Дэлхий нийтээр..
Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг баталлаа
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2025 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар тус Байнгын хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Г.Хосбаяр нар нэмэгдсэн юм. Тус Байнгын хороо үргэлжлүүлэн Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас Боловсролын сайдад тавьсан асуултын хариуг хэлэлцэв. Боловсролын сайд П.Наранбаяр асуултын дагуу мэдээлэл хийв.
Тэрбээр, эхлээд Боловсролын зээлийн сангаас хэрэгжүүлж буй Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг болон бусад хөтөлбөрүүдийн 2024 оны хэрэгжилт, тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан болон хамрагдсан суралцагчдын зүгээс тэтгэлэгтэй холбоотой ямар асуудлаар санал, гомдол, хүсэлт гаргадаг, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилийн сонгон шалгаруулалттай холбоотой Боловсролын яаманд давхардсан тоогоор 15 өргөдөл ирсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолд тодорхой тусгаж өгсөн, Боловсролын яамны харьяа байгууллагуудын системээр дамжуулан мэдээллийг солилцож, тухайн баазад суурилан сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг гэлээ. Мөн Боловролын зээлийн сангийн эргэн төлөлтийн явц болон эргэн төлөлтийг сайжруулах хүрээнд хийгдэж буй ажил, төлөвлөгөө, хөндлөнгийн хуулийн байгууллагатай хамтран ажиллаж буй ажлын явцын талаарх мэдээллийг танилцуулсан.
Тэрбээр, Боловсролын зээлийн сангийн зээлийн эргэн төлөлт 2024 онд 14.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 15 хувиар өссөн. Зээлийн эргэн төлөлтийг хөтөлбөр тус бүрээр авч үзвэл хөнгөлөлттэй зээл 363.18 сая төгрөг буюу өнгөрсөн оноос 52 хувь, оюутны хөгжлийн зээл 11.5 сая төгрөг буюу өнгөрсөн оноос 46 хувиар тус тус өссөн бол гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын зээл 2.4 тэрбум төгрөг төлөгдөж өнгөрсөн оноос 43 хувиар буурсан. Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах зорилгоор 2024 оны 11 дүгээр сараас эхлэн оюутны хөгжлийн зээл, хөнгөлөлттэй зээл болон дэлхийн шилдэг их дээд сургуульд зээлээр суралцсан иргэдэд зориулан цахим системээр дамжуулан “зээлийн мэдээлэл” хүргэх үйлчилгээг нэвтрүүлсэн. Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад “Хөнгөлөлттэй зээл”- ийг 1992-2016 онд олгосон бөгөөд Засгийн газрын 2004 оны 22 дугаар тогтоолоор 1992-2004 онд суралцагчдын зээлийг бүрэн чөлөөлсөн, Засгийн газрын 2008 оны 178 дугаар тогтоолоор “голч дүн 2.8, эзэмшсэн мэргэжлээрээ 2 болон түүнээс дээш жил ажилласан” шалгуурыг хангасан төгсөгчдийг зээлээс чөлөөлж байна. Одоогоор Боловсролын зээлийн санд 2004-2016 онд хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн нийт 12799 зээлдэгчийн 14.1 тэрбум төгрөгийн зээл бүртгэлтэй байна. Зээлийн эргзн төлөлтийг сайжруулах хүрээнд 7 аймаг, 2 дүүргийн прокурорын байгууллагуудтай хамтран ажиллаж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Оюутны хөгжлийн зээл нь 2016 оноос эхэлсэн бөгөөд зээлийн эргэн төлөлтийг сайжруулах зорилгоор е-mongolia цахим системээр дамжуулан “зээлийн эргэн төлөлтийн график”-ийг 2025 оны 2 дугаар сараас эхлэн зээлдэгчид хүргэх бэлтгэл ажил хангагдсан. Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагыг 1997 оноос хойш суралцаж төгссөн бүх төгсөгчдийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг үүсгэж, Монголбанк руу “зээлдэгчийн зээлийн мэдээлэл”-ийг нийлүүлэх бэлтгэл ажил хангагдаж байна гэлээ.
