Дэлхий нийтээр..
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 100 гаруй орны төлөөлөгч оролцоно
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны есдүгээр сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар болсон.
Дэлхийн 100 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорил, тэдгээрийг шийдвэрлэх, арга зам, шийдлүүдийг хэлэлцэх юм.
Уг хуралдаан манай улсад ямар хамааралтай болоод ач холбогдол, боломжийг бий болгох вэ?
- Монгол Улс цөлжилттэй тэмцэх чиглэлийн үйл ажиллагаанд тэргүүлэн оролцож буйгаа харуулах, таниулах боломжийг олгоно. Энэ нь аялал жуулчлал, гадаад хамтын ажиллагаанд эерэг нөлөөтэй.
- Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлийн бодлого, үйл ажиллагааны менежмент арга барилуудыг таниулах болон бусад улсын туршлагаас суралцах боломжтой.
- Газар, бэлчээрийн зохистой ашиглалт болон цөлжилттэй тэмцэх арга барил зэрэг байгаль орчны төсөл, хөтөлбөрүүдэд шинэ хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг авах боломжтой.
- Байгаль орчны салбарт олон улсын хамтын ажиллагаа өргөжнө. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан, инновац, техник технологийн сайн туршлагыг судлах, мэдлэг солилцох, туршлага хуваалцах, эх орондоо нэвтрүүлэх боломж бүрдэнэ.
- Олон улсын зочид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэнд монголын түүх, соёл уламжлалыг сурталчлах таниулах боломжтой.
- Аялал жуулчлал, үзвэр үйлчилгээ, тээврийн салбарын эдийн засгийг өсгөнө.
- Олон улсын хурлын хүрээнд өрнөх сайн дурын ажил, соёлын үйл ажиллагаа, нийгмийн кампанит ажилд иргэд оролцох буюу түр ажлын байр нэмэгдэнэ.
Тиймээс СОР17 нь зөвхөн төрийн оролцоотой олон улсын байгууллагын хурал бус зохион байгуулагч Монгол Улс, монголчуудад олон боломж олгох томоохон үйл явдал юм.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2024/12/09
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэл...
-
Үйл явдал2021/06/29
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2019/06/26
Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналт хөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын уулзалт б...
-
Хэн юу хэлэв...2025/03/26
Т.Баярхүү: Хуурайшилт ихтэй сумдад түймрийн эрсдэл маш өндөр байна
