Үйл явдал
Монгол-Хятад хоёр улс эдийн засгийн харилцаагаа сэргээхэд хамтран ажиллахад бэлэн
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр ноён Элчин сайд “Коронавируст халдвар намжина. Харин эдийн засгийг эрчимжүүлэх ёстой. Тиймээс эдийн засгийн харилцаагаа сэргээхэд бидний зүгээс бэлэн байна. Коронавируст халдвараас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хамтын хүчээр даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Мөн тэрээр дэлхийд коронавируст халдварын тархалт дотроосоо тархаагүй гарын таван хуруунд багтах цөөн улсын нэг нь Монгол Улс байгаад баяр хүргэлээ.
Уулзалтад Петрочайна Дачин тамсаг ХХК-ийн ерөнхийлөгч Жян Хунфу оролцсон. Тэрээр тус компанийн газрын тосны тээвэрлэлтийг эхлүүлэх хүсэлтийг Монгол Улсын Шадар сайдад уламжиллаа. Манай улс газрын тос тээвэрлэх автомашинууд хил нэвтрэн орж ирэхдээ халдвар тараах эрсдэлтэй гэж үзэн, тээврлэлтийг түр зогсоогоод байсан юм. Дорнод аймгийн онцгой комиссоос Петрочайна Дачин Тамсаг компанид шаардлага хангахуйц ариутгалын пункт барих үүрэг өгөөд байсан. Өнөөдрийн уулзалтаар ариутгал халдваргүйтгэл хийх хоёр пункт барин, ашиглалтад орход бэлэн болсныг мэдээллээ.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэл болон бусад бэлтгэл ажил бүрэн дууссан бол түүхий нүүрсний экспорт эхлүүлэхэд татгалзах зүйл байхгүй гэдгийг онцлон тэмдэглэв.
Уулзалтын үеэр Петрочайна Дачин тамсаг ХХК-ийн ажилчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улсын Онцгой комисст нэг өдрийн цалин болох 174 сая төгрөг хандивлалаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Чөлөөт бүс2021/12/14
Hello Mr Billionaire /Монгол хэлээр/
-
Дэлхий нийтээр..2024/05/30
Монгол Улсад жил бүр 4300 орчим хүн тамхины улмаас нас бардаг
-
Дэлхий нийтээр..2021/02/23
Гуравдугаар сарын 1-нээс иргэд орон нутаг руу 72 цагийн хүчинтэй шинжилгээний би...
-
Үйл явдал2020/07/20
Асаах шаардлагагүй гэрэл, цахилгаан хэрэгслээ салгаж эрчим хүчээ хэмнэцгээе!
