Хэн юу хэлэв...
Ж.Чинбүрэн: 2 нас хүртэл эхийн сүүгээр хооллох хувь 2023 онд 6.9 хувиар буурсан байна
“Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 Хоног” үргэлжилж байна. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 2017, 2023 онд хийсэн Хүн амын хоол тэжээлийн V, VI үндэсний судалгааны дүнгээс харахад Хүүхдийг төрсний дараа 1 цагийн дотор ангир уураг амлуулах үзүүлэлт 2017 онд 83.7 хувь, 2023 онд 87.4 хувь болж, 3.7 хувиар өссөн.
Эхийн сүүгээр 6 сар дагнан хооллох хувь 2017 онд 58.3 хувь, 2023 онд 59.8 хувь болж 1.5 хувиар нэмэгдсэн боловч, 2 нас хүртэл эхийн сүүгээр хооллох хувь 2017 онд 47.3 хувь байсан бол 2023 онд 40.4 хувь болж 6.9 хувиар буурсан байна.
Хөхөөр хооллолтын зөвлөх эмч Х.Мөнгөнцэцэг: Хөхөөр хооллолт бол хүүхэддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Хүүхдээ төрүүлээд эхний зургаан сард заавал хөхөөр хооллоод, хамгийн багадаа хоёр нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлэх нь зөвхөн тухайн хүүхдийн хүүхэд насанд бус, өсвөр үе, насанд хүрсэн үед ч насан туршийн эрүүл мэндийн суурь болдог.
АУ-ны доктор, клиникийн профессор, Зинт клиникийн хүүхдийн эмч Т.Навчаа Хүүхдийг 2 нас хүртэл нь эхийн сүүгээр хооллосноор IQ чансааг нь 3-4 оноогоор дээшлүүлдэг. Мөн ээжийн таргалалт, чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг бууруулдаг гэх мэт олон ач холбогдолтой. Ээж нь хүүхдээ хөхүүлэх тусам өндгөвч, хөхний хорт хавдраас өөрийгөө хамгаалж байдаг.
Дэлхийн улс орнууд 1992 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэ жилийн уриа бол: “Нэн тэргүүнд эхийн сүүгээр хооллолт тогтвортой дэмжлэгт орчинг бүрдүүлье” бөгөөд 170 гаруй улс энэ өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Хэн юу хэлэв...
БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалав
Монгол дахь БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань өөрийн албан X (хуучнаар Twitter) цахим хуудсандаа Монгол, Хятадын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбэр, " Монголчуудын дунд “айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж зүйр үг байдаг бол, Хятадын тал “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалыг баримталж, хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоохыг зорьдог бөгөөд үндсэн агуулгаараа нийцдэг билээ. Энэхүү хэлэлцээр нь давуу талуудаа нөхөлцөж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд хүрэхэд чиглэсэн бөгөөд талуудын чин шударга хамтын ажиллагааны илэрхийлэл буюу нэг нь хожиж нөгөө нь хохирох тухай агуулаагүй болно. Хятад улс саяхан XV дахь таван жилийн төлөвлөгөөгөө баталж, гадаад улс оронд нээлттэй байх бодлогоо улам гүнзгийрүүлж, хөрш орнуудтай аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, гадаад худалдаа болон уялдаа холбоогоо улам нягтруулахаар зорьж байна.
Монголын хувьд Хятад хэмээх том зах зээл хаяа залган оршиж байна. Энэ оны эхний улиралд Монголын экспорт 60 хувиар өссөн нь Хятад руу чиглэсэн экспорт голлон нэмэгдсэнтэй холбоотой. Харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, хамтын ажиллагааны “бялууг” улам томруулж, хамтын хөгжлийг илүү хурднаар, илүү үр дүнтэйгээр бүтээцгээе." гэжээ.
Хэн юу хэлэв...
Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв
Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн санхүүгийн зах зээлүүд Ирантай холбоотой мөргөлдөөний нөлөө буурч эхэлсэнд итгэх хандлага ажиглагдаж байна. Олон улсын хөрөнгө оруулагчид зах зээлийн гол үзүүлэлтүүдийг ажиглахад дайны эхэн үеийн огцом савлагаа намжиж, ихэнх активууд өмнөх түвшиндээ дөхөж очсон нь анхаарал татаж байна.
Тухайлбал, дэлхийн томоохон индексүүд сэргэлт үзүүлж, зарим нь бараг дайны өмнөх түвшинд хүрээд байгаа бол хөрөнгө оруулагчид АНУ болон хөгжиж буй зах зээлүүдэд дахин анхаарал хандуулж эхэлжээ.
АНУ-ын хөрөнгийн зах зээл ч эерэг дохио үзүүлж, S&P 500 индекс түүхэн дээд түвшинд хүрч, өмнөх алдагдлаа нөхсөн байна. Зах зээл ийнхүү тайвширч эхэлсэн нь Ираны мөргөлдөөн намжих магадлал нэмэгдэж, дипломат яриа хэлэлцээ дахин эхэлж болзошгүй гэсэн хүлээлттэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Гэсэн ч эрчим хүчний зах зээлд болгоомжлол хэвээр байна. Газрын тос, байгалийн хийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа бөгөөд Ормузын хоолойн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байгаа нь эрсдэлийг хадгалж буйг анхааруулж байна.
Мөн хүүгийн түвшин, инфляцын дарамт бүрэн буураагүй, бондын зах зээлд тодорхойгүй байдал үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжтой хэвээр байлгаж байна.
Хэн юу хэлэв...
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдлууд гарч байна.
Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.
Элчин сайдын яамны зүгээс паспорт гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Иймд БНХАУ-аар зорчих Монгол Улсын иргэн Та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Элчин сайдын яамны зүгээс анхааруулж байна.
Иргэн Та БНХАУ-д зорчих үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хуудсаар холбогдоно уу.
ЭСЯ-ны шуурхай утас: +8617600787323, +86(10)65321203,
Цахим хаяг: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn
-
Үйл явдал2020/06/16
Энэ жилийн ЭЕШ-ын суудлын хуваариа хэвлэн авах боломжтой боллоо
-
Дэлхий нийтээр..2022/06/07
Мах болон хүнсчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
-
Дэлхий нийтээр..2024/06/12
Бэлчээрийн ургамал ихэнх нутгаар хэвийн байна
-
Дэлхий нийтээр..2021/02/04
УОК: Энэ сарын 11-ний өдрөөс 12 хоног хатуу хөл хорио тогтооно
