Дэлхий нийтээр..
“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний нээлт боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний нээлт “Аса Арена” цогцолборт боллоо. Тэмцээнд Монгол, Камбож, Египт, Фижи, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам гэсэн 13 улсын 14 баг оролцож байна.


“Хамтын зүтгэл-Үнэмлэхүй амжилт” уриан дор зохион байгуулж байгаа тэмцээнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, зохион бүтээгч залуус, шүүгч, багш, дасгалжуулагч нарт амжилт хүсэн ерөөлөө.
Тэрбээр, энэ тэмцээн эв нэгдэл, хичээл зүтгэл, хамтын ялалтын үнэ цэнийг мэдрүүлж, шинжлэх ухаан, технологи, инновацын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


Тэмцээнд оюутан залуусын бүтээсэн роботууд сагсан бөмбөгөөр өрсөлдөх хэдий ч, энэ нь техникийн өрсөлдөөн төдий бус, оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагаа, эв нэгдэл, андлал нөхөрлөлийг дэмжин хөгжүүлдэг олон улсын нэр хүндтэй талбар гэдгийг тэмдэглэлээ.



Энэ жил манай улс зохион байгуулагчийн хувьд давуу эрхтэйгээр ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Түвшин Электроникс”, “HICH TECH” гэсэн хоёр багаа оролцуулж байна.
Тэмцээний шүүгчийн зөвлөлд манай улсаас хоёр, Япон, Вьетнам, Хонконгоос тус бүр нэг, талбайн шүүгчээр Монголоос 10, Япон, Хонконгоос тус бүр нэг хүн ажиллана.


Багуудын зохиосон роботууд Токио хотын их сургуулийн доктор, МУИС-ийн багш Ө.Батбаярын боловсруулсан сагсан бөмбөгийн дүрмийн дагуу өрсөлдөж, шалгарсан хоёр баг Олон улсын тэмцээнд орох эрхээ авсан юм.
“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнийг МҮОНРТ, Ази-Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/ хамтран зохион байгуулж байна. Тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Мобиком” корпорац, “Аса Арена”, Z.Com, MindTech, KSJ зэрэг байгууллага, аж ахуйн нэгж ивээн тэтгэжээ.

Тэмцээн ирэх мягмар гарагт өндөрлөх бөгөөд нийтэд үнэ төлбөргүй.
2019 онд манай улс энэ тэмцээнийг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулахад багууд байгаль, үүх түүх, өв соёл, монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр болох шуудан холбооны үндэс суурь “Өртөө”, дипломат паспортын эхлэл болсон “Гэрэгэ”-г сурталчлан таниулж, анх удаа дөрвөн хөлтэй робот зохион оролцож байсан юм.

Японд үүссэн энэ тэмцээн анх тус улсын нэрэмжит байсан ч Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/-оор дамжин Ази, Номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болж өргөжжээ. Ирэх жилийн тэмцээн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод болно.
Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
-
Хэн юу хэлэв...2020/07/24
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2022 оны 7 дугаар сард ашиглалтад о...
-
Дэлхий нийтээр..2026/02/24
Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэх суурь тавигдлаа
-
Дэлхий нийтээр..2023/10/17
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тохирч үзэглэлээ
-
Дэлхий нийтээр..2025/12/19
#COP17 Хоолны үлдэгдлийн хор...
