Дэлхий нийтээр..
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Энэ өдрүүдэд Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ойн баярын хуралд оролцон, ард иргэдэд Тулгар төр байгуулагдсаны 2,234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Увс аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.
Тэр бээр, орон нутаг болон улс эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, иргэдийн хөдөлмөр зүтгэл, бүтээлч үйлс, гавьяаг үнэлэн Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ерөнхийлөгч, Увс аймгаар овоглосон хүн бүр орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зүрхээ нэгтгэн зүтгэж, амжилт бүтээлээ бататган, алдар цолоо бадрааж явахын ерөөлийг өргөн дэвшүүллээ.
1925 онд Дөрвөдийн зүүн, баруун хоёр аймгийг нэгтгэн “Дөрвөд далай хан аймаг” нэрийг халж ”Чандмань уулын аймаг” нэртэйгээр одоогийн Увс аймгийг 41 сум, 115 багтай байгуулсан түүхтэй.
Өдгөө Увс аймаг 86 мянган хүн амтай, 19 сум, 3 сая толгой малтай, сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээ, зам, тээвэр, аялал жуулчлал, худалдаа үйлдвэрлэл бүхий аймаг болон хөгжиж байна.
Увсын хөдөлмөр иргэд Баяд үүлдрийн хонь, Өлгийн улаан ямаа, Тэс хэвшлийн адуу зэрэг өндөр үржил шимтэй малын үүлдэр угсаа бий болгож, жамц давс, чацаргана жимс зэрэг брэнд бүтээгдэхүүнээ дотоод, гадаадын зах зээлд тогтвортой нийлүүлэн, орон нутаг, улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж иржээ.
Нэгэн зууны хугацаанд Увс аймгаас нам, төрийг 44 жил тасралтгүй удирдаж, тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн XX зууны түүхийг манлайлан бүтээлцсэн, БНМАУ-ын төрийн тэргүүн, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Маршал, Улсын болон Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбал, ардчилсан хувьсгал тайван замаар үргэлжлэх түүхэн боломжийг нээж, хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг цогцлоох үндсийг тавьсан БНМАУ-ын төрийн тэргүүн буюу АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, профессор Жамбын Батмөнх тэргүүтэй төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, Бэгзийн Гиваан, Түйвээний Дүүдэй нарын Улсын баатрууд, хурандаа генерал Бугын Дэжид зэрэг 16 генерал, 30 гаруй Хөдөлмөрийн баатар, 20 гаруй Төрийн шагналтан, 11 академич, 10 гаруй Ардын жүжигчин, 600 гаруй эрдэмтэн, 300 гаруй гавьяат цолтон төрөн гарчээ.
Мөн Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, Монгол Улс, ЗХУ-ын гавьяат тамирчин, XX зууны манлай монгол бөх, Чөлөөт бөхийн дэлхийн аварга, Олимп болон дэлхийн аваргын гурван удаагийн мөнгөн медальт, доктор, профессор Хорлоогийн Баянмөнх, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, самбо бөхийн дэлхийн аварга, жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт Одвогийн Балжинням тэргүүтэй үндэсний бөхийн аварга, олимпийн медальтан, спортын алдартан олноор төрөн гарсан хүчтэнүүдийн өлгий нутаг билээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2025/08/06
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы хөрөнгө оруулалтын газрын Ерөнхийлөгчийг...
-
Хэн юу хэлэв...2021/10/08
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Д.Гангабаатарыг томиллоо
-
Үйл явдал2020/01/21
УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Дэлхий нийтээр..2024/11/13
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын ...




