Дэлхий нийтээр..
Хархорум нь ухаалаг төлөвлөлттэй, улсын зэрэглэлтэй хот байх эрх зүйн үндсийг тогтоов
Засгийн газраас Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хууль болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжийг эцэслэн баталлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” 230 дугаар зарлиг гарган Орхоны хөндийд Монголын эзэнт гүрний нийслэлийг байгуулж байсан түүхийн улбааг өртөөлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах болон төрт ёсныхоо үнэт өвийг бэхжүүлэх, түүх соёлоо сэргээх үүднээс Хархорум хотыг байгуулах асуудлаар холбогдох судалгааг хийж, төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн.
Улсын Их Хурал “Орхоны хөндийд “Хархорум” хот байгуулах тухай” 2023 оны 7 дугаар тогтоолыг баталж, “Хот байгуулах тухай” 2024 оны 72 дугаар тогтоолоор “Хархорум” хотыг улсын зэрэглэлтэй хот байхаар тогтоосон.
Засгийн газар Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжихтэй холбогдох тусгайлсан хууль шаардлагатай гэж үзэж уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн зорилт нь түүхэн нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулж, монгол үндэстний түүх, язгуур өв, нүүдлийн соёл иргэншлийг хамгаалах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй, хүний ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн хотыг төлөвлөх, бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжих, эрх зүйн үндсийг тогтооход оршино.
Хууль батлагдсанаар Хархорум хотыг төлөвлөх, бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжихэд баримтлах зарчим, хот төлөвлөлтөд тавигдах шаардлагыг тодорхойлж, Хот байгуулалтын тухай хуульд зааснаас гадна баримтлах хот төлөвлөлтийн баримт бичгийн төрөл, бүсчлэлийг тодорхой тусгасан болно.
Хархорум хотын газар зохион байгуулалтын хувьд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл, бүсчлэл, хотын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй нийцүүлэн газрыг ашиглах эрхийг хотын Захирагч олгохоор тусгасан.
Тус хот нь Архангай, Өвөрхангай аймгийн 3 сумын нутаг дэвсгэрийг хамарсан эдэлбэр газартай байхаар тогтоосон бөгөөд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Зөвлөл, Захирагчийг оршин суугчдаас сонгох хүртэл Засгийн газраас томилсон хотын Зөвлөл, хотын Захирагч ажиллахаар тусгасан.
Хотын Зөвлөл нь Засгийн газрын санал болгосон гурван төлөөлөл, Засгийн газраас томилсон хотын Захирагч, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас санал болгосон гурван төлөөлөл, хот байршиж байгаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар, барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосон мэргэжлийн холбоодын хоёр төлөөллийг багтаасан 11 гишүүнтэй байна. Хотын Захирагчийг Засгийн газар томилж, чөлөөлнө.
Хотын эдийн засгийн үндэс, өмч, төсөв татварын харилцааг хуульд тусгаснаас гадна Хархорум хот нь хот хөгжүүлэх сантай байх бөгөөд сангийн эх үүсвэрийг нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх, түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, цэцэрлэгт хүрээлэн, тохижилт, ногоон байгууламжийн зориулалтаар зарцуулахаар тусгасан. Хотын хөрөнгө оруулалт, түүний тогтвортой байдлыг хангахтай холбогдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан шалгуурыг хангасан тохиолдолд тогтворжуулах гэрчилгээг олгох хугацаа, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулалт хийж дуусах хугацааг тусгайлан заасан болно.
Хотын байнгын оршин суугчийн тоо 10000 хүрснээр хотын Зөвлөл, Захирагчийн сонгуулийг зохион байгуулах бөгөөд энэ нөхцөл бүрдэх хүртэл Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр үйлчилнэ.
Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуультай хамт Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталсан бөгөөд Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд туссан техник, эдийн засгийн үндэслэл бүхий барилгажилтын төслийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах барилгын материал, тоног төхөөрөмжийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 4 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Хархорум хотын зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар гаргаж болохоор тусгасан болно.
Түүнчлэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль, ““Хархорум” хотын эдэлбэр газрын хил заагийг батлах тухай”, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол болон Улсын Их Хурлын зарим тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тогтоолыг баталсан болно.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Үйл явдал2023/05/09
Өнөөдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
Дэлхий нийтээр..2024/11/15
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон ...
-
Үйл явдал2021/10/04
Нийслэлийн ИТХ, Хурлын Ажлын алба “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдлээ
-
Үйл явдал2019/07/23
“Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” IV форум болж бай...
