Дэлхий нийтээр..
Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо
Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2025.06.12/ болж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцээд шийдвэр гаргалаа.
Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцуулсан.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонхын суудал авсан МАН-аас Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг 06 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт УИХ-д олонхын суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч 5 хоногийн дотор УИХ-д оруулна гэж заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг танилцуулж байна гэв.
Гомбожавын Занданшатар нь 1970 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Эхнэр 4 хүүхэдтэй. 1987 онд Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй. Г.Занданшатар нь ажлын гараагаа Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн багшаар эхлүүлж, 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банканд эдийн засагч, хэлтэс, газрын захирал, 1998-2000 онд Монголбанкны сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банканд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, 2000-2003 онд “Хаан” банкны дэд захирал, 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2005-2010 онд МАН-ын дэргэдэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч, 2004-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач, 2016-2024 онд УИХ-ын гишүүн, 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, 2019-2024 онд УИХ-ын дарга, 2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байна. Г.Занданшатар нь 1992 оноос хойш эрдэм шинжилгээ, судалгаа, эдийн засаг, гадаад харилцааны чиглэлээр болон төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын түвшинд ажилласан төрийн албаны туршлагатай иргэд, олон нийтийн итгэл, улс төрийн манлайлал, бодлогын тогтвортой байдлыг хангах чадвартай хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар санал болгож байна гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдыг томилохтой холбогдуулан Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо мөн өдөр хуралдсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны 06 дугаар сарын 10,12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас 1 цагийн завсарлага авсныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ санал, дүгнэлтдээ дурдаад Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн гэдгийг онцолсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын 68 гишүүн асуулт асууж, хариулт авсан.
Гишүүд 2022-2023 онд Монгол Улсын ядуурлын түвшин 29 хувь буюу 3.5 сая хүнээс 920 мянга нь 420 мянган төгрөгөөс доош орлоготой, ядуурлын шугамаас доогуур амьдарч байгаа тул иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, эдийн засгийг сайжруулахад баримтлах бодлого, чиглэлийг тодруулахын зэрэгцээ дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ ханш буурснаас төсвийн орлого тасалдах нөхцөл үүссэн энэ үед улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх эсэх, түүнчлэн эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин хөлс, улмаар иргэдийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулахад төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэх чиглэлд ямар бодлого баримтлахыг тодруулж байлаа.
Нэр дэвшигч Г.Занданшатар, “Эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй байлгах, иргэн бүрд хүргэхийг эн тэргүүний зорилтоо болгож ажиллана. Монгол Улсын ядуурлын индексийн судалгааг 2022 оноос хойш гаргаагүй бөгөөд 2022 оны байдлаар ядуурлын түвшин 27.1 хувь буюу 913 мянган хүн ядуурлын шугамаас доогуур орлоготой амьдарч байна. Ядуурал буурахгүй байгаа шалтгаанд эдийн засгийн тогтворгүй байдал, үнийн өсөлт, гадаад дотоод нөхцөл байдал сөрөг нөлөө үзүүлж байгаа тул цаашид эдийн засгийн өсөлтийг шударга, хүртээмжтэй байлгахад анхаарч ажиллана. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийж, татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх, иргэдэд үзүүлж буй татварын дарамтыг багасгах, тансаг хэрэглээний болон хэт өндөр орлоготой хэсгийн татварыг нэмэгдүүлэх замаар дундаж давхаргаа дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийг дэмжих замаар эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийнэ. Халамжаас хөдөлмөр гэсэн уриаг хэрэгжүүлж, хөдөлмөр хийж буй бүхнийг дэмжинэ” хэмээн хариулж байлаа.
Мөн тэрбээр, “Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол хийхээр холбогдох төслийг ирэх долоо хоногт өргөн мэдүүлнэ. Гэхдээ эл тодотгол төсвийн хэмнэлтрүү чиглэнэ. Төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулахгүй бол энэ хэрээр төсвийн орлого тасарч байгаа тул тодотгол хийх зайлшгүй шаардлага тулгарч байна. Үргүй зардлыг 2.3 их наяд төгрөгөөр танахгүй бол цаашдаа улсын төсөв эдийн засгаа дэмжих биш, инфляцид нөлөөлөх хэмжээнд хүрээд байна” гэв. Түүнчлэн “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 6.0 хувь, Засгийн газрын нэгдсэн төсвийн 12 хувьд хүргэх, дотоодын нийт бүтээгдэхүүний 1.0 хувийг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн байдаг. Энэ хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах бодлогыг боловсруулж байгаа бөгөөд анхан шатны тусламж, үйлчилгээг үе шаттайгаар сайжруулж байж хүн амын эрүүл мэнд сайжирна. Гэхдээ эл салбарын ажилтнуудын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх боломж, бололцоо одоогоор байхгүй гэдэг үнэнийг хэлэх нь зүйтэй” гэсэн тайлбарыг нэр дэвшигч өглөө.
