Дэлхий нийтээр..
ХЗБХ: Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.22) хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Улсын Их Хурлын холбогдох шийдвэр болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 1994 онд батлагдсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлжээ.
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан, Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх нийт 6 илтгэлд тусгасан мэдээлэл, дүгнэлт, зөвлөмж, хуулийн хэрэгжилтийн талаар “Эмнести интернэшнл” төрийн бус байгууллагаас гаргасан тайлан, дүгнэлт, зөвлөмж, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос 2021 оны зохион байгуулсан Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгт тусгагдсан зарим асуудалд үндэслэн хуулийн төслийн нэрийг Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хэмээн өөрчилжээ. Үргэлжлүүлэн О.Алтангэрэл сайд төсөл дэх онцлог зохицуулалтуудыг танилцууллаа.
Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулиар “Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй” гэснийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага санаачлах, зохион байгуулах, оролцох эрхтэй байхаар өргөжүүлж байгаа юм байна.
Хүчин төгөлдөр хуульд жагсаал, цуглаан зохион байгуулах, санаачлах асуудал нь тодорхой хүрээ хязгаартай, тухайлбал улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар гэж тусгайлан заасныг өөрчилж, ямар ч асуудлаар жагсаал, цуглаан хийж болох зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Жагсаал, цуглааны төрөл, хэлбэр болох аяндаа бий болсон, зэрэгцсэн, эсрэг жагсаал, цуглааныг хүлээн зөвшөөрөх тэдгээрийн аюулгүй байдлыг хангах, хэв журам хамгаалахтай холбоотой зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Бүртгүүлэх нэртэй боловч зөвшөөрөл авдаг тогтолцоог халж, зөвхөн авто замын зорчих хэсэгт зохион байгуулах бол урьдчилан мэдэгдэж, хариу авсны үндсэн дээр, хуулиар хориглосноос бусад газар зөвхөн мэдэгдэл хүргүүлснээр зохион байгуулдаг болохоор төсөлд тусгасан болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулав.
Мэдэгдэл хүлээн авах, хариу өгөх, хууль бус жагсаал, цуглааныг албадан тараах эрх бүхий этгээд нь Засаг дарга буюу улс төрийн албан тушаалтан байгааг өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Тодруулбал, мэдэгдэл хүлээн авах этгээд нь цагдаагийн байгууллага байх бол албадан тараах эрх бүхий этгээдээр цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн, тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга шийдвэр гаргадаг болгох нь зүйтэй хэмээн үзсэн гэв.
Хориглолт, хязгаарлалтыг тодорхой болгохоор төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Нийтийн хэв журмыг хангах, үндэсний аюулгүй байдал, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хангах шаардлагаар зөвхөн хуулиар хориглолт, хязгаарлалтыг тавихыг зөвшөөрөх юм байна. Жагсаал, цуглаан хийх эрхийг хориглосон, хязгаарласан захиргааны акт баталж, мөрдүүлэхийг хориглохоор төсөлд тусгажээ.
Зөвхөн хуульд заасан үндэслэлээр албадан тараах, ингэхдээ тус ажиллагааг баримтжуулах, урьдчилан сануулах, оролцогчдын хувийн байдалд тохирсон арга хэмжээ авах, аль болох хамгийн бага хүч хэрэглэх аргыг сонгох, тус ажиллагааг хэрэгжүүлсэн талаар олон нийтэд мэдээлэл өгдөг байх харилцааг хуульчлах нь зүйтэй хэмээн үзснийг илтгэлдээ дурдсан.
Түүнчлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн зарим зохицуулалтыг хэвээр үлдээх нь зүйтэй хэмээн үзсэн гэв. Тухайлбал, онц байдал, дайны байдал зарласан, гамшиг осол тохиолдсон хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох, энэ хууль болон бусад хуулиар хориглох тодорхой байршлууд, зохион байгуулагч болон оролцогчийн үүрэг, мэдэгдэл хүргүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хууль үйлчлэх, мөн хууль бус жагсаал цуглаан, албадан тараах үндэслэл зэргийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзжээ. Мөн шөнийн цагаар жагсаал, цуглаах хийхийг хориглох агуулгыг нэмсэн байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактад заасан иргэдийн тайван хуран цуглах эрх бүрэн хангагдаж, зөвхөн хуульд заасан үндэслэлээр энэхүү эрхийг хязгаарлах зохицуулалт баталгаажих юм байна. Мөн жагсаал, цуглааны хэлбэрүүдийг хүлээн зөвшөөрөх эрх зүйн орчин бүрдэх аж. Жагсаал, цуглааны хориглолт, хязгаарлалтын хүрээ хязгаар тодорхой болохын зэрэгцээ хуульд зааснаас бусдаар, захиргааны хэм хэмжээний актаар хязгаарлах боломжгүй болно хэмээн сайд танилцуулав.
