Дэлхий нийтээр..
Яармагийн барилгын компаниуд зэвтэй усны асуудлаа шийдэж, шугам сүлжээгээ шинэчилж эхэлжээ
Өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар барилгын компаниудыг норм дүрмээ мөрдөх, ялангуяа Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй барилгуудыг зэвтэй усны асуудлаа шийдэх, салбар шугам сүлжээгээ шинэчлэхийг үүрэг болгосон.
Энэ хүрээнд Яармагийн Арцатын аманд байрлах “Нутгийн буян групп” ХХК-ийн “Хаппи Резиденс” хотхон нь доторх салбар шугамаа солих ажлыг эхлүүлсэн. Аравдугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны Засаг дарга болон тус хороонд усны шугам сүлжээ барьсан зарим гүйцэтгэгч байгууллагын төлөөлөлтэй уулзсан. Нийт гүйцэтгэгч байгууллагууд, контор, УСУГ-тай хамтарсан уулзалтыг ирэх долоо хоногт хийхээр төлөвлөөд байгааг УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл хэллээ.
Нийслэлээс Яармаг орчимд зарим хотхон, хорооллоос зэвтэй ус гарч байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд 2024 оны арваннэгдүгээр сард Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчлүүлсэн. Энэхүү шугамын эх үүсвэрээс Яармаг орчмын 500 гаруй барилга байгууламж цэвэр усаа авч хэрэглэдэг буюу цэвэр усны төв магистрал шугамыг шинэчилсэн ч асуудал бүрэн шийдэгдээгүй юм. Учир нь Яармагт барилга барьж буй ААН, компаниуд, орон сууцны конторууд, хариуцагч байгууллагууд нь өөрсдийн дотоодын буюу төв магистрал руу холбогддог салбар шугам сүлжээгээ стандартын бус зэвтэй хоолойгоор хийсэн тохиолдол элбэг байсан. Тиймээс хуучин стандарт хангаагүй шугам сүлжээгээ зэв үүсгэхгүй материалаар шинэчлэхийг нийслэлээс удаа дараа шаардаж, хүсэлт тавьсан.
Барилгын компаниуд шаардлагыг бүрэн биелүүлээгүй учраас хотын дарга Х.Нямбаатар зэвтэй шугам сүлжээгээ шинэчлэх төлөвлөгөө батлуулах, заасан хугацаанд шугам сүлжээгээ солихгүй бол барилгын үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн билээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Тод зураг2020/05/28
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл гаргалаа
-
Тод зураг2020/01/13
Хотын захирагч С.Амарсайхан 103-д дуудлага өгсөн иргэнтэй утсаар холбогдов
-
Үйл явдал2023/02/09
Аврах багийнхан 3 хүнийг эсэн мэнд олж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө
-
Дэлхий нийтээр..2020/09/12
Ерөнхийлөгч Х.Баттулга Хэнтий аймагт ажиллаж байна