Мөн гишүүд эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, татвар төлөгч бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжихэд томоохон шинэчлэлийг хэрхэн хийх, төрийн өмчит компани, үндэсний хороо, зөвлөл, агентлаг байгуулах замаар хувийн хэвшлийн гүйцэтгэдэг ажил, үйлчилгээ, бизнестэй өрсөлддөг байдлыг халах, эдийн засгийг уул уурхайн салбараас хэт хамааралтай байдлыг зогсоож, солонгоруулах, данхгар төрийн бүтцийг цомхотгох, Засгийн газрын хэрэгжүүлж байсан 14 мега төслийг үргэлжлүүлэх эсэх асуудалд баримтлах бодлогын талаар илүүтэй сонирхож байлаа.
Нэр дэвшигч Г.Занданшатар, “Төрийн өмчит 129 компанид 12.9 мянган хүн ажиллаж байна. Төрийн өмчит компанийн үр ашгийг сайжруулах, шинэчлэл хийж, төрийн өмчит компанийн тоог хоёр дахин бууруулах чиглэлээр хувьчлал зохион байгуулах, гэрээний үндсэн дээр ашиглах, зарим ашиггүй компанийг татан буулгах, ажил үүргийг нь хувийн хэвшилд шилжүүлэх замаар төрийн хэт оролцоог хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ” гэв. Түүнчлэн “Эдийн засгийг солонгоруулах, уул уурхайн бус салбар тэр дундаа жижиг, дунд бизнесийг дэмжих хамгийн зөв шийдэл нь бизнесийн орчныг сайжруулах явдал. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, татвар зээлийн бодлогоор дэмжих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрлөж буй иргэд, ажлын байр бий болгож байгаа баялаг бүтээгчдээ дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үздэг. Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийг амжилттай хэрэгжүүлийн тулд тогтвортой, залгамж халаатай бодлогыг эрх зүйн болоод институтын түвшинд баталгаажуулах шаардлагатай. Ер нь хэрэгжиж байгаа болон хүндрэлтэй байгаа төслүүдээ санхүүжилт, боломж, шаардлагаар нь эрэмбэлнэ” хэмээн нэр дэвшигч хариулав.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Б.Бейсен, Н.Наранбаатар, Б.Пүрэвдорж, Б.Түвшин, Г.Лувсанжамц, Д.Рэгдэл, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд, Л.Соронзонболд, Ц.Идэрбат, Ц.Баатархүү, Н.Батсүмбэрэл, С.Замира, Б.Батбаатар, Б.Жаргалан, Х.Тэмүүжин, Э.Болормаа, П.Наранбаяр, Л.Мөнхбаясгалан, Х.Баасанжаргал, О.Саранчулуун, Б.Заяабал, О.Цогтгэрэл, Д.Ганбат, Р.Эрдэнэбүрэн, Ж.Баярмаа нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ богино хугацаанд олон ажлыг амжуулж, асуудал бүрийг шийдвэрлэх боломжгүй ч нэн тэргүүнд нийгмийн даатгалын шимтгэл, татварын хувь хэмжээг багасгах, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, авлига, хээл хахуулийн эсрэг зоримог, шийдмэг, үр дүнтэй тэмцэх, эрүүл мэнд боловсрол, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд онцгойлон анхаарч ажиллахыг хүслээ.
Мөн цомхон чадварлаг танхимыг бүрдүүлж, үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагыг бодитоор хэрэгжүүлэх, ингэхдээ төрийн бүтцээс гадна төсөл, арга хэмжээний давхардлыг тодорхойлж, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, үр дүнтэй ажиллах, нийгмийн тодорхой асуудалд зарцуулж байгаа хөрөнгө оруулалт, татаас, төсөл, арга хэмжээний зардлыг салбар салбараар нь нэгтгэж олон нийтэд ил болгох, хот байгуулалтын салбарыг ч нэгдсэн төлөвлөлтийн тогтолцоонд шилжүүлэх, нийслэлийн утааг бууруулахад бодлогын томоохон өөрчлөлтийг хийх шаардлагатай байна гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
Түүнчлэн төрийн албыг цомхон болгож, төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүй байхад анхаарах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ дэмжих, шинэ Засгийн газар салбар бүрийн нэгдсэн мастер төлөвлөгөө боловсруулж санаачилгатай, хурдтай ажиллахыг захиж байв.
Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатарыг томилох саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 117 гишүүний 108 нь буюу 92.3 хувь нь дэмжлээ.
Ингэснээр “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулсан юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд томилогдсонтой холбогдуулан Улсын Их Хурлын дарга үг хэллээ. /бүрэн эхээр нь эндээс/
Тэрбээр хэлсэн үгэндээ, гадаад улс төрийн орчин, эдийн засгийн тодорхойгүй байдлаар нөхцөлдүүлсэн шинэ нөхцөл байдалд, шинэ сорилт, шийдэл хүлээсэн бодлогын түвшний асуудлууд тулгарч байгааг дурдаад макро эдийн засгийн нөхцөл байдал, гадаад худалдаа, ханшийн асуудал, үнийн өсөлт, зээлийн хүүг эрүүл зохистой түвшинд хүргэх, төрийн албаны болон татварын татварын реформ, дотоодын бизнесийг дэмжих, эрчим хүчний найдвартай байдлыг хангах, хөдөө аж ахуйн салбарын хүндрэлийг даван туулах бодлогод онцгойлон анхаарч, бодит үр дүнтэй шийдлүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн шударга ёс, төрийн хэмнэлттэй, үр ашигтай бүтэц, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх бодлогууд нь шинэ Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл байх ёстой гэдгийг онцлон тэмдэглэсэн.
