Дэлхий нийтээр..
Сумын эрүүл мэндийн төвүүдийн чадамж сайжирчээ
Дэлхийн банкны санхүүжилттэй ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл” нь 2020-2025 онд хэрэгжиж өнөөдөр хаалтын тайлангийн хурлаа хийж байна.
Энэхүү төслийн нийт санхүүжилт нь 75.7 сая ам. доллар бөгөөд эрүүл мэндийн анхан шатны нэгж болох сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тухайлбал 75 сумын эрүүл мэндийн төвийг түргэн тусламжийн шинэ автомашинаар, 294 сумын эрүүл мэндийн төвийг хог хаягдлын автоклаваар хангасан. Мөн ХӨСҮТ-ийн орчин үеийн шаардлага хангасан, иж бүрэн хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжтэй, вакцин, био-бэлдмэлийн үндэсний төв агуулах, 205 амьсгалын аппарат, 4 иж бүрдэл компьютерт томографын аппарат, 37 ширхэг зөөврийн ЭХО аппарат, 15 ширхэг рентен аппарат зэрэг болно.
Тус төслийн нийт санхүүжилтийн 50 хувийг КОВИД-19-ийн эсрэг вакцин худалдан авахад, 40 орчим хувийг эрүүл мэндийн салбарын чадавхийг бэхжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийхэд, үлдсэн хэсгийг ирээдүйд гарч болох цар тахлын урьдчилан сэргийлэлт, хяналт, эрсдэлийн үеийн үед мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд зарцуулсан байна.
Тайлангийн хурлын үеэр эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Цар тахлын онцгой хүнд нөхцөлд, цаг алдалгүй шуурхай шийдвэр гарган хамтран ажиллаж, КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд тус төсөл нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой төсөл болсонд Дэлхийн банкны хамт олонд Эрүүл мэндийн сайдын зүгээс болон эрүүл мэндийн салбарын нэрийн өмнөөс гүн талархал дэвшүүллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2023/08/04
Үйлдвэрийн гудамж, Гачуурт-Шархад чиглэлийн замын ажил 50 гаруй хувьтай байна
-
Тод зураг2019/10/09
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Тод зураг2020/03/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
-
Дэлхий нийтээр..2022/09/05
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммас...
