэгд...

Дэлхий нийтээр..2026/04/16

Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн...

Үйл явдал2026/04/13

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ажлын 4 өдрийн горимд шилжл...

Үйл явдал2026/04/13

“Оюу толгой” ХХК 9.9 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн барьцааг...

Хэн юу хэлэв...2026/04/13

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

Үйл явдал2026/04/13

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

Дэлхий нийтээр..2026/04/10

“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ

Үйл явдал2026/04/10

“Ногоон автобус”-ны хэрэг Улсын дээд шүүхийн шатанд үргэлжилж ба...

Хэн юу хэлэв...2026/04/10

Аббас Арагчи: Хурцадмал байдлыг намжаахад олон улсын хамтын ажиллага...

Дэлхий нийтээр..2026/04/10

НҮБ-ын төлөөлөгч Тегеранд очиж хохирлын нөхцөл байдалтай танилцлаа

Үйл явдал2026/04/06

Швейцарт хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын хоёр ховор бичвэри...

Хэн юу хэлэв...2026/04/06

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлэ...

Үйл явдал2026/04/03

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуул...

Үйл явдал2026/04/03

Судалгаа: Америкчуудын дийлэнх нь Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэ...

Дэлхий нийтээр..2026/04/03

Путин, Саудын Арабын хунтайж нар Ойрхи Дорнодод гал зогсоохыг уриала...

Үйл явдал2026/04/03

Казахстан Astana Hub-д 2026 онд улсын төсвөөс санхүүжилт олгоно

Үйл явдал2026/04/03

Ж.Золзаяа “THE BEST WOMEN OF THE YEAR” шагнал хүртлээ

Дэлхий нийтээр..2026/04/03

ОХУ бензиний экспортын хоригийг өргөтгөсөн нь Монголд нөлөөлж болзош...

Үйл явдал2026/04/03

Тегеранд 100 гаруй жилийн түүхтэй халдварт өвчин судлалын төв цохилт...

Хэн юу хэлэв...2026/04/03

Элон Маск сансрын бага тойрог замыг сая сая хиймэл дагуулаар дүүргэн...

Хэн юу хэлэв...2026/04/03

Трамп эмийн бүтээгдэхүүнд 100 хувийн татвар ногдуулах санал танилцуу...

Хэн юу хэлэв...2026/04/02

Турк улс Персийн булангийн орнуудыг Ираны эсрэг мөргөлдөөнд оролцохг...

Хэн юу хэлэв...2026/04/02

Шинэ геополитикийн тэнцвэр: Иран, Орос, Хятад ойртож байна

Санал болгох