Дараа нь Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар үг хэлсэн. Тэрбээр өндөр үүрэг хариуцлага, итгэл хүлээлгэж Монгол Улсын Ерөнхий сайдаар тохоон томилсонд талархал илэрхийлээд эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ орлого, амьжиргааг тамиржуулах, эрчим хүчний гэнэтийн доголдол зэрэг тулгамдсан асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага үүссэнийг дурдав. Эрсдэл, сорилтыг даван туулах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүх түвшинд төлөвшүүлэх нь шинэ Засгийн газрын үндсэн зорилт байх болно гэдгийг мэдэгдэв.
Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно. Шинэ Засгийн газар монгол хүний хөгжлийг бодлогынхоо цөмд нь, иргэдийнхээ эрхийг шийдлийнхээ голд нь тавьж асуудалд ханддаг, ард түмний Засгийн газар байхыг эрхэм зорилгоо болгож ажиллана. Чадварлаг, бүтээмжтэй, эрүүл саруул, дэлхийд өрсөлдөх чадамжтай монгол хүний хөгжилд чиглэж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц реформыг эрчимжүүлнэ. Бүтээмж, гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний бодлогыг салбар бүрд нэвтрүүлнэ. Халамжийн тогтолцоонд шинэчлэл хийж, хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт байх зарчмыг удирдлага болгоно. Тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулж, удирдлага менежментийг шударга, ил тод, мэргэжлийн хөрөнгийн удирдлагын тогтолцоонд шилжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тодотголоо.
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
Дэлхий нийтээр..
Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлнэ
Европын холбоо ОХУ-ын эдийн засагт үзүүлэх хориг арга хэмжээний дарамтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Кая Каллас Кипрт болсон тус холбооны Батлан хамгаалахын сайд нарын албан бус уулзалтын дараа мэдэгдэхдээ, Оросын Украины эсрэг дайныг дэмжиж буй дахин 80 байгууллага, хувь хүнд шинэ хязгаарлалт тавих асуудлыг хэлэлцэж байгааг онцолжээ.
Түүний хэлснээр, шинээр санал болгож буй жагсаалтад ОХУ-ын “цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор”, хүний эрх зөрчигчид болон суртал ухуулга явуулагчид багтаж байна.
Кая Калласын мэдээлснээр, Барууны орнуудын хориг арга хэмжээ ОХУ-д одоогоор 1.2-1.5 их наяд ам.долларын хохирол учруулаад байгаа аж. Тэрбээр “Орос мөнгө, хүн хүч, давшилтын эрчээ алдаж байна. Тиймээс л Украины энгийн иргэд рүү хийх халдлагаа нэмэгдүүлж байна” гэж мэдэгджээ.
Мөн Европын холбооны сайд нар Украинд зэвсэг нийлүүлсэн улс орнуудад нөхөн төлбөр олгох зорилготой 6.6 тэрбум еврогийн сангийн ирээдүйн талаар хэлэлцсэн байна. Уг сангийн асуудлыг Унгар өмнө нь эсэргүүцэж байсан ч одоо эсэргүүцлээ татахаа холбоотнууддаа мэдэгджээ.
Кая Каллас энэ хөрөнгийг зөвхөн өмнө нь нийлүүлсэн зэвсгийн нөхөн төлбөрт бус, хамтарсан зэвсэг худалдан авалт болон Европын холбооны цэргийн тусламжийг санхүүжүүлэхэд ашиглах санал гаргасан байна.
Европын холбоо АНУ-ын байр суурь суларсан энэ үед Москвагийн эсрэг дарамтаа нэмэгдүүлэхийг зорьж байна. Гуравдугаар сард тус холбоо 2,600 орчим хувь хүн, байгууллагад чиглэсэн хориг арга хэмжээг сунгаж, хөрөнгө царцаах болон зорчих эрх хязгаарлах шийдвэрээ үргэлжлүүлсэн юм.
Энэ үеэр ОХУ Украинд халдлагаа үргэлжлүүлсээр байна. Даваа гарагийн өглөө Оросын халдлагын улмаас Украины Запорожье мужид таван хүн амиа алдаж, 14 хүн шархадсан талаар орон нутгийн захирагч Иван Федоров мэдээлжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй нүүр тулсан уулзалт хийх санал гаргасан ч Кая Калласын хэлснээр, Оростой хэлэлцээ эхлүүлэх цаг хараахан болоогүй байна.
Тэрбээр Оросыг бодитоор хэлэлцээ хийх нөхцөл байдалд хүргэхийн тулд стратегийн тэвчээр хэрэгтэй гэж мэдэгдлээ.
