Дэлхий нийтээр..
Монгол Улсад 2026 онд болох НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) албан ёсны лого батлагдав
Логог COP17 бага хурал эхлэхээс яг нэг жилийн өмнө танилцуулж буй бөгөөд лого нь эв нэгдэл, харилцан итгэлцлийн үрийг хамтдаа тарьж, доройтсон газрыг дахин сэргээхэд хамтран ажиллах уриалга юм. Дүрслэлийн дээд хэсэгт байрлах дугуй хэлбэр нь нарны туяа мэт алсран цацарсан байдалтайгаар Монголын уламжлалт тэнгэр шүтлэгийг илтгэж, мөнх хөх огторгуйг бэлгэднэ. Энэ нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын дүрслэлтэй нийцэж, хүн төрөлхтний өмнө тулгарч буй байгаль орчны сорилтуудын шийдлийг илэрхийлнэ. Төв хэсэгт монгол гэрийн хэлбэрийг тодруулан дүрсэлж, оройд нь гэрийн тулгуур болох тооно дүрслэгдсэн. Тооно нь хүн ба байгалийн зохицлыг бэлгэдэж нүүдэлчдийн амьдралын ухаан, газар хөрс нь эх орон, өв соёлын тогтвортой байдлыг харуулж буй.
Доод хэсэгт орших гарын дүрс нь байгаль дэлхийдээ энэрэнгүй хандах, хамгаалах, хариуцлагыг бэлгэдэх бөгөөд алганд нь ногоон соёо нахиалж буй нь тэсвэртэй, шинэчлэгдэн сэргэж буй дэлхийг илэрхийлэх юм. Эдгээр дүрслэл нь COP17 бага хурлын гол зорилгыг илэрхийлнэ: гагцхүү хамтын хүч чармайлт, өвөрмөц мэдлэг, хариуцлагын хүчээр газрын доройтлоос үүсэх сорилтыг боломж болгон хувиргаж чадна.
Монгол Улсын газар нутгийн 75 гаруй хувь нь хөрсний доройтолд өртсөн тул “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөр, “Хүнсний хувьсгал” хөрс-хөдөө аж ахуйг сэргээх үндэсний хөдөлгөөнөөр дамжин газар хөрс сэргээх ажлыг тэргүүлэх чиглэл болгосон. COP17 бага хурлыг зохион байгуулснаар олон улсын хэмжээнд туршлага хуваалцах, мөн газар хөрсний доройтол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол зэрэг харилцан уялдаатай хямралуудыг хамтран шийдэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг ахиулах боломж бүрдэнэ.
COP17 бага хуралд НҮБ-ын 197 улс орны төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, ган гачигт тэсвэртэй байдал, газар хөрс сэргээх зорилтуудыг ахиулна. Тус хурал нь Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” (IYRP 2026)-тэй уялдаж, бэлчээрийн тогтвортой менежмент болон эдгээр экосистемээс шууд хамааралтай нэг тэрбум гаруй хүний хэрэгцээ шаардлагыг онцолно.
Дэлхий нийтээр..
Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.
Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.
АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.
Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.
Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Дэлхий нийтээр..
Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв
Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.
Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.
Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.
Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.
Дэлхий нийтээр..
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
-
Дэлхий нийтээр..2020/04/15
Цаг үеийн асуудлаар цахим хурал хийлээ
-
Дэлхий нийтээр..2022/04/21
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад ху...
-
Чөлөөт бүс2019/09/16
Монгол Улсын гоо бүсгүй Ж.Гүнжидмаа: Би хичээнэ ээ
-
Хэн юу хэлэв...2026/05/11
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзл...
