Дэлхий нийтээр..
УИХ-ыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ц.Сандаг-Очирыг сонгохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ дахь МАН-ын бүлгээс Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Цэндийн Сандаг-Очирын нэрийг дэвшүүлснийг хуралдаан даргалагч танилцуулав. Ц.Сандаг-Очир нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. 1995 онд Нийслэлийн Багануур дүүргийн 66 дугаар дунд сургуулийг төгссөн. 2000-2004 онд Тэнгэр дээд сургуулийг философич, нийгмийн ухааны багш чиглэлээр суралцаж төгссөн. 2001 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер, 2018 онд тус академийг төрийн удирдлагын магистраар сурч төгсчээ. 2000-2004 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 4 дүгээр хорооны нийгмийн ажилтан, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн, 2005-2008 онд тус дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, 2008-2012 он, 2016-2020 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргаар 2 удаа сонгогдон 8 жил ажилласан бөгөөд 2013 оноос Багануур дүүргийн МАН-ын хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа аж.
Ц.Сандаг-Очир нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа сонгогдож байсан. 2020, 2024 онд УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдон ажиллаж байна. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын УИХ-д сонгогдон ажилласан туршлага, мэдлэг ур чадварыг харгалзан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэрийг нь дэвшүүлж байна хэмээн танилцуулав.
Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхтэй холбоотой өөр санал, нэр дэвшигчээс асуулт гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэж, нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
Дэлхий нийтээр..
Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлнэ
Европын холбоо ОХУ-ын эдийн засагт үзүүлэх хориг арга хэмжээний дарамтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Кая Каллас Кипрт болсон тус холбооны Батлан хамгаалахын сайд нарын албан бус уулзалтын дараа мэдэгдэхдээ, Оросын Украины эсрэг дайныг дэмжиж буй дахин 80 байгууллага, хувь хүнд шинэ хязгаарлалт тавих асуудлыг хэлэлцэж байгааг онцолжээ.
Түүний хэлснээр, шинээр санал болгож буй жагсаалтад ОХУ-ын “цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор”, хүний эрх зөрчигчид болон суртал ухуулга явуулагчид багтаж байна.
Кая Калласын мэдээлснээр, Барууны орнуудын хориг арга хэмжээ ОХУ-д одоогоор 1.2-1.5 их наяд ам.долларын хохирол учруулаад байгаа аж. Тэрбээр “Орос мөнгө, хүн хүч, давшилтын эрчээ алдаж байна. Тиймээс л Украины энгийн иргэд рүү хийх халдлагаа нэмэгдүүлж байна” гэж мэдэгджээ.
Мөн Европын холбооны сайд нар Украинд зэвсэг нийлүүлсэн улс орнуудад нөхөн төлбөр олгох зорилготой 6.6 тэрбум еврогийн сангийн ирээдүйн талаар хэлэлцсэн байна. Уг сангийн асуудлыг Унгар өмнө нь эсэргүүцэж байсан ч одоо эсэргүүцлээ татахаа холбоотнууддаа мэдэгджээ.
Кая Каллас энэ хөрөнгийг зөвхөн өмнө нь нийлүүлсэн зэвсгийн нөхөн төлбөрт бус, хамтарсан зэвсэг худалдан авалт болон Европын холбооны цэргийн тусламжийг санхүүжүүлэхэд ашиглах санал гаргасан байна.
Европын холбоо АНУ-ын байр суурь суларсан энэ үед Москвагийн эсрэг дарамтаа нэмэгдүүлэхийг зорьж байна. Гуравдугаар сард тус холбоо 2,600 орчим хувь хүн, байгууллагад чиглэсэн хориг арга хэмжээг сунгаж, хөрөнгө царцаах болон зорчих эрх хязгаарлах шийдвэрээ үргэлжлүүлсэн юм.
Энэ үеэр ОХУ Украинд халдлагаа үргэлжлүүлсээр байна. Даваа гарагийн өглөө Оросын халдлагын улмаас Украины Запорожье мужид таван хүн амиа алдаж, 14 хүн шархадсан талаар орон нутгийн захирагч Иван Федоров мэдээлжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй нүүр тулсан уулзалт хийх санал гаргасан ч Кая Калласын хэлснээр, Оростой хэлэлцээ эхлүүлэх цаг хараахан болоогүй байна.
Тэрбээр Оросыг бодитоор хэлэлцээ хийх нөхцөл байдалд хүргэхийн тулд стратегийн тэвчээр хэрэгтэй гэж мэдэгдлээ.
