Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

ТББХ: УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Огноо:

,

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийг Х.Тэмүүжин нарын УИХ-ын 11 гишүүн өргөн мэдүүлсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцаж, Засгийн газар үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнах харилцааг хуулиар нарийвчлан зохицуулж, хууль тогтоох дээд байгууллага нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсөв, түүний гүйцэтгэл болон хуулийн биелэлтэд хяналт тавих эрхээ хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурал Ерөнхий сайдад асуулга тавих, гишүүд асуулт асууж, хариулт авах асуудлыг энэхүү хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулахаар тусгасан хэмээн хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулсан. 

Тодорхой хэлбэл төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаанд алдаа мадаг гаргахгүйн үүднээс парламентад худал мэдээлэл өгөхгүй байх, худал мэдээлэл өгөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээдэг байх, олонхын бүлэг буюу түүнээс сонгогдсон Ерөнхий сайдаас асуудаг асуулгын цагийг Улсын Их Хуралд бий болгох, уг асуулга нь нээлттэй, тэгш мэтгэлцээний үндсэн дээр өрнөдөг байх зэрэг зарчмын өөрчлөлтийг Улсын Их Хурлын тухай хууль болон, Улсын Их Хурлын дэгийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд оруулах шаардлагатай гэж үзжээ. 

Тэрбээр Улсын Их Хурлын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулж, улмаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйлийг Улсын Их Хурлын асуулгын цаг болгон өөрчлөхөөр тусгажээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж, мэдээлэл хийж буй Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан нийтийн албан тушаалтан, бусад этгээд үнэн бодит мэдээлэл өгөх асуудлыг үүрэгжүүлэх, хариуцлага хүлээлгэх харилцааг тусгасан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Х.Тэмүүжин нарын УИХ-ын 40 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхий сайд нь Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах бөгөөд Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1-д заасанчлан Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага байна. Ерөнхий сайд нь Улсын Их Хурлаас томилогдож, түүний шууд хяналтад үйл ажиллагаагаа явуулах нь парламентат ёсны гол илэрхийлэл болно. Парламентын ардчилал нь нээлттэй, тэгш, чөлөөт мэтгэлцээн, үзэл бодлын өрсөлдөөнөөр тодорхойлогдох бол парламентат ёс нь Парламентаас Ерөнхий сайдыг томилж, хянаж, хариуцлага тооцоход чиглэдэг билээ.

Монгол Улсын Их Хурал нь 126 гишүүнтэй, төрийн эрх барих дээд байгууллага боловч Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд Улсын Их Хурлын бүрэлдэхүүнээс гадна Ерөнхий сайд тусгайлсан суудал засуулж, хуралдаан даргалагчийн түвшинд танхимын хойморт байрлаж буй нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчимд үл нийцэж байна гэлээ. 

Тиймээс парламентын ардчиллыг баталгаажуулахын тулд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан Улсын Их Хурал дахь олонх ба цөөнхийн тэгш мэтгэлцээнээр явагддаг, чуулганд гишүүд сонгогч иргэдээ төлөөлөн, байр сууриа нээлттэй илэрхийлж, чөлөөтэй ижил түвшинд мэтгэлцэхийн сацуу, хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих Улсын Их Хурлын бүрэн эрх халдашгүй хэрэгжих парламентат ёсны үндсэн зарчмыг хамгаалахын тулд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байна хэмээн тайлбарласан. 

Хуулийн төслөөр Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, хуралдааны танхимын зохион байгуулалтын үндсэн зарчим, суудлын хуваарийн ерөнхий төлөвлөлтийг зохицуулахаар тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт, санал гараагүй ч дээрх асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир завсарлага авч байгааг тус бүлгийн дэд дарга А.Ариунзаяа танилцуулснаар хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулав.

Тэрбээр,  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.2-т заасны дагуу 70,000 ба түүнээс дээш тооны иргэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах санал гаргаж, хуульд заасан журмын дагуу шаардлага, нөхцөл хангагдсан тул Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар тогтоолоор агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэг ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдөр зохион байгуулж, санал, дүгнэлтээ 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан.

Ерөнхий хяналтын сонсголын нэгдсэн санал, дүнэлтэд “Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо цаашид утаа, агаарын бохирдлыг бууруулах дэд хороог байгуулж, хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах, хянан шалгах эрх бүхий байгууллагын мэдээллийг тогтмол сонсох, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх” гэж тусгасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлж хуулийн төслийг боловсруулсан хэмээлээ.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэн эрүүл, аюлугүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасныг ханган, баталгаажуулах зорилгоор Монгол Улсад агаар орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулж, бодит үр дүнд хүрэх стратегийг хэрэгжүүлэх, бодлогын хэрэгжилтийг дэмжих орчныг бүрдүүлэхийн тулд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны харьяанд “агаарын бохирдол, хорт бодис, байгаль орчны асуудал, байгаль орчныг хамгаалах, байгалийн тэнцлийг хангах асуудал, цаг уур, орчны хяналтын асуудал, усны бодлого, нөөц, усны бохирдол, хог хаягдал, дахин боловсруулалт” зэрэг асуудлыг дагнан хариуцах үүрэг бүхий “Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулан ажиллах шаардлагатай гэж үзлээ хэмээн танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн сүүлийн асуудал нь А.Ариунзаяа нарын УИХ-ын 9 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай байв.  

