Дэлхий нийтээр..
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 хурлаас Монгол улс 1.5 тэрбум ам долларын санхүүжилт босгох боломжтой
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорилт, тэдгээрийг шийдэх арга замыг хэлэлцэх юм.
Монгол Улс COP17 бага хурлыг зохион байгуулснаар урт хугацааны бодлогын санаачилга танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацааны чанартай төслүүдийг эхлүүлэх боломжтой болно.
Тухайлбал, Энэтхэг Улс 26 сая га газрыг нөхөн сэргээх төсөл эхлүүлж, 1.5 тэрбум ам.долларын, хөрөнгө оруулалт татсан байдаг. 2022 онд Кот д’Ивуар Улс Африк тивийг ногооруулах замаар цөлжилттэй тэмцэх бүсийн санаачилгыг “Африкийн Ногоон бүс” нэртэйгээр хэрэгжүүлж 2.5 тэрбум ам.долларыг татаж чаджээ. Харин 2024 онд Саудын Арабын Хаант Улс “Ганд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх түншлэл”-ийг олон улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр санаачлан 12.15 тэрбум ам.долларын амлалтыг баталгаажуулсан байна.
Монгол Улс 2026 оны бага хуралд "Газар-Ус-Мод" томьёоллын хүрээнд тодорхой санаачилгуудыг танилцуулахаар боловсруулж, 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар Бага хурлыг зохион байгуулснаар
- Монгол Улсын гадаад бодлогын манлайлал, нэр хүнд нэмэгдэн олон улсын анхаарлыг татах боломж бүрдэх юм.
- Бага хурлын хүрээнд хоёр болон олон талт хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах, үндэсний болон орон нутгийн санаачилгуудыг дэмжиж, төсөл хамтын ажиллагааг эхлүүлэх боломжтой.
- Байгаль орчны асуудлууд болон тогтвортой хөгжлийн асуудлын ач холбогдлыг олон нийтэд таниулах боломж бүрдэхээс гадна Монгол Улсын эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлнө гэж үзэж буй.
- Талуудын бага хуралд оролцогч гадаадын төлөөлөгчид Монголд байх бүхий л зардлаа өөрсдөө хариуцдаг бөгөөд хурлыг бизнес аялал жуулчлалын хэлбэрт тооцож, Улаанбаатар хотын зочид буудал, хоол хүнс, тээвэр, үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийж, Монгол Улсын бизнес эрхлэгчдийг дэмжих юм.
Монгол Улс 2026 оны 8 дугаар сараас 2028 оныг дуустал тус конвенцыг даргалах тул бодлого, хөрөнгө оруулалт, түншлэлийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх, манлайлах бүрэн боломжтой байна. Түүнчлэн аливаа конвенцын талуудын бага хурлыг зохион байгуулагч Засгийн газар болон сонирхсон талууд санал, санаачилга танилцуулан батлуулах эрхтэй байдаг аж. Зөвхөн Монгол Улсад чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт татах нь дэлхийн эдийн засаг, хөрөнгийн урсгал болон олон улсын байдлаас үүдэн эрсдэл өндөртэй, хүлээлтэд хүрэхгүй байх магадлал өндөртэй тул бүс нутгийн болон олон улсын хэмжээнд санаачилга боловсруулах замаар үр ашиг хүртэх боломжтой байдаг. Иймээс өөрийн орны нөхцөл байдлыг харгалзан чанарт чиглэсэн, санхүүжилт татах болон хэрэгжилтийг хангах боломжтой гэж үзэн “STEPPE ACTION AGENDA” нэртэйгээр олон улсын урт хугацааны стратегид суурилсан 3 санаачилгын багцыг боловсруулжээ. Тодруулбал,
- Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
- Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга
- Байгальд түшиглэсэн шийдэл бүхий дэд бүтцийн санаачилга тус тус багтаж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2022/05/05
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт
-
Дэлхий нийтээр..2023/05/19
ШӨХТГ: Электрон тамхины худалдаатай холбоотой зөвлөмж, шаардлага хүргүүлж байна
-
Үйл явдал2020/04/01
Цэмцгэр Даланзагад
-
Дэлхий нийтээр..2022/04/15
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