Мөн дэлхийн шилдэг их сургуульд суралцсан (2010-2020) иргэдийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах зорилгоор е-mongolia цахим системээр дамжуулан зээлийн мэдээллийг 2024 оны 11 дүгээр сараас хүргэж, мэдээллээр хангасан. Зээлийн сангийн хуримтлагдсан авлагыг барагдуулах чиглэлээр олон улсын сайн туршлага судлах, хамтран ажиллах хуулийн фирмийг сонгон шалгаруулах зэрэг ажлыг төлөвлөж байна гэв. Дараагийн асуулт болох 2025 оны Төсвийн тухай хуулиар Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийг хэрхэн бүрдүүлэх талаарх асуултад сайд хариулахдаа, сангийн санхүүжилтэд 158.4 тэрбум төгрөгийн төсөв батлагдсанаас улсын төсвөөс 124.4 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 33.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор байна. Уг санхүүжилтийг хэрхэн бүрдүүлэх талаар гэрээний биелэлтийг дүгнэх, биелэлтэд хяналт тавих, гэрээний үүргийн биелэлттэй холбогдуулан өр, авлагыг барагдуулах зорилгоор хуулийн фирмтэй хамтран ажиллана. Мөн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах хүрээнд хууль, шүүхийн байгууллагатай хандан 2025 онд нийт 30.0 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг төлүүлэх зорилт тавин ажиллаж байна гэв.
Мөн УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, төрийн албан хаагчийг захиалгаар суралцуулж, чадавхжуулах бодлогын хэрэгжилт, нэн хэрэгцээтэй байгаа багш болон эрэлттэй бусад мэргэжлээр суралцагчдыг дэмжих хүрээнд Боловсролын зээлийн сангаас 2024 онд зарцуулсан төсөв болон тус сангийн санхүүжилтэд хамрагдахад баримталж буй бодлого болон зээлийн сангийн сонгон шалгаруулалтын явцыг цахимжуулах үйл ажиллагааны хэрэгжилт ямар байгаа талаар асуужээ. Дээрх асуултад сайд П.Наранбаяр хариулахдаа, багш мэргэжлээр суралцагчдыг дэмжих хүрээнд 2024 онд 4728 суралцагчид 9.6 тэрбум төгрөг, багш ажилтны хүүхдийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт 2.0 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон. Дотоодын сургалтын байгууллагад эрэлттэй болон тэргүүлэх мэргэжпээр суралцагчдыг дэмжих зорилгоор 5208 суралцагчид 10.6 тэрбум төгрөгийн зээл, тэтгэлэг олгосон. Элсэлтийн шалгалтыг 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн жилд хоёр удаа зохион байгуулж, 2025-2026 оны хичээлийн жилд босго оноог 490, орон нутгийн сургуулийн босго оноог 430 болгож 10 оноогоор нэмэгдүүлэв. Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагч ажиллангаа сурах, суралцангаа ажиллах боломжийг бүрдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэв. Боловсролын сайд П.Наранбаярын хариулттай холбогдуулан Байнгын хорооны гишүүд зарим зүйлийг тодруулан асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, боловсролын салбарт 15 жил тасралтгүй ажилласан бол нэг хүүхдийг нь төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургана гэсэн заалтыг эргэж харах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, 15 жил тасралтгүй гэх хатуу заалтыг өөрчлөх эсэх талаар асуусан. Боловсролын сайд П.Наранбаяр, энэхүү заалтад уян хатан хандаж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр асуудлыг шийдэж болохоор зохицуулалт хийхээр төлөвлөж байна гэв.