УИХ-ын үйл ажиллагааг илүү оновчтой, цомхон болгох, УИХ өөрчлөлтийг өөрөөсөө хийх нь зүйтэй гэсэн санаачилга гарган УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Р.Батболд, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Б.Найдалаа, Н.Номтойбаяр, У.Отгонбаяр, Х.Тэмүүжин нарын хамтаар хуулийн төслийг боловсруулан өргөн барьсан хэмээн УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцуулгадаа онцлов.

Иргэд, байгууллагаас Улсын Их Хуралд ирүүлсэн өргөдлийг судлах, шинжилгээ хийх, холбогдох санал бэлтгэх болон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн асуудлыг эрхлэх Өргөдлийн байнгын хороог байгуулах, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороог Эдийн засгийн байнгын хороонд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог Нийгмийн бодлогын байнгын хороонд, Ёс зүй, дэгийн байнгын хороог Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус нэгтгэхээр хуулийн төсөлд тусгажээ.

Мөн Байнгын хороодын эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн, Бүсчилсэн хөгжлийн, Эдийн засгийн байнгын хороонд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн, Инновац цахим бодлогын хөгжлийн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаар, орчны бохирдлын, Хүнс хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд Шинжлэх ухааны, Соёл, спорт, залуучуудын дэд хороог тус тус байгуулах зохицуулалтыг оруулжээ.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд зөвлөлийн одоогийн байгаа бүрэлдэхүүнээс гадна УИХ-д суудалтай бүлэг байгуулаагүй нам эвслийн төлөөлөл болох УИХ-ын гишүүн санал өгөх эрхтэйгээр оролцох, нам эвслийн бүлгийн дэд дарга нар санал өгөх эрхгүйгээр оролцох асуудлыг хуульчлах нь зүйтэй гэж үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй

Огноо:

,

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.

Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.

АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.

Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.

Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.

Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв

Огноо:

,

Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.

Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.

Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.

Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.

Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.

Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ

Огноо:

,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.

Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.

Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.

Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.

Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.

ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.

Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал22 цаг 4 минут

ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байх...

Үйл явдал22 цаг 11 минут

COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн ту...

Дэлхий нийтээр..22 цаг 24 минут

Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэл...

Дэлхий нийтээр..22 цаг 28 минут

Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв...

Үйл явдал22 цаг 32 минут

ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах ч...

Үйл явдал22 цаг 37 минут

Нийслэл COP17-ын Ногоон бүсэд хотын хөгжлийн төслүүдээ танилцуулж ба...

Үйл явдал22 цаг 40 минут

Монгол Улс шүлхийн вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-т...

Үйл явдал22 цаг 46 минут

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

“Интермед” эмнэлэгт тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл ирж, ...

Хэн юу хэлэв...2026/08/18

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусга...

Үйл явдал2026/08/18

Монгол Улс ус, намгархаг газрын хамгааллыг цөлжилттэй тэмцэх бодлого...

Үйл явдал2026/08/18

COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд ш...

Үйл явдал2026/08/18

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

COP17-ын Ногоон бүс олон нийтэд нээлттэй ажиллана

Үйл явдал2026/08/14

Туул гол дээгүүрх 476 метр төмөр замын гүүрийн угсралт үргэлжилж бай...

Хэн юу хэлэв...2026/08/14

COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана

Үйл явдал2026/08/14

“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.к...

Үйл явдал2026/08/14

АҮЭБЯ: Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно

Дэлхий нийтээр..2026/08/14

Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг би...

Дэлхий нийтээр..2026/08/14

Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн бари...

Дэлхий нийтээр..2026/08/14

Дэлхийн хүн дүрст роботын спортын наадамд 2056 робот өрсөлдөнө

Үйл явдал2026/08/14

“Шатахуун зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилж байгааг анха...

Хэн юу хэлэв...2026/08/14

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр ...

Үйл явдал2026/08/14

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Үйл явдал2026/08/13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Үйл явдал2026/08/13

ЗГ: Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэ...

Үйл явдал2026/08/13

БНХАУ COP17 бага хурлын зохион байгуулалтад нэг сая ам.долларын дэмж...

Үйл явдал2026/08/13

"KHARKHORUM 360°" фестиваль шинэ жишгийг бий болгож байна

Үйл явдал2026/08/13

ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Үйл явдал2026/08/13

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав

Санал болгох