Үйл явдал
Мөнгөний бодлогын хүүг буурууллаа
Бодлогын хүүг бууруулах, төгрөгийн заавал байлгах нөөцийн хувийг багасгах болон бодлогын хүүний коридорыг шинэчлэн тогтоох тухай
Дугаар: 2020/01
Огноо: 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр
Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэх, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийдвэр гаргалаа.
Жилийн инфляци 2020 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 5.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.0 хувь байна. Эдийн засгийн өсөлт саарах хандлага үргэлжилж, эрэлтийн шалтгаантай инфляци тогтвортой байх төлөвтэй байна. Харин импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт удаашрах тохиолдолд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн хэлбэлзэл үүсч болзошгүй.
Ковид-19 вирусний тархалттай холбоотой тодорхой бус байдал нэмэгдэж байгаагаас гадаад эрэлт, түүхий эдийн үнэ буурч, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил сулран, эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах эрсдэлийг бий болгож байна. Цаашид эдийн засагт үзүүлэх нөлөө нь Ковид-19 вирусний тархах цар хүрээ болон үргэлжлэх хугацаа, вирусын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс ихээхэн хамаарахаар байна. Экспортын орлого буурах эрсдэл нэмэгдэж байгаа хэдий ч хэрэглээний импорт агших хандлага үргэлжилж, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом буурсан нь төгрөгийн ханшинд үзүүлэх дарамтыг зөөлрүүлэхээр байна.
Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлс болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан Мөнгөний бодлогын хорооноос санхүүгийн зуучлалыг дэмжих, банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын багц шийдвэр гаргав.
Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийн зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байна.
Хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


