Үйл явдал
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 26-ны өдөр Төв аймаг, Хэнтийн өмнөд, Сүхбаатар, Дундговийн хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар цасан шуурга шуурна. Өмнөговийн нутаг, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 26-ны өдөр нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2025 оны гуравдугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг,төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 11-16 хэм, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
2025 оны гуравдугаар сарын 27-ноос 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27, 28-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 30-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 27, 29-нд говь, талын нутгаар, 28-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 11-16 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 28-наас нутгийн баруун өмнөд хэсгээр өдөртөө дулаарна.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