Түүний дараа Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэв. Тус санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал танилцууллаа. Тэрбээр, ажлын хэсгийн хүрээнд Боловсролын зээлийн сангийн холбогдох журам ба бусад хөгжиж буй оронд хэрэгжиж буй ижил төстэй журмуудын бодлого, хэрэгжилтийн талаарх харьцуулсан судалгаа, мэдээллийг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээр холбогдох судалгааг хийлгэсэн. Түүнчлэн их, дээд сургуулийн оюутан, залуучууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг, эх, асран хамгаалагч зэрэг нийт 9000 гаруй төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг хийж, санал бодлыг нь сонссон гээд гол саналуудыг боловсруулан танилцуулж байна гэв. Тухайлбал, гадаадын сургалтын байгууллагад суралцагч нь сургуулиа төгсөөд, эх орондоо эргэж ирэхээс өмнө тухайн орон, олон улсын байгууллагад мэргэжлээрээ тодорхой хугацаанд туршлага хуримтлуулан ажиллахыг дэмжиж, нэмэлт гэрээ хийх зэрэг уян хатан зохицуулалтыг тусгах, Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадын сургалтын байгууллагад суралцан төгсөгчид эх орондоо эргэн ирэх нөхцөл шаардлагыг эхнээс нь гэрээнд тусгаж, тэтгэлгээр гадаадад сурсан суралцагч нь эх орондоо эргэн ирэхгүй, гэрээг зөрчсөн тохиолдолд тэтгэлгийг зээлийн хэлбэрт шилжүүлэх зэрэг эргэн төлүүлэх хариуцлагын оновчтой механизмыг журамд тусгах, дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтооход олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings" болон "Academic Ranking of World Universities" гэсэн 2 зэрэглэлийг баримталдаг байсныг хоёрдмол агуулгагүй болгож, цаашид ойлгомжтой, оновчтой болгох үүднээс зөвхөн 1 шалгуур ("Times Higher Education World University Rankings")-ыг ашиглах зэрэг 18 багц саналыг танилцууллаа.
Мөн тэрбээр, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг шинэчлэх нь зөвхөн ил тод, нээлттэй байдлыг хангах төдийгүй, шударга, тэгш хүртээмжтэй байх зарчмыг дагаж, улс орны хөгжилд чиглэсэн боловсон хүчин бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Шинэчлэл нь эргэн төлөлтийн хяналтыг сайжруулж, стратегийн бодлоготой уялдуулан, боловсролын санхүүжилтийн тогтолцоог илүү үр дүнтэй, зөв менежменттэй болгох хэрэгжүүлэх нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх тул дээрх бодлогын өөрчлөлтүүдийг тусгах нь зүйтэй гэж үзэж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны шинэчлэл, сайжруулалтуудыг тусгасан журмын төслийг боловсруулан, 2025 оноос эхлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв. Ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
Байнгын хорооны хуралдаан үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Тус тогтоолын төсөлд Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журмыг боловсронгуй болгох ажлын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан байна.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, гадаадын сургалтын байгууллагад суралцагчдыг сургуулиа төгсөж, эх орондоо ирэхээс өмнө мэргэжлээрээ тухайн орон, олон улсын байгууллагад туршлага хуримтлуулах зорилгоор тодорхой хугацаанд ажиллахыг дэмжсэн зохицуулалтын талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн. Оюутан суралцах хугацаандаа ажиллах боломж буй эсэх талаар асуухад ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал, гадаадад суралцаад төгссөний дараа тухайн орон улс орондоо суралцахыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн гэв. Мөн УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Г.Хосбаяр нар тогтоолын төсөлд санал оруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.Энэхүү тогтоолын биелэлтийг намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд танилцуулахыг үүрэг болгожээ. Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар тус тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Хэн юу хэлэв...2020/03/18
Мэндчилгээ
-
Дэлхий нийтээр..2023/08/17
Хууль эрх зүйн орчин шинэчлэгдэх хүртэл Улаанбаатар хотод газар эзэмшүүлэх, ашиг...
-
Дэлхий нийтээр..2025/08/04
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
-
Дэлхий нийтээр..2023/12/12
“Инновэйшн Инвестмент” ХХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилж...
