Дэлхий нийтээр..
Улсын хэмжээнд 7814 шинэ хоршоо байгуулагдаж, 77.233 малчин хоршоонд гишүүнээр элсчээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар Увс аймгийн Улаангом хотод ажиллах үеэрээ шүүх, хуулийн байгууллагын алба хаагчид, Монголын хуульчдын холбооны салбар зөвлөлийн хамт олонтой уулзлаа. Уг уулзалтаар Шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилт, шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга нийгмийн харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг иргэндээ ээлтэй, эрхийг нь хангасан байхад чиглүүлэх зорилгоор эрх зүйн цогц шинэчлэл эхлүүлснийг тодотгов. Энэ хүрээнд хуулийн хэрэглээг гажуудуулж буй журмуудыг цөөлж, ялгаварлан гадуурхалт, шударга бус байдлыг арилгаж, хуулийн өмнө хүн бүр ижил тэгш эрхтэй байх энэ цагийн үзэл баримтлалыг төлөвшүүлэх нь чухал гэлээ. Түүнчлэн УИХ-аас шүүхийн бааз суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарна гэж мэдэгдэв.
Уулзалтын үеэр шүүхээр хэрэг, маргааныг хуулийн хугацаанд нь шийдвэрлэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтын талаар харилцан санал солилцсон юм. Алба хаагчдын зүгээс шүүх эрх мэдлийн системийн өөрчлөлтийг боловсон хүчний нөөцөөс нь эхлээд цогцоор нь авч үзэх шаардлагатайг хэлж байв.
Увс аймагт гурван шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэлдэхүүн дутуу ажиллаж байгаагийн улмаас шүүгчийн ачаалал ихсэх, хэрэг маргаанаа түргэн хугацаанд шийдвэрлэж чадахгүй байх зэрэг хүндрэлүүд үүсэж байгааг дурдаж байлаа.
Үүний дараа УИХ-ын дарга Улаангом хотноо 400 гаруй малчдын төлөөлөл чуулсан “Хоршоологчдын зөвлөгөөн”-д оролцсон юм. Уг зөвлөгөөнөөр “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, үр дүн, тулгамдаж буй асуудлаас гадна зээл олголт, эргэн төлөлтийн талаарх мэдээлэл болон хоршооны сайн засаглалын хэлбэр, гадаад орнуудын жишиг туршлагуудыг танилцуулсан юм.
Сүүлийн 8 сарын хугацаанд улсын хэмжээнд 7814 шинэ хоршоо байгуулагдаж, 77,233 малчид хоршоонд гишүүнээр элсчээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, цаг үеийн хэрэгцээ шаардлагаас улбаалан өрнөсөн “Шинэ хоршоо” хөдөлгөөн үр дүнгээ өгч эхэлснийг тодотгоод, цаашид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар 5 га хүртэлх газар эзэмших ажлыг эрчимжүүлэхтэй зэрэгцэн ногоон тэжээл тариалах зорилгоор газар эзэмших боломжоор хангахад анхаарна гэлээ.
Түүнчлэн анхан шатны хоршоод нэгдэн дундын хоршооны зохион байгуулалтад орж жишиг хуулийн этгээд болоход дэмжлэг үзүүлж, хоршооноос гарч байгаа бүтээгдэхүүнүүдэд стандарт нэвтрүүлэх талаар зөвлөгөөнд оролцогчид хэлэлцсэн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2024/09/02
ЗГ: Б.Солонгоог ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томиллоо
-
Үйл явдал2022/02/01
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
-
Дэлхий нийтээр..2020/08/25
“1000 инженер” төслийн бакалаврын хамтарсан хөтөлбөрийн анхны төгсөг...
-
Хэн юу хэлэв...2024/03/12
“Дэлхийн Монгол Аавууд” хүндэтгэлийн цэнгүүнд урьж байна