Жагсаал, цуглаан зохион байгуулахад бүртгүүлэх үүрэгтэй, эрх бүхий байгууллага бүртгэсэн тохиолдолд жагсаал, цуглаан хийх эрхтэй болох зохицуулалт үйлчилж байгаа байдал хязгаарлагдаж, зөвхөн онцгой нөхцөл байдал, зайлшгүй хориглох цөөн тохиолдлоос бусад тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэл хүргүүлснээр жагсаал, цуглаан зохион байгуулах боломж бүрдэж байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулав. Цагдаагийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журмыг сахиулахдаа хүний эрхийн зөрчил гаргахгүй байх, хууль ёсны тайван жагсаал, цуглаанд жагсагч болон цагдаа хамтран ажиллах, хоорондоо идэвхтэй харилцаатай байх, мэдээлэл солилцох, зөвлөн туслах нөхцөл бүрдэх юм байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дайны байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.5 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг үндэслэн гаргасан хууль зүйн дүгнэлтийг хуралдаанд танилцуулсны дараа Байнгын хорооны гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, О.Алтангэрэл сайд болон ажлын хэсгээс тайлбар, мэдээлэл, хариулт авав.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, төслөөр нэрийг нь өөрчилж байгаа нь оновчтой хэмээн үзэж буйгаа илэрхийлээд хэлэлцүүлгийн явцад төсөл дэх зохицуулалтыг сайжруулах шаардлагатай гэдэг байр суурь илэрхийлсэн. Жагсаал, цуглааныг албадан тараах эрхийг Засаг даргын Тамгын газрын даргад шилжүүлж байгаа шалтгааны талаарх Х.Баасанжаргал гишүүний асуултад “Одоо мөрдөгдөж буй хуулиар Засаг дарга жагсаал, цуглааныг албадан тараах шийдвэрийг гаргах зохицуулалттай. Гэхдээ Засаг дарга нь эрх баригч улс төрийн хүчнээс томилогдсон улс төрийн албан тушаалтан байдаг. Тамгын газрын дарга нь тухайн шатны үйл ажиллагааг хамгийн сайн мэдэх, улс төрийн албан тушаалтантай ойр байдаг, төрийн жинхэнэ албан тушаалтан юм. Иймээс улс төрөөс хамааралгүй, гаргасан шийдвэртээ бүрэн хариуцлага хүлээх албан тушаалтан гэж үзсэн” гэдэг хариултыг салбарын сайд өгсөн. “Хууль бус жагсаал, цуглаан” гэдэг нэр томьёоны талаарх асуултад нь дараах хариултыг өгсөн. Төслийн 4.1.4-т “хууль бус жагсаал, цуглаан” гэж энэ хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчиж зохион байгуулагдаж байгаа, эсхүл хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, эд хөрөнгөд эрсдэл учруулахуйц, хүч хэрэглэсэн байдлаар зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглааныг ойлгоно хэмээн тусгасан. Өөрөөр хэлбэл, хориглосон газар, хориглосон цаг хугацаа, хориглосон агуулгаар жагсаал, цуглаан хийсэн тохиолдолд албадан тараахтай холбоотой зохицуулалт хэрэгжихээр төсөлд тусгасан гэв.
Жагсаал, цуглааны бүртгэлтэй холбоотой төсөл дэх зохицуулалтын талаар Ц.Сандаг-Очир гишүүн лавласан. Мөн мэдэгдэл өгсөн этгээд нь тухай жагсаал, цуглааныг зохион байгуулагч гэж ойлгож болох эсэх түүний асуултад “Төслийн 8 дугаар зүйлд жагсаал, цуглаан зохион байгуулах, мэдэгдэх үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг тусгасан. Аливаа жагсаал, цуглааныг зохион байгуулахдаа 48 цагаас доошгүй хугацааны өмнө нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бичгээр, эсхүл цахимаар жагсаал, цуглааны зорилго; эхлэх, дуусах хугацаа; оролцогчдын тоо; хэрэглэх эд зүйл; цуглах, жагсан явах гудамж, чиглэл, байршил; зохион байгуулагчийн нэр, хаяг, харилцах утасны дугаар бүхий мэдэгдлийг хүргүүлнэ. Хариу өгсөн эсэхээс үл шалтгаалан жагсаал, цуглаанаа хийх эрхтэй болж байгаа юм. Жагсаал, цуглааны талаарх мэдэгдлийг хүргүүлсэн этгээдийг зохион байгуулагч гэж тооцно хэмээн төсөлд тусгасан” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуллаа. Түүнчлэн цагдаагийн үйл ажиллагаанд тулгардаг бэрхшээл, тодорхойгүй байдлыг шийдвэрлэх зохицуулалтуудыг төсөлд тусгаснаа тэрбээр тайлбарласан. Аливаа жагсаал, цуглаан нь явцдаа өөрчлөгдөөд дайныг сурталчлах, салан тусгаарлах, ялгаварлан гадуурхах, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах; үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох тохиолдолд албадан тараах нь зүйтэй хэмээн үзсэн гэв. Ийм тохиолдолд тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга албадан тараах саналаа нийслэлийн нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, сумын нутаг дэвсгэр бол сумын Засаг даргын Тамгын газарт, хоёр ба түүнээс дээш сумын нутаг дэвсгэр дамнасан тохиолдолд аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхэд тухайн Тамгын газрын дарга шийдвэр гаргах юм байна.
“Аяндаа бий болсон жагсаал” гэдэг нэр томьёоны талаарх тодруулгад "Төслийн 4.1.7-д “аяндаа үүссэн жагсаал, цуглаан” гэж хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага тодорхой үйл явдалд хариу үзүүлэх зорилгоор тухайн үйл явдал болсон даруй хуран цуглаж үзэл бодлоо илэрхийлж байгаа үйл ажиллагааг ойлгоно” гэсэн хариултыг ажлын хэсгээс өгөв.
Жагсаал, цуглааны явцад хохирсон иргэн, алба хаагчийн асуудлыг хэрхэн зохицуулах тухай асуусан гишүүдийн асуултад ажлын хэсгээс хариулахдаа тохиолдол бүр холбогдох хуулиараа буюу амь нас, эрүүл мэндээрээ хохирсон, бусдад энэ төрлийн хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулиар, бусдын эрх, эрх чөлөөнд халдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх болно гэлээ.
Жагсаал, цуглааны зорилгыг өөрчлөх үйл явц болон төлбөртэй жагсаал, цуглааны талаарх зохицуулалтын талаар О.Номинчимэг гишүүн, жагсаал, цуглаан зохион байгуулагчдыг хуульчилсан БНСУ-ын туршлагыг судалж, нэвтрүүлэх боломжийн талаар Б.Энхбаяр гишүүн, Хүний эрхийн олон улсын индексийг тодорхойлох үзүүлэлтэд Монгол Улс дахь жагсаал, цуглааны нөхцөл, холбогдох эрхийн хэрэгжилт нь нөлөөлж буй эсэхэд дүн шинжилгээ хийх шаардлагын талаар С.Эрдэнэболд гишүүн, одоо хэрэгжиж буй хуульд огт байхгүй хориглох, хязгаарлах зохицуулалтуудыг төсөлд тусгаж байгаа нь ямар үр дагавартай талаар Д.Цогтбаатар гишүүн тус тус тодруулж, сайд болон ажлын хэсгээс хариулт авсан. Дараа нь гишүүд хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан дэмжиж буй эсэхээ хэлж, байр сууриа илэрхийллээ.
Байнгын хорооны хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 12 гишүүний 75 хувь нь дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дайны байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр санал хураалт явуулахад өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.
Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.
АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.
Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.
Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Дэлхий нийтээр..
Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв
Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.
Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.
Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.
Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.
Дэлхий нийтээр..
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
-
Дэлхий нийтээр..2024/01/15
Алслагдсан гурван дүүрэгт 200 тн хорголжин тэжээл, 100 тн хивэг олгоно
-
Үйл явдал2022/04/01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2022/12/20
Хилийн бүс нутгуудад самар олборлож байгаа иргэдийг уулнаас буулгах арга хэмжээг...
-
Тод зураг2020/02/27
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
